Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төсөлд АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн саналаар бус АТГ-ын дарга томилох өөрчлөлтийг тусгасан юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төслийг дэмжих нь зөв гэж бодож байна. Нам дамнасан бүлэглэл Ерөнхийлөгчийн хавиар эргэлдээд, тохиролцоо хийгээд явдаг байсан юм. Сүүлийн үед ч энэ байдал хэвээр байна. АТГ нэг толгойтой байсан нь дээр. Хоорондоо хэрэлдээд байж таарахгүй" гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хуулийн төслийг дэмжихгүй. Харилцан хяналт байх ёстой. АТГ Засгийн газрыг хянах байгууллага. Сайд, дэд сайд нарыг Засгийн газраас томилдог. Тэгэхээр харилцан хяналттай байж, УИХ-аас АТГ-ын дарга, дэд даргыг нь томилдог хэвээр байх нь зөв болов уу. Сонгон шалгаруулалтыг УИХ-аас явуулдаг байх хэрэгтэй" гэсэн юм.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжив.
Эх сурвалж:www.polit.mn