Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: Халдварын эсрэг нөлөөллийн аяныг зохион байгуулж байна
-Бид өөрсдөө эрүүл байж, ойр дотно, эргэн тойрны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь энэ жил бие биедээ өгч чадах хамгийн чухал бэлэг юм. Баянгол дүүрэг “СОVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалга, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна. Баянгол дүүргийн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий хөдөлгөөнт сэрэмжлүүлэг, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл шуурхай хүргэн ажиллаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын лед дэлгэцээр “Халдвар хамгааллын дэглэмээ сахицгаая” зөвлөмжийг иргэддээ өгч байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргаар томилогдож, ийнхүү сарын дотор буюу хуулийн хугацаандаа “Баянгол дүүргийн засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслөө боловсрууллаа. Зургаан бүлэг 129 зүйлтэй энэхүү хөтөлбөрт Баянгол дүүргийн 225840 иргэдийн төлөөллийн санал хүсэлт, Засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа газруудын мэргэжилтнүүдийн боловсруулсан санал санаачилгууд багтсан. Түүнчлэн 2020 оны сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол заалтууд, бусад намуудаас дэвшүүлсэн сайн хөтөлбөрүүдийг багтааж, батлууллаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2021.1.4 ДАВАА № 1 (6478)