
Ч.ГАНТУЛГА
“Гэгээн алсын одод-2014” наадмын шилдэг оролцогч П.Номин-Эрдэнийг Баасан гаригийн зочноор урилаа. Түүнтэй хүүхдийн баяр, хүсэл мөрөөдөлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
-“Гэгээн алсын одод” наадмын шилдэг 20 оролцогчийн нэг болсонд тань баяр хүргэе. Бас хүүхдийн баярын мэнд?
-Баярлалаа. Үе тэнгийн найзууддаа болон, бяцхан дүү нартаа хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. “Гэгээн алсын одод” наадмын шилдэгт үлдсэндээ баяртай байна. Намайг дэмжсэн гэр бүлийнхэндээ болон найзууддаа “баярлалаа” гэж хэлье.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Пүрэвдаваагийн Номин-Эрдэнэ гэдэг. 13 настай, “Русская Гимназия” сургуулийн долдугаар ангийн сурагч. Ээж, аав, дүүтэйгээ амьдардаг.
-Өмнөх жилийн наадмуудад орос дуугаар оролцож байсан. Энэ жилийн хувьд илүү туршлагажсан харагдлаа?
-Би “Гэгээн алсын одод” наадамд гурав дахь удаагаа оролцож байна. Жилээс жилд өөрийгөө өөрчлөгдөж, туршлагажсан гэж бодож байгаа. Анх 2012 онд дандаа орос дуугаар оролцож, гуравдугаар шат хүртэл явсан. Харин дараагийн жил нь англи дуугаар оролцож, шилдэг 20 хүүхдийн нэг болсон.
-Харин энэ жилийн хувьд монгол дуугаар оролцлоо. Ямар байв?
-Эхний хоёр шатандаа монгол дуу дуулсан. Гуравдугаар шатандаа англи дуу дуулсан. Монгол хүүхэд учраас эх хэл дээрээ дуулахад харьцангуй амархан байлаа. Мөн өөрийнхөө хайрлаж, хүндэлж явдаг дуучдынхаа дууг дуулах сайхан боломж гарсан.
-Англи, Оросоор дуулахын аль нь илүү хэцүү вэ?
-Аль аль нь хэцүү. Гэхдээ би багаасаа хэл сурсан болохоор дуудлагын хувьд хүндрэл бараг гардаггүй.
-Дуучин Б.Маралжингоогийн “Хүлээсэн учрал” дууг дуулсан тань шүүгчид болон үзэгчдэд таалагдсан. Дууны сонголтоо яаж хийсэн бэ?
-Миний дууны сонголтод зөвлөдөг багш бий. Багш болон гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад сонголтоо хийдэг юм. Харин дуу бүхнээ чин сэтгэлээсээ мэдэрч, дуулахсан гэж хүсдэг. Ээж, багш хоёр ч тэгж зөвлөдөг. Өдрийн тодорхой хугацааг зөвхөн дуундаа зориулж байна. Өнөөдрийн гала тоглолтдоо дуучин Ч.Цэлмүүн эгчийн шинэ дууг дуулах гэж байгаа. Би Ч.Цэлмүүнийг “Universe best songs” наадмын гранприг авсан үеэс нь сонсож эхэлсэн. Бүх дууг нь мэддэг. Хоолой нь их хүчтэй санагддаг юм. Түүн шиг дуучин болмоор байна.
-Жаахан хүүхэд гэхэд дандаа өвөрмөц, чанга хоолойтой, залуу дуучдын дууг сонгох юм. Дуулахад хэцүү биш үү?
-Миний хоолойнд тохирдог юм. Өөрөө сонсох дуртай учир дуулахыг үргэлж хүсдэг байсан. Харин дуулалтын хувьд хэцүү санагддаггүй шүү. Амархан зүйл гэж байдаггүй болохоор анх дуулж сурахад жаахан хүндрэлтэй санагдсан. Гэхдээ заавал дуулж сурна гэсэн зорилго өөртөө тавьсан юм. Би зорилгодоо хүрч байгаа. Харин ирээдүйд улам ихийг сурахыг хүсч байна.
-Миний дүү хэдэн наснаасаа дуулж эхэлсэн бэ?
-Гурван настайдаа анх “Ботгоны дуу”-г дуулж байсан. Түүнээс хойш дуу, бүжгээ орхиогүй. Цаашдаа ч уран бүтээлч болох хүсэлтэй . Одооноос хичээж, дууныхаа бэлтгэлийг сайн хийж байгаа. “Гэгээн алсын одод” наадам жилээс жилд цар хүрээгээ тэлдэг. Гурван жил оролцохдоо шүүгчдээс зөвлөгөө авч, үе тэнгийн найз олонтой боллоо. Энэ үе эргээд бодоход хүүхэд насны минь гэгээн дурсамжийн нэг болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Шүүгч Б.Халиун чамайг Б.Маралжингоог дэндүү дуурайх гээд байна гэж шүүмжилж байсан. Тэр алдаагаа засч чадсан уу?
-Нэгдүгээр шатанд тийм шүүмжлэл авсан. Дуундаа хэтэрхий орчихсон учраас жаахан дуурайчихсан тал бий. Гэхдээ алдаагаа зассаар байгаа. Аль болох өөрийнхөөрөө дуулахыг хичээж байна. Манай багш дуучдыг хуулбарлаж, дуурайж болохгүй гэж захидаг. Хэрвээ хэн нэгнийг дуурайгаад дуулчихвал П.Номин-Эрдэнэ гэж дуулаад хэрэггүй гэж хэлдэг юм.
-“Камертон” хамтлагийн дууг харин өөрийнхөөрөө болгож өөрчилсөн чинь таалагдсан шүү?
-Эрэгтэй хүний дууг дуулах жаахан хэцүү байсан. Гэхдээ тухайн үед гурван шүүгч магтсан болохоор бүх айдсаа мартчихсан. Сараа шүүгч надад “Чи чаднаа” гэж хэлэхэд нь урам орсон. Мөн “18 нас” дууг өөрчилж, өөрийн болгож дуулахад тусалсан “Мотив” хамтлгийн Ганбаа ахдаа “баярлалаа” гэж хэлье.
-Ганбаа ахыг таньдаг юм уу?
-Надад тусалдаг юм. Гэхдээ хамаатан биш шүү. Зүгээр л танилцах боломж олдсон юм. Намайг тэмцээнд ороход тусалж, зөвлөгөө өгдөг, хамгийн сайн ах минь.
-Өнөөдөр гала тоглолт болно. Айж, сандарч байна уу?
-Миний энэ жилийн зорилго “Гэгээн алсын одод” наадмын шилдэг гурвын нэг болох. Цаашлаад түрүүлнэ гэсэн итгэл мэдээж байгаа. Шилдэгт үлдсэн 19 найз маань бүгдээрээ мундаг авьяастай хүүхдүүд. Тиймээс өрсөлдөөн ширүүн болох байх.
-Чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Бүжгийнхнийг сайн мэдэхгүй юм. Бэлтгэлийн үеэр бараг таардаггүй. Харин дууны хүүхдүүдээс морины тухай дуулдаг гурван хөвгүүн бий. Мөн А.Өлзийбуян, Г.Отгонбат гээд сайн дуулдаг хүүхдүүд байна. Харин охидуудаас гоцлол дуугаар Б.Сувд-Эрдэнэ гээд ганцхан охин үлдсэн. Ардын дуу дуулдаг юм билээ. Хоолойны цар хүрээ сайтай болохоор хүчтэй өрсөлдөгч болох байх.
-Хип хопоор үглэдэг Ц.Туулайхүү та хоёр хамтарч дуулвал их гоё юм шиг санагдсан. Чамд тийм санал тавьбал хүлээж авах уу?
-Энэ жилийн наадамд би болон Ц.Туулайхүү, тэгээд англиар дуулдаг нэг хөвгүүн бид гурав орчин үеийн поп дууны төрлөөр өрсөлдөж байгаа. Магадгүй хамт дуулвал илүү сонин байж болох юм. Би насанд хүрээд “Universe best songs” наадамд оролцоно гэж боддог байсан. Даан ч энэ жил сүүлийнх нь болоод дуусчихсан. Жаахан харамсалтай байгаа.
-Удахгүй хүүхдийн баяр болох нь. Яаж баярлах төлөвлөгөөтэй байна?
-Хэрвээ шилдэг болчихвол жинхэнэ тасархай баярлах байх. Бүх зүйлээс илүү тэр л хамгийн том бэлэг болно. Мөн зургадугаар сарын 1-нд манай дүүгийн төрсөн өдөр болдог юм. П.Хүсэл-Эрдэнэ гэдэг. Энэ жил есөн нас хүрч байгаа. Тэгэхээр баяр дээр баяр нэмэгдэнэ.
-Хүүхдүүд ээж, аавтайгаа гадуур гарах сонирхолтой байдаг юм билээ. Танай ээж, аав хоёр хүүхдээ яаж баярлуулдаг вэ?
-Манайхан гэр бүлийн хүрээндээ тэмдэглэдэг. Өдрийн цагаар хүүхдийн парк, кино театрууд дүүрэн байдаг учраас гэртээ байдаг. Ээж гарынхаа хоолоор дайлдаг юм. Харин орой гадуур гарч, зугаалдаг.
-Нөхөрлөл гэдгийг чи юу гэж ойлгодог вэ. Хамгийн сайн найз чинь хэн бэ?
-Ангиасаа Алтжин, Гэрэлчимэг гээд найзууд бий. Бид бие биедээ тусалж, үргэлж хамт байхыг хүсдэг. Манай ангийнхан их нийтэч. Хэзээ ч эрэгтэй, эмэгтэй гэж ялгардаггүй. Бүгдээрээ адилхан найзалдаг юм. Мөн байрны найзуудтай. Хичээлээ тарж ирээд тэдэнтэйгээ тоглодог.
-Ямар тоглоом тоглодог вэ?
-Охидууд нь ихэвчлэн сагс, чирта, дээс тоглодог. Мөн саравчинд юм ярьж суух дуртай. Хөвгүүдтэйгээ хөөцөлдөж тоглоно. Найзуудтайгаа байхад цаг хамгийн хурдан өнгөрдөг шүү. Харин ойрд тэмцээний бэлтгэлтэй болохоор тухтай уулзаж чадахгүй байна.
-Одоо удахгүй хичээл амрах нь. Шалгалтандаа бэлдэж байна уу?
-Би хичээлээсээ чөлөө авчихсан. Намайг зургадугаар сарын 1-нээс хойш шалгалтаа өгч болно гэсэн. Эхлээд шалгалтандаа бэлдэж байсан юм. Харин шилдэг 20-д үлдснээс хойш ээж чөлөө авахуулчихсан.
-Ангийнхныгаа санаж байна уу?
-Зөндөө санаж байна. Хурдхан л тэмцээнээ дуусгаад ангийнхантайгаа уулзмаар байх юм.
-Найзууд чинь чамайг зурагтаар хараад бахархаж байгаа байх даа?
-Манай ангийнхан утсаар надтай байнга холбогддог. “Би чамайг зурагтаар харлаа. Чи “Өглөө” хөтөлбөрт орж байна лээ” гээд л. Мөн үргэлж амжилт хүссэн мессеж илгээж байгаа. Найзуудынхаа итгэлийг алдахгүйг хичээнэ.
-П.Номин-Эрдэнэ найзуудаа яаж сонгодог вэ. Чиний найз болохын тулд ямар байх ёстой вэ?
-Хамгийн эхэнд шударга байгаасай гэж хүсдэг. Би нүүрэн дээр найз гэж гүйчихээд, араар муулдаг хүүхдүүдэд дургүй. Энэ хөөрхөн, тэр нь царай муутай гэж гадаад төрх, өмссөн хувцсаар нь нэгнийгээ хэмждэг охидод бүр дургүй. Тэгэхээр миний найзууд надад үнэнч, намайг гэсэн чин сэтгэлтэй байхад л хангалттай.
-Ийм хөөрхөн, мундаг охиныг төрүүлсэн аав, ээжтэй нь танилцмаар байна?
-Манай аавыг Смирновын Пүрэвдаваа гэдэг. Ээжийг Эрдэнээгийн Должинсүрэн гэдэг. Өвөө хувийн бизнес эрхэлдэг юм. Аав, ээж хоёр өвөөтэй хамт ажилладаг.
-Айлын том охин чинь мундаг ажилсаг байдаг шүү дээ. Чи ээждээ хэр тусалдаг вэ?
-Гарч тоглохоосоо өмнө гэрийнхээ бүх ажлыг амжуулчихдаг юм. Гэрээ цэвэрлэж, хоолоо хийдэг. Намайг будаатай хуурганы будааг гоё агшаадаг гэж ээж хэлдэг. Манай гэрийнхэн миний хийсэн будаатай хуурганд дуртай. Харин ээж тахиаг гоё чанадаг. Ойрд шөл нь ядаргаанд сайн гээд дандаа надад өгч байгаа.
-Аав, ээждээ хэр эрхэлдэг вэ?
-Анх дүүгээ төрчихсөн байхад эрхлээд байсан гэсэн. Харин нэг нас хүрснээс нь хойш эрхлэхээ больсон гэж ээж ярьж байсан. Хааяа эрхэлмээр санагддаг. Гэхдээ дураараа аашилж, хүссэн бүхнээ авахуулна гэдэггүй. Аав ээжийнхээ бололцоог хардаг. Дэлгүүрээр явж байхад ээжийнхээ үгэнд орохгүй, харсан бүхнээ авна гэж байгаа хүүхдүүд муухай харагддаг юм. Харин өвөө, эмээдээ бол сайн эрхэлдэг. Би багаасаа өвөөгийндөө өссөн юм.
-Эмээ, өвөө хоёр нь чамд юу гэж захидаг вэ?
-Эмээ өглөө бүхэн рашаан амсуулж, толгойд түрхэж өгдөг. Миний төлөө өдөр бүхэн бурхандаа залбирдаг. Харин өвөө минь сайн хүн болоорой, уян зөөлөн байгаарай гэж сургадаг юм. Би тэмцээнд оролцож, амжилт гаргах бүртээ эмээ, өвөө хоёрын минь залбирлын буян гэж боддог.
-Том болоод эмээ, өвөөгийнхөө ачийг яаж хариулах вэ?
-Хүслийг нь биелүүлж сайн дуучин болно гэж боддог. Мөн санааг нь зовоолгүй эрүүл байж, сайн хүн болохсон гэж хүсдэг. Эмээ, өвөө хоёр минь 100 наслаад охиныхоо алдартай дуучин болохыг хараасай.