Хорин нэгэн оны улс төр

2021-01-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Энэ жил олон тэгш ойтой. Ардын хувьсгалын 100 жилээс эхлээд монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохионо.
Тэгш ойгоос нийтийн хүлээж буй зүйл бол “төрөл бүрийн өршөөл”-ийн хууль болоод байгаа юм.
Гэхдээ тэгш ойноос илүүтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль бүхний анхаарлыг татаж байна. 
Хэн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болох вэ гэдэг дээр улс төрийн намууд ч, жирийн иргэд ч ач холбогдол өгч анхаараад байна гэсэн үг.
Гэтэл энэ удаад сонгогдох Ерөнхийлөгч бол 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зургаан жилийн хугацаатай сонгогдохоор болсон. Өөрөөр онцын татах хүч энэ суудалд үгүй болсон. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн гол хүч болж ирсэн хууль хяналтын байгууллага дахь нөлөө, эрх мэдлийг сүүлийн хоёр жилд, ялангуяа 2020 оны сүүлчийн өдрүүдэд УИХ дахь олонхи МАН-ынхан үндсэндээ тасалж чадсан гэхэд болно.
Шүүхийн тухай хуульд орох зүйл заалтууд, АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон хууль зэрэг нь Ерөнхийлөгчийн урьд байсан эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлсэн.
Ингэхээр шинээр сонгогдох Ерөнхийлөгч бол харьцангуй Үндсэн хуульд заасан “бэлгэ тэмдэг”-ийн үүрэгтэй болох юм.
Гэвч Ерөнхийлөгч л бол Ерөнхийлөгч шүү дээ. 
Адаглаад л Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг бол айхтар эрх мэдэл юм.
Эрх баригч МАН-ын хувьд хэнийг нэр дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна. Хэн нэгэн нэр дэвшинэ гэдгээ ч албан бусаар илэрхийлээгүй. Улс төрийн хүрээнд ярих нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших магадлал 50-аас дээш хувьтай. За тэгээд, АН, МАХН, ХҮН зэргийн хөдөлгөөнийг харж байгаад Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд гэсэн хувилбар руу орж мэднэ гэж байна. 
Ямар ч байсан У.Хүрэлсүх болоод МАН-ынхан оны өмнөхнөөс одоогийн Ерөнхийлөгчтэй ил цагаан үзээд эхэлсэн. 2017 оноос хойш маш ойр явж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр сүүлийн жил шахмын хугацаанд албан бусаар огт уулзалдаагүй гэж байна. Албан ёсоор ч “коронагийн мэдэгдэл”-ээс бусдаар тааралдахгүй байгаа аж. Ямар сайндаа өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа дундаа элчтэйгээр үргэлжлүүлж байхав. Мөн Бурхан Халдуныг тахидаг төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа очоогүй. Ерөнхий сайд тахисан. 
Улс төрийн хувьд өрх бүрт нэг сая төгрөг тараах Ерөнхийлөгчийн санаачилга, үүнийг үгүйсгээд цахилгаан дулааны үнийг ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэн Засгийн газрын шийдвэр зэрэг нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан тэдний толхилцоон гэж ойлгоход болно.
Ийм байдалтай 20201 оны босгоор давсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээндээ оффшорын хэргийг шалгах, оруулж ирэх ажилдаа идэвхтэй оролцож байгаа, гэхдээ энэ тэмцэл хүнд байна гэж мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн ордуудаа төрийн мэдэлд буцааж аваад ард түмэндээ ашиг хүртээж байна гэсэн.
Гэхдээ энэ хоёр эрхмийн хувьд ирэх Ерөнхийлөгчийн сонгууль өөр өөрөөр үзэгдэж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол сонголтын өмнө байна. Монгол төрийн тэргүүн болж түүхэнд нэрээ бичүүлэх боломж гэж хэлж болно. Ер нь тэгээд эцсийн бүлэгт МАН-аас У.Хүрэлсүх л нэр дэвшиж таарах болов уу даа.
У.Хүрэлсүхийн оны өмнө гаргасан “тэглэх” шийдвэрийг гаргахад “Эрдэнэт” –ээс 650 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой”-оос 69 тэрбумыг гаргажээ. Ийм өртгөөр тэглэсэн зардлыг нөхнө гэсэн үг. Үүнийг “...719 тэрбумаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ” гэж бас яриад л байна.
Өмнө нь төмөр замын бүтээн байгуулалтад явдаг байсан мөнгөнүүд ийм арга хэмжээ рүү явж, 2017 онд навс нанчилдаад хоёр тийш харсан М.Энхболдын фракцынхныг 2020 оны сүүлээр төрийн өмчит компаниуд руу ээлж дараалан томилсон. М.Энхболдыг дагаж өнөөг хүрсэн Ж.Мөнхбат гэхэд У.Хүрэлсүхэд ямар сайн болсныг Монгол даяараа л харсан. Тэгэхээр У.Хүрэлсүх нам доторхоо хүний өөрийнгүй бөөгнүүлж эхлээд байна гэсэн үг.
