С.САРУУЛ
Улсын Дээд шүүх өнөөдөр 2020.01.08 Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хяналаа. Тэгвэл хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянах үеэр Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долоодугаар сард Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн байв.
Мөн Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг хянах үеэр Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн.
Эх сурвалж: www.polit.mn