Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Зөв, соёлтой иргэнийг төлөвшүүлнэ
-2021 оны хэтийн төлвөө цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд гаргасан. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээ хийх орчин нөхцөл бүрдүүлж, урвалж оношлуураар хангаж, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, ажиглах байрны нөөцийг нэмэгдүүлнэ. Мөн Бичигт хилийн боомтод тандалтын нэгж байгуулж, Мөнххаан, Баруун-Урт суманд жишиг эрүүл мэндийн төв барьж, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахаар төлөвлөлөө. Хамгийн их анхаарлаа хандуулж байгаа нь боловсролын салбар юм. Учир нь боловсролын салбартаа анхаарч байж бид зөв, соёлтой иргэнийг төлөвшүүлнэ.Тиймээс энэ онд боловсролын салбарын хүрээнд аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах, орчин үеийн техник технологитой болгох, дижитал технологи ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Байгалийн ухааны мэргэжлүүд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй дүр зураг харагдаж байгаа учир аймгийнхаа 16 сургууль тус бүрт байгалийн ухааны лабораторийг байгуулахаар зорьж байна. Бас нэгэн чухал ажил нь номын сангийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм. Мөн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингүй халдваргүй тайван бүсийг тогтоохоор төлөвлөсөн. Сумдын хатуу хучилттай авто замын ажлыг дуусгаж, гэр хороололд гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад оруулна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2021.1.4 ДАВАА № 1 (6478)