Харин одоогийн Ерөнхийлөгч дахиад нэр дэвших үү гэдэг хамгийн том асуудал болоод байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр түүнд хориг тавьчихжээ. Тэгэхээр асуудал Цэц дээр очно. Харамсалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд эрхийнхээ хүрээнд хүн томилохдоо өөрийнхөө бус ЕТГ-ын дарга асан З.Энхболдын гэгддэг Ц.Нанзаддорж нарыг томилсон. Хүний хүүхэд хүрэн бөөртэй. Тэдэнд найдаад Ерөнхийлөгчид тусгүй. Энэ бүхний эцэст Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших нь маш  хүнд болоод байгааг олон эх сурвалжийн мэдээлэл нотлоод байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгад МАН-аас гадна АН-ынхан нь дайсагнах болсон. Хамгийн том аюул нь энэ. 2017 онд нэр дэвшүүлж байсан АН нь одоо түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Яг үнэндээ АН нь ч өөрөө Х.Баттулгыг дэмжих эсэхээ мэдэхгүй байгаа гэж болно.
Өнөөдрийн АН гэж тарж бутарсан, толгой тархигүй нэг нэр болоод байна. С.Эрдэнэ дарга уу, Ц.Туваан үүрэг гүйтэтгэгч үү, саяхан АН-ын X Их хурал болсон уу, үгүй юу гээд тун ойлгомжгүй.
Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талдаа овоорох нь ойлгомжтой. Хэн ингэж татах вэ гэдэг бас бүрхэг. Одоогийн байдлаар АН-ын дарга болоод дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах эрх, бүр өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө дөрвөн ч фракц маягийн хуваагдал ил далд өрсөлдөж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, тэгээд одоогийн Ерөнхийлөгч гэсэн дөрвөн сонирхол үзэж байна. Ийм тус тусдаа АН-ыг гартаа авах хүсэлтэй ч одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг ашиг сонирхол нь тэднийг нэгтгэж буй ажээ. Уулзалтууд ч он дамнаад явагдаж л байна.
Тодорхой яривал, З.Энхболд, С.Эрдэнэ нар, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин нар, тэгээд Х.Баттулга нар, бас Н.Алтанхуягийн фракц орж ирж байгаа юм.
Харин одоогийн Ерөнхийлөгчөөс бусад нь  Үндсэн хуулийн өөрчлөлт, Цэцийн гарах шийдвэрийг  нийлээд “ярьдаг” аж.
Шинэ оны хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн асан, сайд асан Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших өрсөлдөөнд оролцоно гэж мэдэгдэл хийв. Ц.Оюунгэрэлийн улс төрд өнгөрүүлсэн 25 жилийн дийлэнхийг, ялангуяа эхнээс нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж залж  байжээ. Ц.Оюунгэрэл нь Ц.Элбэгдоржийг УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад  туслах, шадар туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Гэхдээ Ц.Оюунгэрэл АН-аасаа барахгүй бол ХҮН-аас дэвшиж болох хувилбарыг бас ярьж байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд байна.
Юутай ч АН-ынхан он гаруут Ерөнхийлөгч Х.Баттулгад цохилт өгч эхэлж байгаа нь энэ бололтой.
Ер нь бол өнөөдөр төрийн эрх барьж байгаа, бас төрийн зарим институци дээр суусан гэдэг утгаараа МАН, АН хоёрыг анхаараад байгаа авч, яг цагаа тулахаар бусад улс төрийн хүчнээс ямар “сюрприз” гарч ирэх вэ гэдэг бас л сонирхолтой юм болно шүү. 
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа амьдрал өөр болно оо.
COVID19 цар тахлын улмаас төлөвлөөгүй зардал Засгийн газрын нуруун дээр ирсэн. Гэтэл сонгууль угтаж 2020 оны сүүлчээс мөнгө цацаад эхэлсэн. Гадаад өр талийсан. Шуудхан хэлэхэд Монгол Улсын төсөв хүндэрнэ. Эдийн засаг маш хүнд байдал руу орно. 
Түүний дараа Оюутолгойтой ямар хэлцэлд хүрэх вэ, Тавантолгойг сайн борлуулж чадах уу гэдэгтээ л найддаг байх даа...

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.4 ДАВАА № 1 (6478)

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

17 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 41 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 54 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 21 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

23 цаг 19 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 53 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин