Траян Лауренцю Христеа: ЖДҮ эрхлэгчдэд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг илүү сайжруулах бүрэн боломж байна

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрснөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.  Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд Монгол Улс ДХБ-ын өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэнэ, айл өрхийн орлого сайжирна, импортын бараа  илүү хямд өртөгтэй болно, экспорт импортын урсгал нэмэгдэнэ, гадаад худалдаа ил тод, уян хатан, шуурхай, шударга болно. Монгол Улсын гадаад руу дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө хангагдана, өрсөлдөөн нэмэгдэнэ, бизнест тэгш боломж үүснэ.

Ингэснээр гадаад валютын нөөц ихэснэ, эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хараат биш уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэл, мэдлэг оюунд суурилсан эдийн засаг илүүтэй хөгжих зэрэг  монгол хүн бүр төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд энэ гэрээ хэлэлцээр үнэ цэнэтэй болох нь харагдаж байгаа юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улс соёрхон баталсны дөрөв дэх жилийн босгон дээр Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг дэмжих төсөл (ТРАМ) олон нийт, шийдвэр гаргагчид болон худалдаа эрхлэгчдэд зориулан, ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ. Яагаад Монгол Улс энэ хэлэлцээрт нэгдэж орсон, эндээс худалдаа эрхлэгчид чухам ямар үр ашиг  хүртэх юм бэ гэх зэрэг энэ хэлэлцээрийн талаархи ойлголт мэдлэг мэдээллийг  нэмэгдүүлэх, танин мэдүүлэх тусгай цуврал мультимедиа зорилтот контентыг бэлтгэн хүргэж байгаа билээ.

Энэ удаа бид Монгол Улсын гадаад худалдааны итгэлт түнш, донор байгууллагын төлөөлөл болох Европын холбооны байр суурийг хүргэж байна.

Европын холбооны нэгдсэн зах зээл нь 450 сая хэрэглэгчтэй, 22.5 сая жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй. Монгол Улс Европын холбооны сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмждэг тусгай урамшууллын зохицуулалт болох GSP+ -аас  өнөөг хүртэл үр ашиг хүртсээр ирсэн билээ. Энэхүү системийг бид 1991 оноос эдэлж эхэлсэн бөгөөд 2023 он хүртэл хөнгөлөлт хүртэх боломжтой байгаа юм.

Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+ гэдэг нь сайн засаглал, хүрээлэн байгаа орчны хамгаалалт, хүний болон хөдөлмөрийн эрхтэй холбоотой олон улсын 27 гэрээ конвенцийг хэрэгжүүлдэг, сайн засаглал, тогтвортой хөгжлийг урамшуулсан, тэг татвартай, тусгай урамшууллын зохицуулалт юм. Хөнгөлөлтийн ерөнхий систем GSP+ нь Монгол Улсад, Европын холбооны улс руу ямар ч татваргүйгээр, 6.200 нэр төрлийн бараа бүтээгдхүүнийг экспортлохыг зөвшөөрдөг.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжвэл Монгол Улсын худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгчид GSP+ давуу талыг яаж хүртэх бэ. ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь Монголын экспортлогчдыг дэлхийн том зах зээл рүү нэвтрэхэд ямар боломж олгох бэ.Эдгээр асуултын хариу болон бусад чухал мэдээллийг та Хараат бус сэтгүүлч Дэмчигийн Оюунчимэгийн Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеатай хийсэн “Нэгийг харьцах Нэг” ярилцлагаас хүлээн авна уу. 

-Дэмчигийн Оюунчимэг: Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ?

-Траян Лауренцю Христеа: Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа гэдэг нь бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын  гаалийн хилээр нэвтрүүлэх үйл явцад зарцуулж байгаа цаг хугацаа болон өртөг зардлыг  бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй  бүх төрлийн  арга хэмжээ багтана. Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээнүүд нь бараа бүтээгдэхүүнийг импортлох, экспортлоход гарах цаг хугацаа, зардал, тодорхойгүй байдлыг багасгах, олон улсын нэмүү өртгийн сүлжээг нэмэгдүүлэх, илүү үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих болон нөөцийн оновчтой хуваарилалтыг бий болгоход чиглэдэг. Худалдааг хөнгөвчлөх нь худалдаанд оролцогч бүх талуудын, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн худалдааны  өртөг зардлыг  бууруулахад дэмжлэг болно. Сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмждэг тусгай урамшууллын зохицуулалт  (GSP+) -аас  өнөөг хүртэл Монгол Улс үр ашиг хүртэж байгаа төдийгүй, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь монголын экспортлогчдод гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх эрхийг хөнгөн  хялбар болгож өгөх боломж юм. Европын холбоо Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд (GSP+) бизнес эрхлэгчид гарал үүслийн бүртгэлээ цахимжуулан, өөрсдөө мэдүүлэх систем болох REX буюу “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”  нэвтрүүлснээр Европын холбооны зах зээл рүү нэвтрэх бараа бүтээгдэхүүнд тавигдах хяналт,  шаардлагуудыг хямд өртөг зардлаар, хөнгөн хялбар биелүүлэх боломжтой болж байгаа юм.

-Дэмчигийн Оюунчимэг: Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь (TFA) монголын ЖДҮ эрхлэгчдэд Европын холбооны улс орон руу бараа бүтээгдэхүүнээ экспортлоход ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Траян Лауренцю Христеа: Бизнес эрхлэгчид, ялангуяа ЖДҮ эрхлэгчдийн хувьд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ашиг тус тодорхой юм. Энэ нь ил тод байдлыг дэмжин, хүнд суртлыг багасгах бөгөөд үйл ажиллагаа нь тов тодорхой, урьдчилан таамаглах боломжтой болсноор зохих журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тогтооход хялбар болно. Товчхондоо худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа нь эдийн засгийн операторуудын мөнгө, цаг хугацааг хэмнэнэ. Түүнээс гадна, бизнесийн орчинг урьдчилан таамаглах нь  тухайн улсын эдийн засгийн  салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх, өсөлт  хөгжлийг дэмжих бизнесийн таатай орчныг бий болгоход тустай. Бизнес бол нэгдмэл цогц үйл явц бөгөөд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хурдан шуурхай хэрэгжүүлэхэд нэгдсэн, дуу хоолойтой байх хэрэгтэй.Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, мөн төр нь, бизнес эрхлэгчдийн   эдлэх ёстой бүх хууль ёсны эрх ашигт хүндэтгэлтэй хандах баталгааг тэдэнд албан ёсоор  олгох ёстой.

-Дэмчигийн Оюунчимэг: Та Монгол Улсын Засгийн газарт, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн  хэрэгжилтэд тус болох  ямар зөвлөмж өгөх вэ?

-Траян Лауренцю Христеа: Монгол Улс Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор үүрэг амлалтаа өгчихсөн  байгаа. Европын холбоо нь Монгол Улсын Засгийн газартай хамтран ЖДҮ эрхлэгчдэд тухайн хэлэлцээрээр олгогдож байгаа бүхий л боломжуудыг бүрэн эдлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь мэдээжийн хэрэг гадаад худалдаа эрхлэгчдэд тулгамдаж  байгаа бүх бэрхшээл, сорилтыг бүрэн арилгах “увдистай” мэт ойлгож болохгүй. Хүртэх үр ашгийг хамгийн дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд зам, тээвэр үйлчилгээ, хилийн боомтын дэд бүтэц гэх зэрэг хэд хэдэн салбарт нэгэн зэрэг өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай байж магадгүй юм. Гэхдээ энэ нь хэдийгээр асар өргөн ойлголт хэдий ч, худалдааг улс орны үйлчилгээний хөгжилтэй нь холбож хөгжүүлэх чадамж (потенциал) хараахан ашиглагдаагүй л байна. Европын холбоо болон Монгол Улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашдаа улам бүр эрчимжүүлэх зорилгоор, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаад харилцааны яамтай хамтран хэрэгжүүлж байгаа Европын холбооны Монголын Худалдааг дэмжих төсөл (ТРАМ) -тэй бид хамтран энэ жилийн Европын холбооны Худалдааны өдөр арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сарын 26-27 өдрүүдэд зохион явуулсан. Энэхүү арга хэмжээнд, Европын холбоо болон Монголын хоорондох худалдааг цаашдаа хэрхэн яаж хөнгөвчилж болох талаар иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, Засгийн газар уригдан оролцож, харилцан хэлэлцүүлэг өрнүүлсэн. Европын холбоо нь Монгол Улсын итгэлтэй, найдвартай түнш байсаар ирсэн. Европын холбоо нь Монгол Улсын экспортыг ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжсээр байх болно. Европын холбооны Монголын Худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд тэмээний ноос болон сарлагийн хөөвөр, гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тосны кластерүүдийг бий болгож, дэмжих замаар, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн гаргаж авахад тулгарч байгаа саад бэрхшээлийг бууруулж болох арга замыг эрж судлахад анхаарлаа хандуулж байна. Нэмж хэлэхэд, бид Европын холбооны зах зээлд нэвтрэх процедурыг хөнгөвчлөхийн тулд, зарим нэг дүрэм, журам, барааны  гарал үүслийн болон чанарын стандартын гэрчилгээг боловсронгуй болгох зорилгоор судалгаа тандалт хийж байна.

-Дэмчигийн Оюунчимэг: Олон улс, үндэсний хэмжээнд, ялангуяа, Европын холбоотой худалдаа хийхдээ Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг мөрдүүлэхийн тулд ЖДҮ эрхлэгчид хэрхэн туслах вэ?

-Траян Лауренцю Христеа:  ЖДҮ эрхлэгчид дэлхийн нийт аж ахуй эрхлэгчдийн 95 хувийг эзэлдэг төдийгүй хувийн хэвшлийн нийт ажил эрхлэлтийн хамгийн багадаа гуравны хоёрыг нь бүрдүүлдэг  байна. (ITC, 2014 ) Хэдий тийм ч, ЖДҮ эрхлэгчид, ялангуяа,  олон улсын зах зээлд нэвтрэхдээ нэлээдгүй саад бэрхшээл, дарамт шахалттай нүүр тулдаг. Энэ нь, ЖДҮ эрхлэгчдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх  мөн олон улсын худалдаанд тэдний шууд оролцоог хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд бодлогын оролцоо шаардлагатай гэдгийг ерөнхийдөө батлан харуулж байгаа юм. ЖДҮ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нь, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар бараа бүтээгдэхүүнээ экспортлох, импортлох, гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт хийх замаар эсвэл бусад улс орнуудын үйлдвэрлэгч нартай үндсэн болон туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах замаар дэлхийн зах зээлд худалдаа арилжаа эрхлэхийг хэлнэ. (Европын комисс, 2010) Энэ нь ЖДҮ эрхлэгчдэд худалдаа эрхлэх дүрэм журам, төрийн зохицуулалтыг хялбаршуулж, зардлыг бууруулдаг худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанаас арай өргөн хүрээний ойлголт юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь ЖДҮ эрхлэгчдэд худалдаа эрхлэх дүрэм журам, төрийн зохицуулалтыг хялбаршуулж, зардлыг бууруулна гэж найдаж байна. Бид ЖДҮ эрхлэгчдийг Европын холбооны болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, тэдгээрийн экспорт, импортын хороо зэрэг худалдаа, арилжааны лобби бүлгүүдэд нэгдэж, тэдний үйл ажиллагаанд  идэвхтэй оролцож байхыг зөвлөмөөр байна. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн бас нэг салшгүй хэсэг бол худалдааны портал үүсгэх юм. Та англи хэлний мэдлэгтэй бол уг порталаас сонирхсон улсаасаа бараа импортлох, эсвэл сонирхсон улс руугаа бараа бүтээгдэхүүнийг экспортлоход шаардлагатай бүх мэдээллийг олж авах боломжтой болох юм. Тэр ч бүү хэл тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой гомдлуудын талаар мэдээлэл авах боломжтой. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь ил тод, хүн бүхэнд нээлттэй байна гэсэн үг.

Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбоо хамтран Монголд  ЖДҮ-ийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин үүсгэх  зорилготой ажиллаж байна. Хувийн хэвшлийн гол төлөөлөгч болсон байгууллага, институцыг бэхжүүлэх замаар ЖДҮ эрхлэгчдэд  үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн орчинг нь тааламжтай болгож, сайжруулах чиглэлээр бид тусалж дэмжиж  байна. ЖДҮ-ийн салбар нь нийт ажил эрхлэлтийн 50 хувийг эзэлдэг, Монголын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг юм. Бид ядуурлыг бууруулахад бас  дорвитой  хувь нэмэр оруулж байна.(11 сая еврогийн санхүүжилт бүхий үйл ажиллагаа явуулсан байна)

2019 онд, Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Монгол Улсаас Европын холбооны улсууд  руу хийх экспорт 19 сая евро буюу 15 хувиар нэмэгдсэн. Энэ нь хэдийгээр огцом өсөлт хэдий ч GSP+ (Хөнгөлөлтийн ерөнхий систем) хөнгөлөлттэй нөхцлөөр экспортоо улам нэмэгдүүлэх боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүний тулд бид хэд хэдэн чухал чиглэлд анхаарлаа хандуулж, тодорхой түвшинд хүрсэн байх ёстой: Нэгдүгээрт, Монгол Улс нь GSP+ зохицуулалтын хүрээнд өрсөлдөгч нараасаа илүү давуу тал эдэлж байгаа салбартаа экспортыг төрөлжүүлэх чиглэлд анхаарах, хоёрдугаарт, үр шимийг нь хүртэж байгаа талуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, гуравдугаарт, хөнгөлөлттэй нөхцөлүүдийг илүү их ашиглахад нь Засгийн газар болон оролцогч талуудад аль алинд нь тусалж дэмжих. (хөнгөвчлөх) Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон манай ТРАМ төсөл мөн дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.

-Дэмчигийн Оюунчимэг: Яагаад  Хөнгөлөлтийн ерөнхий систем GSP+ чухал вэ?

-Траян Лауренцю Христеа: Хөнгөлөлтийн ерөнхий систем GSP+ гэдэг нь, сайн засаглал, хүрээлэн байгаа орчны хамгаалалт, хүний эрх болон хөдөлмөрийн эрхтэй холбоотой олон улсын 27 гэрээ конвенцийг хэрэгжүүлдэг,  сайн засаглал, тогтвортой хөгжлийг урамшуулсан, тэг татвартай, тусгай урамшууллын зохицуулалт юм. Хөнгөлөлтийн ерөнхий систем GSP+ нь Монгол Улсад, Европын холбооны улс руу ямар ч татваргүйгээр, 6.200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг зөвшөөрдөг. Энэ хөтөлбөр нь, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн  шууд хариу үйлдэл  юм. Хөнгөлөлтийг эдлэх эрхтэй, үр ашиг хүртэгч улс орон байх бас нэг үндэслэл нь Монгол Улс бол сонгосон бүлгийн бүрэлдэхүүн хэсгийн нэг-худалдааны давуу эрх нь тогтвортой хөгжлийн зорилттой илүү уялдаж байгаа юм. Дэлхий даяар энэ схемээс ашиг хүртэж байгаа есөн орны нэг бол Монгол Улс (Болив, Пакистан, Филиппин, Киргизтан, Армени, Кабо Верде, Парагве, Шри Ланка, Монгол) . Хөнгөлөлтийн ерөнхий систем нь экспортыг эрчимжүүлж ажлын байр бий болгодог. Бид энэ давуу байдал, (давуу эрхийг) тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай холбож өгдөг.  Монгол Улсын хувьд, эрх баригч байгууллагууд нь Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг хийх, мөн Дэлхийн худалдааны байгууллагад өгсөн амлалт үүргийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж байхаар тохиролцсон. Энэхүү амлалт, үүргийн хэрэгжилтийг байнга хянах нь Монгол Улсын хувьд хүрээлэн байгаа орчин, хөдөлмөр эрхлэлт болон сайн засаглалын хүрээнд ахиц дэвшил гаргахад тус дэм болох бөгөөд энэ нь эргээд бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд нөлөөлнө.  Европын холбооны импортлогчид Монгол Улсаас илүү их бараа бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой болно. Хувийн бизнес эрхлэгчид нь Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийн ашиг тусыг хүртэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх гол ажлыг нь нугалж өгдөг. Засгийн газрын зүгээс зөв бодлогын орчныг бүрдүүлэн, дээрх Хөнгөлөлтийн ерөнхий системтэй адил зохицуулалтыг дэмжиж, Европын холбоо болон Монгол Улсын худалдаанд оролцогч талуудыг хооронд нь холбоход илүү тусална гэж найдаж байна

-Дэмчигийн Оюунчимэг:  ЖДҮ эрхлэгчид GSP+-с  яаж ашиг хүртэх бэ?

-Траян Лауренцю Христеа: Европын холбоо нь Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй TRAM төслөөрөө дамжуулан ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох боломжийг өсгөж, нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Европын холбоо  нь Хөнгөлөлтийн ерөнхий системийн үр өгөөжийг хүн амын аль болох олон хэсэгт хүргэхийн тулд Засгийн газар болон иргэний нийгмийн түнш байгууллагуудтай хамтран ажиллана. Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ гарал үүслийн гэрчилгээ авна, Европын холбооны бусад үйлдвэрлэгчидтэй ижил  жижиглэнгийн үнээр эсвэл бүр хямд үнээр Европын зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна. Одоогийн байдлаар Хөнгөлөлтийн ерөнхий системийн зохицуулалтын хүрээнд Монгол Улсын  жижиг дунд үйлдвэрлэгчдээс органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг, тэмээний ноос, чацарганы тос болон арьс ширийг Европын холбооны зах зээлд нийлүүлж байна.

-Дэмчигийн Оюун­чимэг: Худалдааг хөнгөвчлөх хэлэл­цээрийг хэрэгжүүлэхэд туслах олон улсын хандивлагчдад хандаж та юу гэж хэлэх бэ?

-Траян Лауренцю Христеа: Бүх оролцогч талуудын хүртээмжтэй байдлыг хангах нь чухал. Ялангуяа ЖДҮ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм.

 

Энэ ярилцлага нь, “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр-Монголд” медиа нөлөөллийн ажлын нэг хэсэг болно. Медиа нөлөөллийн ажлыг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын худалдааг дэмжих төсөл (ТРАМ)  ивээн тэтгэв.  ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд  хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг Монголын Гадаад харилцааны яам болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хэрэгжүүлж байна.

Мульти-медиа нөлөөллийн ажлын загвар зохиож, хэрэгжүүлэгч Maxima Media www.maxima.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.23 ЛХАГВА № 245, 246 (6470, 6471)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 28 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 56 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 53 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 27 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин