
Г.ГАНЧИМЭГ
“Мандал ассет менежмент” компанийн захирал, Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаатай ярилцлаа.
-Даатгалын компаниуд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулна гэдэг нь манай улсын хувьд шинэ хөгжлийн чиг хандлага. Тиймээс цаашид яах вэ гэдгийг илүү ярих ёстой болов уу. Танай компанийн хувьд харьцангуй судалгаа, шинжилгээг сайн хийдэг юм билээ?
-Манайх даатгал, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн компани учраас эрсдэлээ зөв тооцоолохын тулд судалгаа хийдэг. Дүн шинжилгээ, боловсруулалтаа буруу хийвэл шууд манай бизнест сөрөг нөлөө үзүүлэх учраас илүү чанартай хийхийг хичээдэг. Үүн дээр л гол ялгаа нь байдаг болов уу. Бид санхүүгийн зах зээлийн хөгжил гэдгийг сүүлийн үед нэлээд ярьж байгаа. Өнөөдөр манай улсад банкны салбар үүсч хөгжөөд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн зах зээл зэрэг нь харьцангуй хөгжлийн шинэ гараан дээр явж байгаа юм. Тиймээс даатгалын компани, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ч гэсэн чадавхижих хэрэгтэй. Үүнийг бодлогоор дэмжиж, хийх ажлууд бас бий. Мөн санхүүгийн зах зээлийн нийтлэг нэг асуудал нь хэрэглэгчийн боловсрол орхигдож байгаа нь юм. Өнөөдөр бид эрүүл мэнд, тэтгэвэр, зам тээвэр, хөрөнгө, мэргэжлийн хариуцлагын гээд янз бүрийн даатгал төлөөд явдаг. Гэтэл хариуд нь юу авч байна вэ гэдгээ мэддэггүй. Тиймээс гэрээ байгуулахдаа би яг ямар эрсдэлийг шилжүүлж байгаа юм бэ. Үүнийхээ төлөө юу төлөв. Даатгагч нь юу авав гэдгийг маш сайн мэдэх ёстой. Энэ чиглэлээр буюу хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хэмжээний кампанит ажил зохион байгуулах ёстой гэж би хувьдаа үздэг.
-Тэтгэврийн дансанд мөнгө нь байршдаггүй юм биш үү?
-Улсын тогтолцоо арай өөр л дөө. Манай улсад одоо ажиллаж байгаа хүмүүсээсээ мөнгө хураагаад тэтгэврийн хүмүүстээ дамжуулаад өгчихдөг. Энэ нь улсын тэтгэврийн тухайд байж болох нэг хувилбар юм. Гэхдээ энэ нь хэтдээ нэлээд олон хүндрэлтэй тулна. Яагаад гэвэл, настайчуудын тоо нэмэгдэж байна. Ирээдүйд насжилт уртсаад тэтгэвэрт гарах хүмүүсийн тоо нэмэгдээд ирэхээр дөрвөн хүн тэтгэврийн нэг хүнийг тэжээдэг байсан бол эсрэг хамааралтай болох жишээтэй. Өөрөөр хэлбэл, ажил хийж байгаа нэг хүн гурван тэтгэврийн хүнийг тэжээнэ гэсэн үг. Энэ нь зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд томоохон асуудал болж байгаа. Үүнийг шийдвэрлэж байгаа гол арга хэрэгсэл нь нэмэлт тогтолцоог бүрдүүлэх юм. Тэр нь та өнөөдөр тэтгэврийн санд мөнгө төлвөл таны мөнгийг өөр хэнд ч өгөхгүй. Харин хөрөнгө оруулалт хийж, өсгөж арвижуулсаар байгаад таныг тэтгэвэрт гарахад зөвхөн өөрт чинь л өгнө гэдэг зарчим юм. Тиймээс Монгол Улс энэхүү хоёр дахь тогтолцоог нэвтрүүлэхийг яаравчлах хэрэгтэй. Эхний тогтолцооны хувьд манай улсад социализмийн үеэс уламжлагдаад ирчихсэн. Тиймээс үүнийг өөрчлөх бэрхшээлтэй. Хүн тэтгэвэрт гараад цайны сүүгүй суухгүйн тулд л энэхүү анхан шатны нийгмийн хамгаалал байж байдаг. Харин ирээдүйн настай иргэд амьжиргааныхаа гол эх үүсвэрийг хувийн сангуудаас л бүрдүүлнэ.
-Даатгалтай иргэд эдийн засгийн хямралын үед ч янз бүрийн савалгаанд өртөж хохирохгүй гэсэн итгэлээр эрсдэлээ бусдад үүрүүлчихэж байна. Гэтэл даатгалын компаниудын эрсдэлийг хэн дааж байна вэ?
