2022 оны  “хундаганы үг”-ийг хэн хэлэх вэ

2021-01-01
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

 

Б.Дамдин-Очир

 

XXI зууны 21 дүгээр онтой золголоо. Монголчууд бидний хувьд энэ онд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Ардын хувьсгалын 100, Бүрэн Эрхт улсаа хүлээн зөвшөөрүүлж НҮБ-д элссэний 60, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ланжгар ойнууд тохиож байна. 

Эдгээрийг дагасан олон тэмдэглэлт үйл явдал өрнөнө. 

Гэхдээ энэ олон том ойг давсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд болох юм. 

Хэдийгээр дэлхий нийтээр тархсан COVID19 цар тахлын халдвар Монгол Улсыг нөмөрч сүүлийн хоёр сард нөхцөл байдал сайнгүй байсан ч ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлаас дутуугүйгээр улс төрийн намууд, төрийн институциудын онцгой анхааралд байлаа. 

Хөшигний ард хүчтэй тулалдаж байна. 

Гурван жилийн өмнө, 2017 оны зун Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдож, намар нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. 

АН, МАН гэсэн улаан цэнхэр хоёр намынх атал ах дүүс шиг хамтарч ажилласаар саяхныг хүрсэн нь үнэн. 

Гэвч улс төрд мөнхийн нөхөрлөл гэж үгүй. Нэг нь суудалдаа үлдэх, нөгөө нь тэр суудалд нь залрах хүсэл ах дүү хоёрын зам салах шалтаг болов бололтой. 

Хоёр жилийн хосгүй нөхөрлөл сүүлийн хэдэн сар алсарсан. Аливаа арга хэмжээнд ээлжилж очдог болсон. 

Тэгээд ч АН, МАН-ын өрсөлдөгчид энэ том сонгуульд нийлж орно гэж юу байхав. Одоогоор, лав он давахад Х.Баттулга дахин нэр дэвших, У.Хүрэлсүх намаасаа нэр дэвших эсэх нь тодорхойгүй байлаа. Зарлах хугацаа нь хуулиараа болоогүй л дээ. 

Гэхдээ АН тойрч өрнөсөн үйл явдлууд, ер нь сүүлийн хэдэн сарын улс төрийн хүрээнд өрнөсөн явдал нь Х.Баттулга дахин нэр дэвших гэж чардайж, У.Хүрэлсүх сонголтоо хийхээр хөндлөнгөөс ажиглаж буй байдал үзэгдэж байв. 

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлийн "хундаганы үг"-нд юу багтаах вэ гэдгийг "Полит-Анализ" онцолж байна. Учир нь Ерөнхийлөгчийн сэтгэлийн мухарт буй үгс энд гарч ирэх учиртай байв.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээндээ чухам юу хэлэх вэ гэдэг олны анхаарлын төвд байсан гэхэд болно. Ялангуяа улс төр сонирхдог нөхдүүдийн хүрээнд албан бус хэлэлцүүлэг ч яваад өнгөрөв. Юутай ч Ерөнхийлөгчийн мэндчилгээ телевизүүдэд " нууцын дардас"-тай цаг нь тулж хүргэгдсэн тухай ч зарим эх сурвалж олонд дуулгаад авсан. Энэ бүхний учир нь өнөөх л ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Сүүлийн хэдэн сарын үйл явдлын өрнөлд өгөх Ерөнхийлөгчийн хариу гэхэд болно. Маш товчхондоо бол, өмнөх жилүүдэд "...Засгийн газартайгаа, Хүрэлсүхтэйгээ хамт шүү" гэдэг байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хундаганы үг энэ жил хэрхэн өөрчлөгдөх нь вэ гэдгийг л олон нийт сонирхож байлаа.

Ерөнхийлөгч он солигдох мөчид хэлсэн үгээ “...Гурав дахь мянганы хорь дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан, ийм жил болж өнгөрлөө” гэж тодотгоод “... Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна” гэлээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “...Төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох хэрэгтэй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Харин Засгийн газрын зүгээс Ерөнхийлөгчийн саналыг “...Боломжгүй” гээд 2020 оны арванхоёрдугаар  сарын 13-ны ээлжит бус хуралдаанаар Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэх шийдвэрийг гаргасан юм.

Ерөнхийлөгч мөн “... Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархиудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна. Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна” гэж мэдэгдлээ.

Оффшороос хөрөнгө “татах” ажил бол Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 онд нэр дэвшихдээ өгсөн амлалт нь юм. Энэ амлалт хэр зэрэг биелсэнийг ард түмэн, сонгогчид үнэлнэ. Юутай ч Ерөнхийлөгчийн энэхүү мэндчилгээнд онцолсоноор зөвхөн энэ 2020 онд Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын албан тушаал хашиж байсан эрхмүүд шүүхээр шийтгэгдсэн. Мөн эдгээр шийдсэн хэргүүдийг давж заалдах шатны шүүхээс нэг хэсгийнх нь ял шийтгэлийг бууруулж, нөгөө хэсгийг нь анхан шатны шүүхэд буцаасан. Өдгөө мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд Эрдэнэтийн 49 хувь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх зэрэг дуулиант хэргүүд явж байгаа юм.

Ерөнхийлөгч хууль хяналтын байгууллагын хүрээнд явагдаж буй энэхүү үйл ажиллагааг “...Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна” гэлээ. 

Ерөнхий сайд ч бас уламжлалаараа мэндчилгээ хүргэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд он солигдохоос дөрвөн цагийн өмнө, үдшийн 20 цагийн орчимд мэндчилгээгээ түгээлээ. Тэрээр "...2020 он Монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар ковид-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа" гээд "... Хэдий тийм ч Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. ... Гадаад улс оронд гацаад байсан 28 мянга гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авлаа. ... Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа. ... Хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тос Тосон бумбын орд, Хармагтайн орд зэрэг газруудыг төрийн мэдэл, ард түмний өмчлөлд эргүүлэн авлаа. ... Монгол Улс түүхэндээ анх удаа Тавантолгой төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард иргэддээ хуваариллаа" гэв. 

Үндсэндээ Засгийн газар өнгөрсөн жилийн хугацаанд үр дүнтэй ажилласан шүү гэдгийг санууллаа. 

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын шинэ оны мэндчилгээний үг олны тааж байсанчлан өнгөрсөн гурван жилийнхээ жанжин шугамыг орхижээ.

“...Хамтарч” гэдэг үг энэ удаад дурдагдсангүй. 

Ерөнхийлөгч Х.Баттулга “Өрх бүрт сая төгрөг” санаачилгаараа Засгийн газрыг дахин шахах, эсвэл үүний зардлыг хаа нэгтээгээс гаргаж ирэх бололтой. Магадгүй, тун удахгүй Ерөнхийлөгчийн зүгээс оффшороос татаж авчирсан, авлигын гэмт хэргийн улмаас хураагдсан, хохирол болж төлөгдсөн хөрөнгийг сая төгрөг болгон тараах санаачилга гарч мэдэхээр байна.

Учир нь хууль шүүхийн байгууллагын шалгаж, шийдсэн хэргүүдийг өөрийнхөө “тэмцэл” хэмээлээ. Мөн энэ нь амаргүй нөхцөлд явж байгааг ард түмэндээ дуулгав.

Ерөнхийлөгч мэндчилгээнийхээ  төгсгөлд “...Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой” гэв. Энд дурдагдсан “тогтвортой бодлого” гэдэг үгээр тэр санамсаргүй мэндчилээгүй байж таарна. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө тэмцлийг үргэлжлүүлж, түүнээс “олдсон” хөрөнгө мөнгөөр монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болгоно гэсэн ойрын зорилго тавьсан бололтой. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн ордуудыг төрийн мэдэлд авсан гэдгийг өөр дээрээ нааж байна. Улмаар тус ордуудын үр ашгаар цар тахлын үед ард иргэддээ дэмжлэг үзүүлсэн гэдгээ нарийн тоочжээ.

Ингээд мэндчилгээнийхээ төгсгөлд "...Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно. Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно" гэлээ. 

Түүний "...Бид хамтдаа хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно" гэсэн нь учиртай бололтой. Үүнийг "...XXI зуун эхлээд 21 дэх онтой золгож буй энэ жилд Ерөнхийлөгчийн сонгууль болно шүү, энэ сонгуульд ч дэмжээрэй" гэсэн уриалга хэмээн орчуулж болох юм.

Иймээс энэ хоёр эрхэмд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зориг, зорилго хоёр лав байна. Ойрмогхоны улс төрийн хүрээний мэдээллээр нэг нь боломж олдвол дахин өрсөлдөх, нөгөө нь өөрөө хүсвэл намаасаа өрсөлдөгчгүй нэр дэвшихээр байгаа юм.

Гэхдээ дээр хэлсэнчлэн улс төр дэх нөхөрлөл, дайсан хоёр мөнх бус... Маргааш юу болохыг бүү мэд. 

Юутай ч яг одоогийн өнгөн дээр нэг нь Ерөнхийлөгчийн суудал дээр, нөгөө нь нэг үсэрвэл гараад суучих боломж дээр байгаа гэх өнцөг үзэгдэж буй...

Он гарлаа. Сонгуулийн жил боллоо. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр биш юм гэхэд цэнхэр, улаанаараа салам нүдэлдэх нь тодорхой юм. 

Тэгэхээр дараа жил, 2022 оны хундаганы үгийг хэн хэлэх вэ гэдгийг өнөөдөр таашгүй болж байна. Магадгүй, огт өөр субьектээс шал ондоо эрхэм дэвшээд гарч ирж болох л юм.

 

Эх сурвалж: polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 17 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 30 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 57 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 54 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 28 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин