Д.ОЮУНЧИМЭГ
Арилжааны банк тойрсон олон асуудал гардаг. Түүний нэг нь зээлийн хүү. Түүнчлэн банкууд өрсөлдөх чадваргүй байгаа тухай ч ярьдаг. Энэ талаар Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болдтой ярилцлаа. Тэрээр 1996-2000 онд Монголбанкны дэд ерөнхийлөгч, 2003-2005 онд Дэлхийн банк, Олон Улсын Валютын Санд зөвлөх, 2007 оноос Монголын банкуудын холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
-Манай улсын банкны систем хэр эрүүл, зөв явж байгаа вэ. Учир нь иргэд болоод бизнес эрхлэгчид банкны үйлчилгээ муу, хүү өндөр гэдэг?
-Арилжааны 13 банк бий. Нэг нь төрийн өмчтэй бусад нь хувийн хэвшлийнх. Энэ банкууд нийт иргэд, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлдэг. 1.2 сая хадгаламжийн данс бий. Энэ тооны иргэд, аж ахуйн нэгж банкинд мөнгөө хадгалуулж байна гэсэн үг. Эндээс манай улсын нийт хүн амын тал хувь нь хадгаламжтай байна. 650 мянга орчим хувь хүн болон компани банкнаас зээл авсан байдаг. Бараг өрх бүр арилжааны банкнаас зээл авсан нь харагдаж байна. Мөн 20 их наяд төгрөг арилжааны банкуудад эргэлдэж байршиж байна. Үүнээс 11 их наядыг зээлд гаргасан. Монгол Улсын ДНБ-ээс давсан буюу 119 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө банкны салбарт эргэлдэж байна. Зээлийн хүү өндөр, хэмжээ бага, хугацаа богино гэдэг шүүмжлэл байдаг.
-Тэгвэл арилжааны банкнаас гарч буй зээл нь хүү болон хугацааны хувьд тийм ч таатай нөхцлийг бүрдүүлж чадахгүй байгааг та юу гэж бодож байна вэ?
-Хамгийн гол нь зээлийг эргүүлэн төлөх чадвартай зээлдэгчид өгөх ёстой. Тэгэхгүй бол иргэд аж ахуйн нэгжийн хадгаламжийг салхинд хийсгэнэ гэсэн үг. Тиймээс хариуцлагатайгаар төлж чадах хүнд зээл олгоно. Хэдийгээр бизнес эрхэлж байгаа хүмүүст хүнд тусч байгаа нь үнэн ч хүүг дан ганц арилжааны банкууд тогтоодоггүй. Хэрэв ингэж ойлгож байгаа бол энэ өрөөсгөл юм. Зээлийн хүү хадгаламжийн хүүн дээр суурилж байгаа. Хадгаламжийн хүү өнөөдөр 14-15 хувьтай байгаа энэ нөхцөлд хямд хүү зарлана гэж байхгүй. Хэрэв зээлийн хүүг бага байлгавал банк гаргасан зардлаа нөхөж чадахгүй, ашиг гаргах боломжгүй алдагдалд орно шүү дээ.
-Хадгаламжийн хүү яагаад өндөр байгаа вэ. Хугацаатай хадгаламж мөнгөний ханш унаж байгаа үед эрсдэлд орох уу?
-Мөнгөний ханш унаж байгаатай шууд холбоотой. Инфляц 12.4 хувьтай байгаа нөхцөлд хадгаламж эзэмшигч 12.4-өөс дээш хувьтайгаар банкинд хадгалуулах сонирхолтой байдаг. Энэ нөхцөлд мөнгөний ханш буурах нь хадгаламжийг эрсдэлд оруулахгүй. Нэг жилийн 14 хувийн хүүтэй хугацаатай хадгаламж хийхэд инфляц 14-өөс дээш болж өсвөл хадгаламж эзэмшигчдэд ашиггүй болж хувирна. Одоогийн байдлаар хадгаламж эзэмшигчид маань хоёр хувийн хүүгийн ашиг олж байна. Тэгэхээр хадгаламжийн хүү өндөр байгаа нь инфляциас хамаарч байгаа юм.
-Одоогийн нөхцөлд банкуудын зээлийн хүү буурах боломж бий юу?
-Инфляц буурвал хүү буурах боломжтой.
-Инфляцийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Эдийн засаг тогтвортой хөгжих ёстой. Дотоодын боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Бүх хэрэглээгээ бид гаднаас авч байна. Чадах бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэвэл эдийн засаг тогтвортой хөгжинө.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа ч үр дүн гарахгүй байна гэдэг шүүмжлэл бий. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Одоогийн 888 төслийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газраас есөн хувийн хүүтэй өгөх замаар хэрэгжүүлэх гэж байгаа учраас инфляцийн 12.4 хувиас доогуур байгаа юм. Энэ нь хүүгүй зээл гэж хэлж болно. Эндээс харвал үйлдвэрлэлийг дэмжихийн тулд бэлэглэж байна. 888 төсөл хэрэгжих гээд бэлтгэл шатандаа явж байна.Нэгэнт эх үүсвэр тодорхой байгаа учраас зээл авсан компаниудад ашигтай. Инфляц өндөр байхад есөн хувийн зээл олгоно гэдэг нь үйлдвэрлэлд томоохон түлхэц болж, ашгаа өгнө гэж бодож байна.
-Мөнгөний ханш унасан, инфляц өндөр, валютын ханшаа барьж чадахгүй байгаа. Ойрын хугацаанд ам.долларын ханшийг 1380-д буулгах боломж бий юу?
-Ханшийг хэн нэгэн тогтоох боломжгүй. Албан тушаалтнуудын хэлснээр ханш тогтворждог бол амьдрал маш хялбар болж хувирна. Хэн нэгэн сайд, дарга ам.долларын ханш 1380 бол гээд тушаангуут тийм болчихдог бол хүмүүс ажил хийх шаардлагагүй. Ханш маш олон хүчин зүйлээс хамаарна. Тухайлбал, 1.2 сая хадгаламж эзэмшигч, 650 мянган зээлдэгч, 50-60 мянган бүртгэлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дээр нь төрийн байгууллага, Төвбанк, Засгийн газар гээд бүхий л хүмүүс өдөрт хэдэн мянган дансны гүйлгээ хийж байгаа шүү дээ. Энэ бүх оролцогчдын валют, төгрөгийн харилцаанаас дундаж ханш тогтож байгаа юм. Өнөөдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 1800 хол давсан байна шүү дээ. Энэ нь ам.доллар хомс байгааг илэрхийлж байна. Ам.долларыг талх гэж бодъё. Тэгвэл талх ховордохоор үнэ нь аяндаа өсдөг. Үүнтэй адилхан шүү дээ. Тиймээс валютыг яаж оруулж ирэх вэ гэдэг дээр л анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй.
-Валютыг нэмэгдүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэдэг. Үүний тулд юу хийх ёстой вэ?
-Монголбанк, Засгийн газар, УИХ, бизнес эрхлэгчид дор бүрдээ өөрсдийнхөө хариуцсан ажлыг хурдан шуурхай, оновчтой, алсын бодлоготой хэрэгжүүлж чадвал гадаадын хөрөнгө орж ирнэ. Хүний итгэлийг даах бодлого явуулах ёстой.
-Бас нэг зүйл байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар хүмүүс янз бүрээр ярьж байна. Бодит байдалд хэр нийцсэн бодлого байсан бэ. Эндээс гарсан үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Тухайн үед аж ахуйн нэгжүүдэд энэ төрлийн эх үүсвэр хэрэгтэй байсан учраас гаргасан. Үр дүнг нь хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэх байх. Гэхдээ энэ нь нэг удаагийн уламжлалт бус арга хэмжээ байсан. Тэгэхээр шүүмжилж байгаа хэсэг нь мөнгө байхгүй бол яах байсан бэ гэдгийг бодох ёстой. Төгрөгийн ханшийг сулрахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Гэвч энэ дан ганцаараа нөлөөлсөн юм огт биш. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, экспорт буурснаас болоод валютын ханш өөрчлөгдөж байгааг манайхан мэддэг болсон шүү дээ.
-Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалттай банк орж ирснээр гарах үр дүнгийн талаар янз бүрийн тайлбар ярьж байна. Та банкны холбооны ерөнхийлөгчийн хувьд юу хэлэх вэ?
-Монголын 13 банкаар дамжиж тодорхой хэмжээний хөрөнгө гадны банкуудаас орж ирдэг. Дүрмийн санд хувь нийлүүлэх замаар гадны банкууд орж ирж байна. Мөн арилжааны банкуудад мөнгө зээлдүүлж байгаа. Түүнчлэн хамтарсан зээл олгож хөрөнгө оруулж байна. Төлөөлөгчийн газраараа дамжуулан хоёр миллиард ам.долларыг компаниудад зээлдүүлсэн байгаа. Тэгэхээр салбар байгуулахгүйгээр Монголын арилжааны банкны байгаа системээр дамжуулж гадаадын банк санхүүгийн байгууллага мөнгө оруулах боломж бий. Тиймээс байгаа бололцоогоо ашиглах хэрэгтэй гэж банкууд үзэж байгаа.
-“Bank of China” манайд салбараа нээх тухай яриа гарсан. Энэ цаг үед тус банк салбараа нээх нь валютын урсгал наашлах боломж гэх нь ч бий. Мөн зээлийн эргэн төлөлтөөр валютын урсгал гадагшилна гэдэг тайлбарыг эдийн засагчид хэлдэг. Та үүнийг юу гэж үзэж байна?
-Гадаадын банкны салбар байгуулахад манай улсын хууль эрх зүйн орчин төгс төгөлдөр болоогүй. Зохицуулалтын арга хэрэгсэл одоогоор алга. Хяналт, зохицуулалт, өмчийн харилцааны талаас Монгол Улс бэлэн биш. Дотоодын банкуудаар гадаадын зээлийг дамжуулах бололцоо бүрэн бий. Үүнийг ашиглах хэрэгтэй. Гадны банк орж ирснээр зээлийг баруун солгойгүй тараагаад эхэлнэ гэдэг бол эндүүрэл. Гадаадын банкууд олон улсын стандартаа баримталвал манай арилжааны банкуудаас илүү хатуу нөхцөлтэй байна. Тиймээс зээл тийм амар биш болно. Тэд илүү дэд бүтэц, уул уурхай, зам барилга, цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулах зорилготой. Жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнест зээл олгохгүй бөгөөд энэ нь тэдний хувьд ашиггүй.