Өрийн хязгаар 70 хувь SOS зарлаж байна
Сүүлийн үед өрийн удирдлагын таазын талаар ярих боллоо. Хүмүүсийн ойлгож буйгаар тааз биш босго гэмээр. Гэтэл энэ нь манай улс ДНБ-ийнхээ хэдэн хувь хүртэл зээл авах боломжийг хэлж буй. Монгол Улс өрийн удирдлагагүй, бодлогогүй, үр ашиггүй, хяналтгүй байгаа нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг ухаарах хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг. Харин энэхүү өрийн удирдлагыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Гэтэл энэ заалтыг 70 хувь хүртэл нэмэх тухай ярьж байгаа юм.
Өдгөө өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ. АН-ын зүгээс энэ хуулийг шинэчлэн өрийн таазыг 70 хувьд хүргэх санал оруулж буй. Харин энэхүү саналыг МАН эсэргүүцэж байгаа билээ.
Энэ хуулийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлага тулгарч байгааг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэлсэн юм. Тэрээр “Өрийн удирдлагын таазыг 70 хувьд хүргэх хэрэгтэй. Яагаад гэвэл улс хөгжихийн хэрээр хөрөнгө хэрэгтэй болно. Тиймээс заавал 40 хувьтай байх ёстой гээд боогоод байж болохгүй. Эргэн төлөлтийн тухайд бүгдийг хяналттай зарцуулж эрсдлээс хамгаалах ёстой” гэв.
НЭРЛЭСЭН ҮНЭ, ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНИЙН ЯЛГАА
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарчим нь Монгол Улсад зээлийн цонх нээх гарц олгодог. Цонх буюу зээлийн шугамыг 70 хувь хүртэл тэлж өгөх эрх зүйн орчныг Өрийн удирдлагын хуулийн хүрээнд нарийвчилсан зохицуулалтаар оруулах гэж байгаа аж. Харин дээрх хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн юм. Өмнөх хуульд ДНБ-ий 40 хувь хүртэл өр тавьж болох тухай заалт орсон байдаг. 40 хувь гэдэг нь өнөөгийн үнэ цэнээр тооцох дүн юм. Тодруулбал, нэрлэсэн үнэ гэдэг нь тухайн нэг иргэний нэг сард авах цалин 350 мянган төгрөг. Харин тэрхүү мөнгөнөөс үнийн өсөлт болон инфляцийн хувийг хассан дүнг өнөөгийн үнэ цэнэ гэдэг.
УЛСЫН ӨР ГЭЖ ЮУ ВЭ?
Мөн улсын өр гэж юуг хэлэх вэ гэвэл 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д “Улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг хэлнэ хэмээн заажээ.
МАНАЙ УЛСЫН ӨР 80 ХУВЬД ХҮРСЭН ГЭВ ҮҮ
Тэгвэл эдийн засагчдийн хэлж буйгаар энэ тодорхойлолтод багтсан ойлголтоор одоогийн байдлаар манай улсын нийт өр ДНБ-ий 80 орчим хувьд хүрсэн аж. Энэ нь хууль зөрчсөнийг илтгэж буй. Түүнчлэн үүнийг халхлахын тулд “Улсын өр” гэдэг хэсгээс Засгийн газрын баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит УҮГ-ын өр гэсэн заалтыг хасчээ. Ингэснээр өрийн хязгаар хуульд заасан 40 хувьд хүрч байгааг ч зарим эх сурвалж хэлсэн юм.
Өмнө нь энэ хуульд зээлийн цонхыг гурван жилийн хугацаатай 40, 50, 60, 50, 40 гэсэн шугамаар нээсэн боловч хугацаа дуусах тэр үед Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Засгийн газрын баталгаатайгаар 1.5 тэрбумын бонд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2.1 тэрбум ам.долларыг татвар төлөгч болгон төлөлцөх үүрэгтэй.
АРСЛАНГ МУУРЫН ЗУЛЗАГАТАЙ ЗҮЙРЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Эдийн засагч Б.Батжаргал “Сүүлийн үед өрийн хэмжээ Америк, Япон, Англи зэрэг улсууд 100 хувьтай байдаг. Манайх 40 хувьтай байгаа нь бага тоо гэх болжээ. Гэтэл тэдгээр улсын санхүүгийн актив нь манай улстай харьцуулашгүй өндөр бөгөөд олон зуун жилийн туршид өрийн хэмжээ нь нэмэгдсээр 100 хувьд хүрсэн. Гэтэл бид 2-3 жил тутамд 30-40 хувиар нэмэгдүүлэх гээд байна” гэлээ.
Эндээс харвал арсланг, муурын зулзагатай зүйрлүүлээд байх шиг. Монгол Улсын ирээдүйн хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтын санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг татан төвлөрүүлэхдээ бодит боломжийг үндэслэлтэй тооцох хэрэгтэй юм. Бондын хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заачихсан байдаг. Тухайлбал, цахилгаан станц, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжих үйлдвэрт зарцуулна гэжээ. Эдгээрийг босгож чадвал манай улсын хөрөнгө шингээх чадвар нэмэгдэж хэчнээн ч хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн инфляц болж шатахгүй болно гэдгийг эдийн засагч Б.Батжаргал хэлсэн юм.
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг батлахдаа нухацтай хандах ёстой гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн. Учир нь Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байхад өрийг нэмвэл 2016 онд зургаан саяд хүрнэ гэж тэд үзжээ. Өнгөрсөн хугацаанд авсан зээлээр бүтээн байгуулалт хийж чадаагүй байж дахин зээл авах гэж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм.
УЛСЫН ӨР 40 ХУВИАС ДАВАХГҮЙ
Улсын төсвийн орлого он гарсаар 300 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байгаа. Эдийн засаг таагүй энэ үед энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар нэг мөр баталъя гэх саналыг сөрөг хүчний гишүүд гаргасан ч “жинхэнэ” тодотголыг долдугаар сард оруулж ирнэ хэмээн Засгийн газраас мэдэгджээ. Харин энэ удаа төсөвт түүхэндээ анх удаа “0” дүнтэй баталсан 243 обьектод санхүүжилт өгөх эсэхийг шийдэхээр УИХ-аар батлуулахаар төсвийн тодотголын тогтоолын төслийг оруулж ирсэн юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 19 сая 960 мянга 800 төгрөгөөр, нийт зарлага 18 сая 543 мянга 700 төгрөгөөр өөрчлөгдөж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг сая 417 мянга 100 төгрөгөөр сайжирсан байна. Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого зургаан тэрбум 903 сая 800 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7, нэгдсэн төсвийн нийт зарлага долоон тэрбум 312 сая 400 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 408.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.99 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байгаа гэнэ. Төсвийн байнгын хороогоор уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед 2014, 2015, 2016 онд Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувьтай тэнцэнэ гэснийг 40 хувьтай тэнцүүлнэ хэмээн ажлын хэсгээс оруулж ирсэн санал дэмжигдсэнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ.
Улсын өрийн тааз 70 хувьд хүрлээ гэхэд тэрхүү зээлийг эргүүлэн төлөх баталгаа байгаа эсэхэд дорвитой хариулт олдсонгүй. Эрсдэл байх боловч хяналттай зарцуулалт түүний аврагч хэмээн тайлбарлаж байлаа. Зарцуулалтыг хэрхэн хийх төлөвлөгөө одоогоор байхгүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм.