Т.САЙХАН
Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулийг ямар дүрмээр явуулах вэ гэдгээ эрх баригчид өчигдөр хэлэлцэн тодорхой болгов. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Голлон заалтуудыг хүргэж байна.
-Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсгийг “нэр дэвшигч” гэж тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэж өөрчлөв.
-Төслийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсгийг 5.6 дахь хэсэг болгож “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн 57.6 хувь нь дэмжив.
-Төслийн 3 дугаар зүйлд ““эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намуудыг;” хэлнэ.
-Төслийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байна” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжжээ.
-Төслийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна” гэжээ
-15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
-Төслийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно” гэсэн агуулгатай 19.21 дэх хэсгийг тус тус нэмэхээр тогтов.
-Түүнчлэн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэснийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглоно” гэжээ.
-Төслийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийг “Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, хороо, баг тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Сонгогчийн тооноос хамаарч аймаг, дүүргийн хэмжээнд 200 хүртэлх сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
-33 дугаар зүйлд “өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 33.2.8 дахь заалт, 35 дугаар зүйлд “Энэ хуулийн 33.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 35.11 дахь хэсгийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжив.
-Түүнчлэн хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэнд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.” гэжээ.
-Төслийн 40 дүгээр зүйлд “Нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна” гэсэн агуулгатай 40.27, “Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.” гэсэн агуулгатай 40.28 дахь хэсгийг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.
-Мөн төслийн 41 дүгээр зүйлд “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно”; “Энэ хуулийн 41.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 41.11, 41.12 дахь хэсгийг нэмэхээр болов.
Эх сурвалж:www.polit.mn