Хүний эрх шударга ёс, хөгжлийн төвийн тэргүүн, хуульч
Ц.ОЮУНБААТАР
Улс төрийн хэлмэгдлийг таслан зогсоож, хүний эрхийг хангах тухай
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблайн 1946 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 217/А/III тогтоолоор “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ыг баталсан бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг “Олон Улсын Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэдэг .
Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон бөгөөд 1992 оны Үндсэн хуулинд “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын үндсэн заалтуудыг тусган авч хатуу даган мөрдөхөөр тунхагласан.
Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангах чиглэлээр ажилладаг ТББ-ууд, Иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн санал, шаардлагын дагуу “Хүний эрх, Шударга, Ёсны Хөгжлийн Төв” ТББ санаачлан Монгол Улс дахь хүний эрхийн байдалд судалгаа, шинжилгээ, хийж, олон нийтийн санал, гомдлыг хүлээн авах ажлыг нээлттэй зохион байгуулж дүгнэлт хийж Монгол Улсын хүний эрхийн талаар УИХ болон байнгын хороодоор хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ. Нэг. Монголд XX зууны цуст хэлмэгдүүлэлтийг МАН удирдан зохион байгуулж хэрэгжүүлсэн нь ард түмнээ аймаглан устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн.
Хүний эрхийн салбарт ажилладаг Төрийн бус байгууллагуудын судалгаа дүгнэлтээр Монгол Улсад 1921-1940 он хүртэл хугацаанд 19758 лам, түүнээс аграмба 2074, гавж 6723, маарамба 488, хувилгаан 52, хутагт 2, Сурвалжит тайж язгууртан, автономит төрийн албан хаагч 1880 үүнээс 1378 тайж, ноён 27, гүн 30, зайсан 104, мэйрэн 170, түшмэл 15, Нам төр цэргийн албан хаагчид 1287 хүн хэлмэгдсэний дотор яам тусгай газрын дарга 503, албан хаагч 413 бүх цэргийн жанжин 1, офицер 107, цэрэг 215, эмч 17, тусгай мэргэжил бүхий албан хаагч 31 хэлмэгдсэн бөгөөд нийт хэлмэгдэгсдийн 80 гаруй хувийг буудан хороосон байна.
Лам нарыг давхаргын хувьд бараг бүрэн устгасан. Язгууртан гаралтай, угсаа залгамжилсан тайж, ноёдыг толгой дараалан устгасан, буриад яс үндэстэй эрэгтэйчүүдийг Октябрын хувьсгалаас зугтсан эсэргүү гэдэг үндэслэлээр баривчлан буудсан байдаг.
Хэлмэгдүүлэлтэд нийтдээ 45000-55000 мянган хүн хөнөөгдсөн гэдэг тооцоо байдаг бөгөөд энэ нь Монгол Улсын хүн амын 10-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөжээ.
Энэхүү Монгол ард түмний эсрэг өргөн хэмжээний хэлмэгдүүлэлтийг өнөөгийн МАН тухайн үеийн МАХН нь Коминтерн, ЗХУлсын заавраар шууд гардан хэрэгжүүлж ард түмнийхээ эсрэг цуст яргалал үйлдсэн нь ямар ч эргэлзээгүй бөгөөд энэ нь хүн төрлөхтний эсрэг аймаглан устгах, төрлөөр устгах ноцтой хүнд гэмт хэрэгт багтаж байгаа юм.
Тухайн үеийн Ерөнхий сайд, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтийг гардаж, удирдан зохион байгуулсан, өрсөлдөгч өөрийн эсрэг үзэл бодолтой гэж үзсэн төрийн албан тушаалтнуудыг хамруулсан байдаг. Өөрөө ч биечлэн оролцож нүүрэлдүүлэн байцаах, мөрдөн байцаалтын ажлыг хийж байсан баримтууд байна.
Тэр тухайн үеийн МАХН-ын тэргүүлэгчдээс цор ганцаар үлдэж бусдыгаа толгой дараалан егүүтгэсэн байдаг.
Энэхүү улс төрийн хэлмэгдүүлэлт 1950, 1960, 1970-аад онуудад Сэхээтний төөрөгдөл, Порт-Артурын хэрэг, Намын эсрэг бүлэглэл зэрэг нэрээр үргэлжилж ирсэн бөгөөд үүнийг өнөөгийн МАН түүний удирдлага зохион байгуулж ард түмний амьдрал, улс төрийн бодит байдалд шударга, шүүмжлэлтэй хандсан сэхээтнүүдийг нутаг заах, цөллөгт явуулах хэлбэрээр үргэлжилж ирсэн.
2000 оны есдүгээр сарын 10-нд “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын радио телевизээр үг хэлж өнгөрсөн үеийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн төлөө МАХН-ын нэрийн өмнөөс нэг удаа уучлал гуйсан байдаг. Өнөөгийн үед МАН Олон арван мянган хүний амь нас, зэрлэг яраглал, эрүү шүүлтийг юу ч болоогүй мэт үл тоомсорлож байгаа нь эрх баригч нам, төрийн дээд албан тушаалтнууд, ард түмэн, хэлмэгдэгсэд түүний үр хүүхэд, ач зээгийн өмнө ичгүүргүй авирлаж ихэмсэг дээрэнгүй зан гаргаж байгаагийн илрэл юм.
Хоёр. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага:
Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай 1998 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулиар хэлмэгдэгсэд, түүний ар гэрийнхэнд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай Монгол Улсын Их хурлын 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр баталсан.
Энэ нь хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээг ялгаварлан гадуурхсан, шүүх болон онцгой бүрэн эрхэт комиссын тогтоол олдохгүй байгаа, эсвэл шоронд нас барсан гэдэг шалтгаар нэг хэсэг хэлмэгдсэн хүмүүс одоог хүртэл нөхөх олговор олгохгүй байна. Тэр ч байтугай Хэлмэгдэгсэд тэдний үр хүүхдийн гомдлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш хүлээн авахгүй гэсэн хүний эрх зөрчсөн бүдүүлэг хууль үйлчилж байна.
Эдгээр нь Үндсэн хуулийн 14–р зүйлийн 1-т: Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна,
Мөн энэ хуулийн 16 дугаар зүйлийн 12-т: Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;
14-т: Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...., .эрхтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд: Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой, 7 дугаар зүйлд Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.
Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пактын 26 дугаар зүйлд: Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчилалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой гэснийг тус тус зөрчжээ.
Энэ нь:
1. Хэлмэгдэгчийн ач зээг Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын эрх зүйг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, нөхөн олговор авах эрхийг нь хассан. Тэр ч байтугай Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, түүнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт:/ энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ./ байна гэсэн заалттай шууд зөрчилдөж байна.
2. Тухайн хэлмэгдэгчийн шууд асран хамгаалтанд байсан, тэжээн тэтгэгдэж байсан ач зээ, төрүүлсэн хүүхэд нь биш ч эгч, дүү нарынх нь үр хүүхдүүд, ач зээг нөхөн олговорт хамруулахгүй байхаар заасан нь Үндсэн Хууль, Хүний эрх зөрчсөн хамгийн ноцтой зөрчил юм. Хэлмэгдэгчтэй нэг гэр бүл түүний шууд асран хамгаалтанд байж тэжээн тэтгүүлж байсан одоо амьд сэрүүн байгаа хүмүүсийг нөхөн олговор авах эрхийг шууд хассан нь Үндсэн Хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн бодит жишээ юм. Жишээ нь, Өмнөговь аймгийн Шүтээн хийдийн гавж лам Балдирын Санжмятавын төрсөн дүү эмэгтэй Зулзагын хүү / бутач/ 1935 онд төрсөн, одоо 85 настай Батын Гүрбазарын нөхөн олговор авах эрх нь зөрчигдөж байгаад гомдол гаргажээ. Нийгмийн давхаргын хувьд аймаглан устгасан лам нарын хувьд эхнэргүй, үр хүүхэдгүй байдаг шашны дэг жаяг, хатуу, дүрэм, журмыг мөрддөг байхад зөвхөн төрүүлсэн, үрчилсэн үр хүүхдэд нөхөн олговор олгох тухай хууль нь тэднийг хэлмэгдүүлээд зогсохгүй өнөөгийн төр хэлмэгдэгсэд, тэдний ах дүү, төрөл садан, ач зээ нарыг ялгаварлан гадуурхаж басамжлан доромжилж байна гэж үзэхэд хүргэж байна.