-Даатгалын компани авч байгаа эрсдэл болгон дээрээ нөөцийн сан бүрдүүлдэг. Гэхдээ 100 даатгал бичлээ гэхэд бүгдээрэнд нь нөхөн төлбөр гарахгүй шүү дээ. Үүнээс гадна тухайн компани өөртөө авч чадахгүй эрсдэлийг шууд давхар даатгал руу шилжүүлдэг. Давхар даатгалыг дандаа олон улсын хэмжээнд өндөр зэрэглэлээр үнэлэгдчихсэн компаниуд хийдэг юм.
-Танайх ЭЗЭН-100 хөтөлбөрт хамрагдсан компаниудын нэг. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлсэн болов уу?
-Даатгалын холбооноос хэд хэдэн асуудлыг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, мэргэжлийн хариуцлагын даатгалыг хуульчилмаар байна. Мөн Монголд төлөгдөөд явах ёстой даатгалыг гадаадын компаниуд тусгай зөвшөөрөл аваагүй хэр нь манай улсад шууд орж ирээд хийчихэж байна. Гэтэл Монголд тусгай зөвшөөрөл авсан компаниар даатгалаа хийлгэнэ гэсэн хууль, эрх зүйн орчинтой. Энэ нь гүйцэт хэрэгжихгүй байна. Тиймээс үүн дээр бас тодорхой зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, даатгалын компаниудын актив буюу нөөц сангаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Энэхүү хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээлд оруулах боломжийг илүү чөлөөтэй болгох талаар ярилцаж байгаа.
-ЭЗЭН-100 хөтөлбөрийн сүүлийн хурлаар гэхэд л “Өвлийн хүлэмж”-ийн төслийн талаар ярьсан. Гэтэл хүмүүс ногоо тарьснаараа 100 хоногт эдийн засаг сэргэх юм уу. Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөр учраас нэлээд бодлогын чанартай байх ёстой байтал сүүлдээ энэ мэтчилэнгээр жонхуураад эхэллээ гэдэг шүүмжлэл бас байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монголын эдийн засаг хүндрэлтэй байгаа. Өвчний оношлогоо нь манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хэт их хамааралтай байна гэдэг дүр зураг харагдаж байна. Үүнээс улбаалаад эдийн засагт учирч буй сөрөг тал нь ам.долларын ханш өсч байна, экспортын орлого буурсан, уул уурхайд орж ирдэг байсан гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон, үүнийг дагаад дэмжигдэж байсан Монгол компаниудын цар хүрээ нь бас хумигдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь гараад явчихаар эдийн засагт ийм асуудлууд үүсч, энэ нь инфляцид нөлөөлж, зөндөө олон хүндрэлийг бий болгож байгаа. Тэгвэл одоо яаж эмчлэх вэ гэвэл хоёр арга зам бий. Нэгдүгээрт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг орлуулах юу байж болох вэ гэдгийг анхааръя л гэж байгаа юм. Орлуулах гэдэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн үг. Үүн дотроо томоохон уул уурхайн компаниуд, цементийн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл зэргээр нэлээд олон бизнес бий. Мөн эдгээрийн дотор хүнсний аюулгүй байдал, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл зэрэг бизнес байж болно.
-Уул уурхай тэргүүлэгч салбар гээд баахан л явсан. Гэтэл одоо гадаадын хөрөнгө оруулалт зогсонгуут бүхий л зүйлийг гацаанд оруулчихлаа. Тэгвэл бид одоо уул уурхайгаас гадна хоёр дахь эдийн засгийн тэргүүлэгч салбараа гаргаж ирэх ёстой юм биш үү?
-Тийм ээ, бидэнд удаан хугацааны хөгжлийн төлөвлөгөө байх ёстой шүү дээ. Үүн дээр хоёр хувилбар байгаа. Нэг нь Урт хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулах горимын тухай хууль, нөгөө нь шууд урт хугацааныхаа төлөвлөгөөгөө баталчихъя гэдэг хувилбар юм. Ер нь бид юм хийсэн ч, хийгээгүй ч 100 хоног өнгөрдөгөөрөө л өнгөрнө. Гэтэл тодорхой гаргалгаа байвал аваад ир, боломжийнхоо хэрээр шийдвэр гаргая гээд нэг ч гэсэн асуудлыг шийдэж чадаж байгаа бол бидний хийж чадах ажил тэр. Салбараа хөгжүүлэхэд юу дутагдалтай байгаа, хаана ямар туршлагатайг судлаад хэлээд өгөх нь бидний үүрэг. Түүнээс биш УИХ, Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргах эрх бидэнд үгүй.
-Эрсдэлээ дааж чадахгүйгээс өнөөдөр эдийн засагт янз бүрийн асуудал үүсээд байна л даа. Ер нь хямралын үед яах ёстой юм бэ?
-Эдийн засгийн цикль доошилсон хэлбэртэй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг байнга л дээш, доош савлаж байдаг. Хэрэв уналт байгаа тохиолдолд нэг хэсэг нь шүүмжлээд, нөгөө хэсэг нь гомдоллоод нэмэргүй. Нөхцөл байдал ийм байхад бидний хамгийн оновчтой шийдвэр буюу бизнесийн арга барил нь юу байх вэ гэдэг дээр л дүгнэлт хийх ёстой. Манай групп компаниудын хувьд хямралтай холбоотойгоор нэг ч хүнийг ажлаас халаагүй. Харин энэ үед нь бүтээгдэхүүнээ илүү сайжруулъя, ажлынхаа бүтээмжийг илүү сайн болгоё, бид нэг бүтээгдэхүүн гаргадаг байсан бол гурван бүтээгдэхүүн гаргая, өмнө нь хүрч, хийж амжаагүй байсан зүйлүүдээ одоо нөхөөд хийчихье, үйл ажиллагааны хувьд заавал ашгийн төлөө бус үр ашгийг нэмэгдүүлэх, хэмнэлтийн горимыг сайжруулах талаар илүү анхаарч ажиллаж байгаа. Тиймээс энэ стратегийг бусад компани авч ашиглахад буруудахгүй. Яагаад гэвэл, нэгэнт алдчихсан зах зээл, зогсчихсон машиныг эргээд хөдөлгөхөд зөндөө хугацаа орно. Эдийн засаг эргээд сэргэхэд танай компани царцчихсан байвал бизнесээ дахин эхлүүлэхэд бүр илүү цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Тиймээс үүнийг компанийн удирдлага ч, ажилтнууд ч яг зөв ойлголцох хэрэгтэй. Өнөөдөр хямарлаа гээд ажилтнуудаа халаад явуулчих нь зөв юм уу. Эсвэл хүндрэлтэй байна, бид цалин нэмэхгүй, хамтдаа хямралыг даван туулъя гэдгээ зөвшилцөх нь зөв үү гэдгээ шийдэх ёстой. Харин хөрөнгө оруулалт талаасаа бүр эсрэгээр яг уналтын үед хамгийн ашигтай боломжууд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, зах зээл хамгийн доод цэгтээ тулчихсан байна. Ийм үед нь хөрөнгө оруулбал өсөлтийн үед илүү ашигтай зарна гэсэн үг.
-Тэгвэл өсөлтийн үед ашигтай байх хөрөнгө оруулалт нь юу вэ?
-Алт, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдаж авч болно. Одоо компаниудын бизнес царцсан байдалтай байна. Энэ хооронд өөр ямар шинэ боломжууд байна вэ гэдгийг судлаад үзэх хэрэгтэй. Тухайлбал, ТОП-20 хувьцааг ч авч болно шүү дээ. Өнөөдөр уналтын үед хямдхан байгаа ч эргээд эдийн засаг сэргэхэд ашгаа өгч эхэлнэ.
-Гэхдээ өнөөдөр хүмүүс хөрөнгийн зах зээлийг маш их шүүмжилж байгаа шүү дээ. Зах юм бол бараа байх ёстой. Гэтэл тэр нь байдаггүй. Тэгэхээр чинь хөрөнгийн зах зээл яаж хөгжих вэ?
-Наадах чинь өндөг, тахиа хоёр шиг юм болоод байгаа юм. Нэг талаас чанартай бараа байх ёстой. Нөгөөтэйгүүр, тэрхүү барааг худалдаж авах эрэлт байх ёстой. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд яасан бэ гэвэл хөрөнгийн зах зээл дээр иргэд цалингаасаа 20 мянган төгрөг барьж очоод хувьцаа авчих юм шиг ойлгож байсан. Гэтэл энэ нь өрөөсгөл шүү дээ. Яагаад гэвэл, илүү мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага болж хөгжих ёстой байсан юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан байгуулах хэрэгтэй. Олон хүмүүсийн 20 мянган төгрөгийг цуглуулаад хангалттай хэмжээний сан бүрдэнгүүт “Ийм хэмжээний мөнгө байна. Надад чанартай бүтээгдэхүүн өгөөч” гэвэл тэр нь гарч ирнэ. Ер нь эрэлт байхгүй цагт гоё бүтээгдэхүүн гаргаад яах юм бэ. Гэтэл мөнгө нь байвал чанартай бүтээгдэхүүн гарч ирэх магадлал нь өндөр шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дээр худалдан авагч талаа төлөөлсөн хөрөнгө, тэтгэвэр, даатгалын сангууд илүү хүчтэй болж байж илүү ашигтай, чанартай хувьцаанууд гарч ирнэ. Энэ бол харьцангуй хурдан процесс шүү дээ. Бид Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиа баталчихсан юм чинь одоо нэг зөв гольдрилдоо орно гэж хүлээж байна.