3. 1950-1960, 1970-1980-аад онд Намын эсрэг бүлэглэл, сэхээтний төөрөгдөл нэрээр хэлмэгдсэн, нутаг заагдсан / цөлөгдсөн / олон арван хэлмэгдэгсдийг цаазын ял аваагүй, хорих ялаар шийтгүүлээгүй гэдгээр үр хүүхдүүдийг нөхөн олговорт хамааруулахгүй, байгаа нь Үндсэн хуулийн зүйл, заалт, хүний эрхийг ноцтой зөрчиж байна.
4. Монголын улс төрийн их хэлмэгдүүлэлт зөвхөн түүхэн талаас нь өнгөц авч үзэж хэлмэгдэгч түүний ар гэрт цөөн хэдэн төгрөгийн тэтгэмж өгөхөөр хязгаарлаж, судалгааг зөвхөн түүхийн талаас судлахаар хязгаарлаж ирсэн алдааг залруулж, эрх зүйн ул суурьтай дүн шинжилгээ хийж, ард иргэдээ аймаглан устгасан геноцид явуулсан гэм буруугаа төр хүлээн зөвшөөрөх ёстой.Турк улс Армений ард түмний эсрэг геноцид явуулсыг 100 жилийн дараа АНУ, Франц зэрэг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрч парламентаараа баталгаажуулж байна. Монголд энэхүү шийдвэрийг гаргах нь хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүй байх, орчин үеийн улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлтийг таслан зогсооход чухал ач холбогдогдолтой.
Хоёр. Өнөөгийн Монгол Улс дахь улс төрийн хэлмэгдэл, хүний эрхийн зөрчил бодит байдал
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийг зөрчиж улс төрийн сөрөг хүчний удирдагчдыг зохиомол хэрэгт яллаж хэрэг үүсгэн, эрүүдэн шүүх, өөрийн санхүүжүүлдэг хэвлэл, мэдээлэл, тв, сошиалаар нэр төрийг нь гутаах, шоронд хорих, олон сар жилээр хуулийн байгууллагын үүд сахиулж, эрх, эрх чөлөөг нь хязгаарлах үйл ажиллагааг явуулж орчин үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт болж байна. Энэ нь төрийн бус байгууллага, иргэдээс бидэнд ирүүлсэн олон тооны гомдол, баримтаар нотлогдож байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг МАНАН бүлэглэлийн урьдчилан бэлдэж бүлэглэн зохион байгуулж, 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны шөнө олон зуун цагдаагаар орон байрыг бүсчлэн баривчилж, зохиомол хэрэг тулган шоронд хийж, эрүүдэн шүүж, хэлмэгдүүлсэн. Шударга олон нийтийн шаардлага, тэмцэл Н.Энхбаяр эрүүдэн шүүх ажиллагааг эсэргүүцэн 11 хоногийн хуурай өлсгөлөн зарлаж тэмцсэн үйл ажиллагаа, НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон олон улсын байгууллагуудын шаардлагаар арга буюу сулласан боловч, эрх баригчдын захиалгат хонгилын шүүхээр албан тушаалын гэх зохиомол хэрэгт ялласан байдаг.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа өөрийн намын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг МАНАН бүлэглэлд үйлчилж өөрийн даалгаврыг биелүүлсэнгүй гэдгээр АТГ-аар мөрдөн мөшгүүлж, тагнаж, чагнаж байсан нь нийгэмд ил болсон. Ингэхдээ АТГ гэрчийг худал мэдүүлэг өгүүлэхээр тулгах, эрүүдэн шүүх, гүтгэсэн мэдүүлэг өгсөн тохиолдолд гадаадад гаргах, хөнгөлөлт үзүүлэх амлалт өгч байсан нь гэрч хохирогч нарын мэдүүлгээр батлагддаг. Тэр ч байтугай огт танихгүй уулзаж байгаагүй, төрийн өндөр албан тушаалтныг хуурамч гэрч татаж гүтгэсэн мэдүүлэг өгч хуулийн байгууллагын оролцоотой АНУ-д гаргасан баримт байна. Хүний эрх ноцтой зөрчсөн эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан олон арван үйлдэлдээ өнөөг хүртэл нэг ч хүн бодитой хариуцлага хүлээсэнгүй.МАХН-аас 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, төрийн тусгай хамгаалалтад байсан С.Ганбаатарын гэрт ТЕГ-ын даалгавраар тагнуулын иж бүрэн тоног төхөөрөмж, камер, техник хэрэгсэл бүхий тагнуулын байгууллагын мэргэжлийн ажилтан гадаадын иргэнийг элсүүлж гэр орон байранд нэвтэрч төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.Цагдаагийн байгууллага, ТЕГ-ын гүйцэтгэх ажил нь эрх баригчдын улс төрийн бохир ажиллагааг шүүмжилсэн улстөрч, шударга иргэдийг мөрдөн мөшгих, тагнаж чагнах үйл ажиллагаа явуулдаг нь бараг энгийн үзэгдэл болсон бөгөөд энэ нь улс төр бизнесийн бүлэглэлийн захиалгат хууль бус гэмт хэргийн чанартай, хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд юм.
Үүнд Монгол Улсын шадар сайд нарыг 2015-2016, 2016-2018 онд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдыг тагнаж чагнасан төрийн эсрэг гэмт хэргүүд нь улс төрийн гэмт бүлэглэлийн захиалгаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг олон нийтээс нуун дарагдуулахыг оролдож байна. Өнөөдөр ч төрийн ордонд энэ талаар дуулиан дэгдээсэн, чагнах сонсох төхөөрөмж байрлуулсан, төрийн албаны болон хүний эрхийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүд үргэлжлэн гарсаар байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай гар утасны оператор компаниуд, хэрэглэгчдээс ажил үйлчилгээний хөлсийг авсан атлаа үүргээ хөсөрдүүлж, тагнуул цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын хэрэгсэл болж монгол хүний захидал харилцааны нууцыг задруулж байна. Үүнээс шалтгаалж мобиком, юнител, скайтел зэрэг үүрэн телефоны үйлчилгээний компаниудад олон нийтийн итгэх итгэл алдарч, бусдын нэр дээр хэд хэдэн нууц дугаар хэрэглэх, нууцлал сайтай гэгдэх вайбер, телеграмм, вичатаар харилцаж айдас түгшүүртэй орчинд амьдарч байгаа нь Монголд ардчилсан эрх зүйт төр нь дарангуйллын дэглэмээр солигджээ гэж дүгнэхэд хүрч байна. Хуучин социализмын хатуу дэглэмийн үед ч ийм завхрал байгаагүй.
Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, 223 айлд түрээсийн орон сууц олгосон гэж гурван жил мөрдөж гурван удаа хэрэг нь шүүхээс мөрдөн байцаалтад буцаж, МАНАН-ийн төр түүний гар хөл болсон этгээдүүдээс болж АТГ, Прокурор шившигтэй байдалд орж нэр хүнд нь унаж байна. Өөрийг нь ажилд томилсон улс төр бизнесийн бүлэглэл, албан тушаалтны даалгаврыг биелүүлж, сөрөг хүчний улстөрчдийг хэлмэгдүүлэхдээ хуулийг гуйвуулах, утга агуулгыг дур зоргоороо тайлбарлаж, олон нийтэд аюултай гэмт хэрэгтэн гэдэг ойлголтыг нийгмийн сэтгэл суулгаж, хонгилын хууль хяналтын байгууллагаар оруулж яллах оролдлого хийж байна.
Тухайлбал, Сайд асан М.Энхсайханыг төрийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх онц хүнд гэмт хэрэгт яллаж шүүхэд шилжүүлсэн, Эрүүл мэнд спортын сайд асан С.Ламбаа тушаал гаргаж, спортын арга хэмжээнд хөрөнгө зарцуулсныг сөрөг хүчний улс төрийн зүтгэлтэн нөлөөлсөн гэж дөрвөн жил гаруй хэвлэл мэдээллээр зарлаж хэлмэгдүүлж, мөрдөн мөшгиж хуулийнхан том даргаас өгсөн үүрэг бид яах ч аргагүй гэж бие бие рүүгээ түлхэж сууна.
Өнөөгийн хэлмэгдүүлэлтийг гардан удирдсан МАНАН-ын олигархууд, ард түмний өмч болох алт, зэс, нүүрсийг гадныхантай хуйвалдан зөөж офшорт хөрөнгөө нуусан авлигал, хээл хахууль, тендэрийн эзэд Монголын хуулийг уландаа гишгэж ямар ч ял зэмгүй явж байна. Энэ бохир мөнгөөр ядарсан иргэдийнхээ сонгох эрхийг худалдан авах замаар эрх мэдэл албан тушаалтай зууралдан ял зэмгүй үлдэхийг оролдож байна. Ялангуяа улсын нууц нэрээр хэлмэгдүүлэлт эрүүдэн шүүх ажиллагааг олон түмнээс нууцалж ирснийг зогсоож ил тод үнэн бодит байдлыг гаргаж тавих цаг болсон.
Сүүлийн жилүүдэд мөнгөний бохир сонгуулиар төрийн эрхэнд гарсан бүлэглэл улс төрийн өрсөлдөгч, сөрөг хүчнээ өөрийн хяналтанд байгаа АТГ, прокурор, цагдаа, шүүхийн байгууллага түүний гар хөл болсон худалдагдсан ажилтнуудаар хэлмэгдүүлэлтийг идэвхитэй гардан явуулж, ардчилсан гэх тодотголтой Монгол Улс хүний эрхийг удаа дараа ноцтой зөрчигдөж, улс төрийн зүтгэлтэнүүд, бизнес эрхлэгчид, жирийн иргэдийг айлган сүрдүүлж, баривчлан хорьж, эрүүдэн шүүж, тамлан зовоож, олон сар жилээр хорьж, жирийн иргэдийн бизнесийг булаан авсан цөөнгүй баримт байна.
Зарим нэг жишээг задалж үзье:
1. 10 гаруй жил Солонгост ажиллаж мэргэжил эзэмшсэн Л.Г гэж залуу хар хорин зах дээр байр түрээслэн, гар утас засварладаг. Нэг өдөр хоёр хүн ирж Samsung гар утасны код гаргуулах үйлчилгээ хийлгэж 20000 төгрөгний төлбөр төлжээ. Удалгүй уг гар утас нь хулгайн утас гэж СХД-ийн автобусанд хулгайд алдсан байна гэдэг шалтагаар Л.Г-г эрүүгийн хэргийн 18.6 д заасан “Мөнгө угаах“ хүнд гэмт хэрэгт татаж хорих ял оноож, техник хэрэгсэл хуурааж, мөнгө угаасан гэмт хэрэгт шийтгэжээ.
УИХ-ын 49 гишүүн ЖДҮ-ийн сангийн мөнгийг 950 саяас нэг тэрбум 500 саяар хувааан завшсаны дотор 8 гишүүн өөрийн ББСБ-д 3 хувийн хүүтэй мөнгийг 36-48 хувийн хүүтэйгээр иргэдэд зээлүүлж мөнгө угаах хэргийг үйлджээ. Тэдний хэргийг ээлж дараагаар хэрэгсэхгүй болгож ихэнх нь ял зэмгүй үлдэж байна.
2. Улс төрийн зүтгэлтэн Л.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан хүн алж 25 жилийн ял авсан Л.Амгаланбаатар гэгчид 500 сая төгрөг өгнө, гадаадад гаргана гэж амлалт өгч, иргэдийг шууд нотлох баримтгүйгээр хэрэг тулган эрүүгийн хүнд ялтай этгээдүүдийг ашиглан эрүүдэн шүүж тамалсан байна. Үүний цаад зорилго нь С.Зоригийг алсан гэмт хэргийг илрүүлсэн болж нэр төр, алдар гавъяа хөөцөлдсөн, нөгөө талаас МАНАН олигархи бүлэглэлийн дээд түвшин, эрх баригчдын үйлдсэн гэмт хэргийг бусдад нялзаах оролдлого нь улс орныг монгол төр, хууль хяналтын байгуууллагын нэр хүнд, олон түмний итгэлийг үгүй болголоо.
Монголд авилага, албан тушаалын гэмт хэрэгт 17 шүүгч холбогдож албан тушаалыг түтгэлзүүлсэн бол олонхи нь гэм буруугүй нь тогтоогдож цагаатгагдсан байна. Гавъяат хуульч, өмгөөлөгч асан Л.Бямбааг шүүхийн ямарч шийдвэргүйгээр 48 цаг баривчлан хорьж, хоол, уух юм өгөлгүйгээр эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь амиа хорлоход хүргэсэн гэсэн дүгнэлтийг ХҮЭК гаргасан ч олон нийтэд хүргэлгүй дарагдуулж, амь насаа алдсан хэргийг нь чимээгүй намжаав. Эмнэлэгт хоёр ихэр хүүхэд төрүүлсэн О.Э гэгч эмэгтэйг эмнэлгийн орон дээрээс баривчлан цус, сүүг нь гоожуулан авч явсан ноцтой үйлдлийн талаар ХҮЭК–ын дүгнэлт гарч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрсэн ч өнөөг хүртэл гэм буруутай этгээдэд ямар ч хариуцлага тооцоогүй, харин ч албан тушаал дэвшсэн байна. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайханыг шоронд эмнэлгийн ямар ч тусламж авч чадалгүйгээр амь насаа алдсан байхад шүүх нас барсан хүнд ял оногдуулсан тогтоол гаргасан эмгэнэлтэй, ичгүүртэй олон баримтыг иргэд гаргаж хүний эрхийн байгууллагад тавьж байна. Ковид 19 цар тахлын, хорио цээрийн дэглэмтэй үед Архангай аймгаас УБ хотод эмчлүүлэхээр ирсэн О гэгч эмэгтэй 22 товчоон дээр 24 цаг саатуулагдан эмнэлгийн ямар ч тусламж авч чадалгүй амь насаа алдаж НОК, эмнэлэгт хүргэх талаар 100 орчим удаа утасдсан ч хариу өгөөгүй шалтгаар амь насаа алдсан байна. Эдгээр нь Монголын төр хүний эрхийн асуудлыг үл тоомсорлож монгол хүний амь насыг хохироож, эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байгаа хөдлөшгүй баримт юм
Иймд 1. УИХ Монголын хүний эрхийн бодит байдлыг олон нийт иргэдийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцэх, XX зуунд ард түмнээ хэлмэгдүүлж, геноцед явуулсныг хүлээн зөвшөөрч, УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд ард түмнээсээ уучлал хүсэх, хэлмэгдэгсэд үр хүүхэд, ач зээ нарын хохирол гомдлыг барагдуулахыг шаардаж байна. Ийм бодит арга хэмжээ аваагүй нөхцөлд олон улсын эрүүгийн шүүхэд Монголын хүний эрхийн байгууллага болон иргэдээс хандаж, хэлмэгдүүлэлтийн асуудлыг дэлхийд гаргаж тавихад хүрч энэ нь Монгол Улсын нэр хүндэд ноцтой үр дагавартайг анхааралдаа авахыг хүсч байна.
2. Ард түмний хараа хяналт, идэвхитэй оролцоотой шударга сонгууль явуулж, системийн шинж чанартай төрийн хямралаас гарах улс төрийн намыг төрийн дээр тавьж нам дамжсан олигархи, мафийн дэглэмээс салах, байгалийн баялгийг луйвардаж тэр мөнгөөр төр, хэвлэл мэдээлэл, шүүх прокурор АТГ-г худалдан авч байгаа гэмт үйлдлийг таслан зогсоох цорын ганц гарц бол хоёр шатны парламентийн тогтолцоо юм. Шүүх, Прокурор, АТГ мөрдөн байцаах байгууллагыг үндсээр нь шинэчлэх, цэвэрлэгээ хийх шаардлагатайг бодит байдал харуулж байна.
1. Хүний эрхийн үндэсний комисс эрх баригчдаас хараат, үйл ажиллагаагаа бие дааж явуулах чадваргүй, улс төрийн хэмжүүрээр эрх баригчдаас томилогдож байгаа нь монголд хүний эрх ноцтой зөрчигдөх нөхцлийг бүрдүүлж байна. Иймд хүний эрхийн байгууллагын гишүүдийг эрх баригч нараас хараат бусаар ард түмний шударга сонгуулиар сонгогдож үйл ажиллагаагаа ард иргэдэд тайлагнадаг тогтолцоонд шилжих шаардлагатай.
Гуч гаруй жил хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэж хэлмэгдэгсдийн асуудлыг судалж ажилласны хувьд хэлмэгдүүлэлтийг зохион байгуулж, нам төрийн албан тушаалтан удирдсан этгээдүүдийг олон нийтэд ил болгох төдийгүй, эздийнхээ даалгавраар хэлмэгдлийг гардан гүйцэтгэсэн эрүүдэн шүүсэн мөрдөгч, байцаагч, прокурор, шүүгч нарыг нэр ус албан тушаал, удам судартай нь хэвлэл мэдээлэлд гарган тавих нь тэд дахин хүн хэлмэгдүүлэхгүй байх баталгаа болж өгөх юм.
Орчин цагийн хэлмэгдүүлэлтүүдийг гардан үйлдсэн мөрдөгч, прокурор, шүүгч, хууль завхруулж, бусдыг хэлмэгдүүлж үүнийхээ шанд албан тушаал одон медаль хүртэж ирснийг хамт олон нь шүүмжлэн ярьж байна.
2. Хүний эрх гэдэг эрхэм нандин зүйлийг ЕБС, Их дээд сургуулийн хөтөлбөрт ”ялангуяа хуулийн сургууль” оруулж эх оронч хүнлэг монгол хүнийг бэлдэх ёстой. Чанаргүй дээд боловсрол мэдлэггүй боловсон хүчин гаргаж, тэд танил тал арын хаалгаар прокурор, АТГ, шүүхэд орж эрх мэдэл, албан тушаалдаа эрдэн монгол хүнийг хэлмэгдүүлж хохироон хүний эрхийг зөрчиж, эрх баригчдад үйлчилж байгааг зогсоох цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
3.Хэлмэгдүүлэлтийн хохирлыг сэтгэл зүй, бие махбодь, амь нас, эрүүл мэндийн талаас тооцож тогтоох, төсвөөс гаргаж улмаар гэм буруутай мөрдөгч, прокурорын цалингаас шууд суутгах хуулийн өөрчлөлт хэрэгтэй.
4. Хууль шүүх, прокурор, АТГ, цагдаа, ТЕГ-ыг эрх баригч намаас албан тушаалтнаас хараат бус болгох хууль зүйн орчныг бий болгоё. Үүний хамт хэлмэгдүүлэлт хийсэн буруутай этгээдийг шууд албан тушаалаас огцруулдаг болох нь зүйтэй түүнчлэн олон улсын хандлага авилга хүнд сурталтай тэмцэх шаардлагыг үндэслэн УИХ- ын гишүүд, өндөр албан тушаалтны халдашгүй байдал гэх хамгаалалтыг хүчингүй болгохыг шаардаж байна.
Бид Монголын хүний эрхийн өнөөгийн байдал шийдвэрлэх арга замын талаарх энэхүү танилцуулгыг НҮБ, Европын хүний эрхийн комисс, Олон улсын хүний эрхийн байгууллагад хүргүүлж байгаа болохыг мэдэгдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.11 БААСАН № 237 (6462)