-Цар тахлын үед ходоодоо сайн тэжээ, дархлаа тогтоо л гээд байгаа. Тархи маань тэжээлийн доройтолд орвол яах юм?!-
Г.ЖАМЬЯН
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч
Бүх нийтийн бэлэн байдал зарлаад хатуу хөл хорио тогтоочихсон чинь махны оочер гадаа гудамжаар зах нь харагдахгүй үргэлжилж, гурил будааг гурав дөрвөн шуудайгаар нь давхарлаж зөөлөө. Байцааг хэлхээд үүрчихсэн чинь “арван толгойтой” хүн шиг юм явна. Ходоодны тэжээлээ бэлдэж, бэлдүүлж байгаа нь энэ.
Миний хар ухаанаар бол энэ дархлаа гэдэг юмыг ходоодноосоо гадна, тархи толгойноосоо эхлэмээр санагддаг. Өөрөөр хэлбэл, хүн гэдэг амьтан тархи толгойныхоо тэжээлийг сайн авбал ямар ч өвчнийг эсэргүүцэх дархлаа тогтоно гэж мунхагладаг хүний нэг нь би.
Ямар ч нөхцөлд, сайхан дуу хууранд умбаж, сэтгэлийн таашаал эдэлж, инээд баяртай яваа хүн тэгтлээ өвчин зовлонд автдаггүй. Өвчин туссан ч хөнгөн тусч, түргэн эдгэрдэг тал ажиглагддаг. Нэг эрдэмтэн хөгжмөөр эмчлэх эмчилгээг нээсэн. Иймээс би энэ удаа цар тахлын үед тархи толгойны тэжээл ямар байгаа, цаашид анхаармаар хэдэн зүйлийг тэрлэж суугаа минь энэ. Манай радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус цар тахлын талаар өргөн нэвтрүүлж байна. Цахим сүлжээнд ч ялгаагүй. Энэ зөв л дөө. Гэхдээ бас анхаарууштай зүйл байна аа. Бүх насны хүнд ойлгуулж итгүүлэхээсээ айлгах нь илүүтэй ажиглагдах юм. Зурагт асаах болгонд л коронавирусын “саргар” вирус угтаж байна. Тэгээд л нэг зүйлийг хэдэн арав давтана. Зарим телевиз дэлгэц дээрээ байнгын хөдөлгөөнт вирустай болсон. Зарим нь булан дээрээ байнгын “төчнөөн хүн өвчилсөн, төчнөөн хүн нас барсан” гэдэг булантай болсон гэх мэт биднийг айлгах зүйл их болсон. Таньдаг хүн маань тэр саргар вирусыг зүүдлээд унтаж чадахаа больсон ч гэх шиг янз бүрийн зүйл чих дэлсэнэ. Хамгийн түрүүн сонин хэвлэлүүдийг хязгаарлаад шуудангийн цэгүүдийг хаачихсан. Би бол “биднийгээ байнга битгий айлгаач ээ, тархи мэдрэлд маань “тэжээл өгөөч” л гэж гуйгаад байгаа юм. Хүмүүс бид, нас насандаа тохирсон тархины тэжээл авмаар байна. Залуучууд маань тэр цахим сүлжээнээс үнэн худал мэдээлэл аваад болж л байгаа байх. Дундаас дээш насныхан чинь өдөр дутмын сонин хэвлэлээсээ албан ёсны мэдээлэл авч, баярлах зүйлд нь баярлаж, гутрах зүйлд нь гутрах болдог. Гэтэл хамгийн түрүүнд бүх цэгийг цоожилсон. Утсаар асуухаар хэвлэлийн бидэнд хатуу үүрэг өгсөн гэх. Тэгээд бид хаанаас “тэжээл” авч тархи мэдрэлийн доройтолгүй байх болж байна аа.
Телевизээр нэвтрүүлж байгаа зүйлийг хараарай. 70-80 хувь нь олон жилийн өмнө гарч үеэ өнгөрөөсөн алаан хядаантай кинонууд, коронавирус-цар тахал, хүүхдийн хичээл, хүүхэлдэйн кинонууд. Энэ бүхнийг би буруутгахгүй. Нас насандаа таарсан “тархины тэжээл” авах ёстой юм. Залуучууд нь тэр их хатуу дуу хөгжим, хөдөлгөөн ихтэй бүжиг наадмуудыг сонирхож л байгаа. Хүүхдүүд нь хүүхэлдэйн орчуулгын кинонуудыг аль сувгаас үзэж харж болж байгаа.
Харин, дундаас дээш насныхан тухайлбал, 400 мянга гаруй ахмад настан, 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн... гээд үндэсний уламжлалт урлаг соёлоо үзэхсэн, түүгээр тархи оюунаа тэжээлгэхсэн гэх хүн олон байгаа. Би тэдний нэг л дээ. Би сонинд хэд хэдэн удаа “бидний урлаг эргэж ирэхгүй юм бол уу?! гэж бичсэн. Ялангуяа, энэ урт хугацаатай хөл хорионы үед “бидний урлаг” үнэхээр үгүйлэгдэх юм. Өдөржин коронавирус үзсэн хүмүүс сайхан дуу хөгжим, кино жүжиг үзчихээд унтахад амар тайван нойрсох юм даа.
“Бидний урлаг” гэж чи юу хэлээд байна гэх хүмүүс таарна л даа. “Цогт тайж” “Монгол хүү” “Тунгалаг тамир” гэсэн кино, “Учиртай гурван толгой” “Шарай голын гурван хаан” гэсэн жүжиг, Ардын болон алтан үеийнхний дуулж сэтгэлд хоногшуулсан дуунууд, Ж.Данзан, Б.Содном, Бадарч... нарынхаа үлдээсэн хошин шог тоглолтууд, “Хэнтийн өндөр ууланд” ... мэтийн симфони-найрал хөгжмүүдийг л хэлээд байгаа юм. Хааяа нэг хагас дутуу, бичлэг муутай үзэгдээд өнгөрсөн ч сайхан л байдаг юм.
-Би орчин үеийнхээ урлаг соёлын алдар суутнууд тэдний бүтээл туурвилыг дутуу үнэлэхгүй ээ. Манай урлаг соёлынхон дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндээ өргөн явсан газар, оролцсон уралдаан тэмцээн болгоноосоо өндөр шагналтай ирж байгаад баярладаг. “Та тэгээд юу хүсээд байгаа юм” гэж надаас асуух байх. Юуны өмнө яг зохиолын утга агуулгад зохицсон “Учиртай гурван толгой” дууриа хүсээд байгаа юм. Би энэ алдарт дуурийн тухай олон удаа бичсэн. Нэг л зүйлд сэтгэл эмзэглээд байдаг юм. Дүрүүдэд нь таарсан жүжигчнээ олдоггүй, алдар цол, амин хувийн сонирхлоор хэн нэгнийг тоглуулаад зохиолчийн санаа, үзэгчдийн итгэлийг гутаачихдаг л даа. Энэ дуурийн гол баатрууд нь 20-30 насны сайхан монгол залуучууд байх ёстой юм. Балганы дууллаар “Эхнэр авахыг бодсон” залуус. Тэгтэл манай театр урлагийнхан гол хэдэн дүрд 50-60 настай хүмүүсийг тоглуулчихаар чинь яаж ч сайхан дуулж жүжиглээд, сэтгэлд буудаггүй юм. Нэлээн дээр үед манай нэг настайвтар алдарт жүжигчнийг Нансалмаад тоглуулсан. Хамгийн бараан царайтай эмэгтэйг сонгон авсан. Тэгтэл Балган “Цав цагаан царай чинь цасны ширхэгээс ч тунгалаг” гэж дуулаад байдаг. Одоо ч ялгаагүй, ийм л “учиртай гурвууд” тоглож сэтгэл эмзэглүүлээд байгаа. Дууриудад тэр дундаа “Учиртай гурван толгой” дуурийн аль ч дүрийг бүтээхээр сайхан залуу жүжигчид мөн ч олон болж дээ. Тухайлбал, Б.Алтанжаргалыг Юндэнд, Б.Батцэцэглэнг Нансалмаад, П.Баярмагнайг Балганд тоглуулаад “учиртай гурав” бүтээж өгөөсэй хэмээн хар ухаанаараа мунхагладаг юм даа.
Залуу сайн жүжигчин олон төрж байна. Зах зээлийн нийгмийн араншин нь юм уу даа. Сайн бодож сэтгэж, удаан амьдрах бүтээл хийхгүй, хам хум хандах явдал ажиглагдах юм. Тухайлбал, хошин шогийнхон маань мөн ч их шүүмжлүүллээ. Тэгсэн хэрнээ олон түмний хүсэн хүлээлтийг хангаж чадахгүй, “рекламынхан” болоод, сүүлдээ машинаа засуулаад уйлдаг жүжигчид л боллоо доо. Чадал авьяас бол бий. Даанч дайчлахгүй, бодож сэтгэхгүй байна. Бидний үед төдийлөн дуулагддаггүй “Малчны уралдаан” гэж дуу байлаа. Түүнийг манай хошин шогийнхон ямар сайхан найруулж амьдруулсан гээ. Би телевизийн нөхөддөө гурван зүйлийг захьдаг юм. Дуучин Б.Мягмарсүрэнгийн “Хөөрхөн халиун” клип, хошин шогчдын “Малчны уралдаан”, хошин шогийн жүжигчин Б.Даваажавын дуулсан “Монголын тал нутаг” дууг нэвтрүүлж өгөөч гэж. Хэн ч тоож нэвтрүүлж өгдөггүй юм.
Ахмад настан биднийхээ “тархины тэжээл” болгон хийж байгаа олон сайхан уран бүтээлийг үгүйсгэх аргагүй. “Сүлд” караоке-г бид энэ хаваржин зунжин үзсэн. Монголын нутаг бүрийн “нуугдмал” авьяастныг гаргаж ирэн их өргөн далайцтай ажил болсон. Гурван шатны тоглолтыг нь цаас харандаа бэлдчихээд цаг алдалгүй үзэж сонирхсон. Харамсалтай нь эцсийн шалгаруулалтын тэргүүн байрнаас бусад нь олны саналд нийцээгүй. Өндөр шагналтай энэ уралдааны тэргүүн байруудад будлиан орсон гэж олон түмэн ам султай хоцорсон. Шалгарсан тэр олон сайн дуучдаар бүрдсэн тусгай концерт тоглох байх гэж нийтээрээ хүсэн хүлээж байсан боловч таг чиг. Магадгүй, би олж үзээгүй ч байж болох юм.
Бидний тархийг тэжээдэг нэг чухал зүйл гарч ирсэн нь “Талын Монгол”-ын өглөө болгон нэвтрүүлдэг 90 минутын концерт. Манай урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, өсч өндийж байгаа залуу уран бүтээлчид оролцоод бидний үзэх дуртай нэвтрүүлэг байж билээ. Сүүлдээ бууран буурсаар бидний үзэх дуртай биш, “үлээгээд” хаачихмаар нэвтрүүлэг болсон. Арван хэдэн дуучин, мөн тооны дууг өглөө болгон хойно өмнө нь оруулаад сонсох ямар сонирхол байх билээ дээ. Хэдэн жилийн өмнө нэг судлаачийн тайланд “Монголд ардын болон алтан үеийнхний 1000 гаруй дуу бий” гэж бичснийг санаж байна. Түүнээс хойш энэ олон хөгжмийн зохиолч мөн ч олон дуу зохиогоо доо. Хэдэн мянгаар тооцогдох байлгүй. Тэгтэл манай “Талын Монгол” арван хэдэн дуунд эргэлдээд байдаг нь сонин л санагддаг. Зарим жүжигчний дуулдаг дууг дахин дуулуулчихна. Нэг л удаагийн концертод шүү дээ. Уул нь энэ нэвтрүүлэгт бид бүхний хүлээж хүндэлж явдаг дуучдаас Монгол Улсын гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Д. Ширмэнтуяа нар дуулна. Бас Д.Баярмагнай “Аавын нутаг”, Т.Баярхишиг “Зүрхний хайрт”, С.Сэрчмаа “Ангир ижий”... гэсэн дуугаа дуулж баясгадаг байсан юм. Миний найз Д.Алхбаатарын бараг л мартагдах шахаж байсан “Зүрхний хайрт” дууг залуу дуучин Т.Баярхишиг чадварлаг дуулж олны сонорыг мялаасанд баярлаж байгаа. Энэ ялдамд хүлээж хүндэлж явдаг дуучин П.Баярмагнайдаа нэг зүйл хэлэх гэсэн юм. “Аавын нутаг” дуундаа нутгийн чулуу гээд том хадны хагархай барьж үнсээд, өвөртлөөд байна билээ. Нутгийн чулуу гэдэг чинь их учиртай юм шүү дээ. Зүгээр нэг хаа таарсан хадны хагархай аваад өвөртлөөд ч байдаггүй юм. Тэр чулуу танай нутгийн чулуу байж болно оо. Бас учир бий. Амьдралд ойртуулах , итгэл үнэмшилтэй болгох хэрэгтэй. “Цогт тайж” кинонд цэргүүд нь хар тангадыг дайлаар мордохдоо Туулын уснаасаа амсаж, жижиг чулуунаас нь алчууртаа боож авдаг даа. Бас нэг жишээ хэлэхэд 45 оны дайнд оролцсон цэргүүд Алтан-Овооныхоо чулуунаас аваад дундуур нь нүхлээд одоо хүртэл хүзүүндээ зүүж явсан баримт бий. Нутгийн чулуу гэдэг чинь хүнийг муу юмнаас хамгаалж, нэг ёсондоо уул ус нь түшиж явна гэсэн санаа. Тиймээс “Аавын нутаг” дууны хувьд энэ чулуу төдийлөн итгэл үнэмшилтэй болоогүй. Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров маань сүүлийн үед зохиолчидтой хамтран П.Адарсүрэнгээс эхлээд алтан үеийнхнээ эргэн дурсаж, бүтээл туурвилыг нь нийтийн хүртээл “тархины тэжээл” болгож байгаад баярладаг шүү. Сүүлийн үед сайн дуучид, сайн жүжигчин, бүжигчид төрж байна. Тэд бие даасан тоглолтуудаа бэлтгэж, нийслэл төдийгүй хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж түмэн олноо баярлуулах юм даа. Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу”, Ч.Алтантүлхүүрийн хөдөө аж ахуйн сэдэвтэй дуу хөгжмийн тоглолт гээд манай урлаг соёлын урын сан баяжиж байна.
Харамсалтай нь тэр бүхнээс энэ урт хугацааны хорио цээрийн үед ахмад үе бидэндээ хүртэж байгаа нь даанч бага. Сэтгэлд хоногшин үлдмээр, бидний тархи оюуны тэжээл болохоор шинэ сэргэг зүйл ховор байгаад харамсах юм.
Уран бүтээлч нөхдөөсөө нэн түрүү хүсэх хэдэн зүйл байна.
-Монголын ард түмний мөнхийн бүтээл “Хөх торгон дээл” гэдэг дуу бий. Домог болсон дуу л даа. Энэ дууны клипийг хийж бидэндээ сонирхуулна уу.
-Армийн дуу бүжгийн чуулгад Б.Төмөр гэж алдартай дуучин эмэгтэй байгаад саяхан таалал төгссөн. “Амрагийн дуу”-г анх амилуулсан, гадаад дотоодод олон удаа тоглуулсан хүн бол гавьяат жүжигчин Б.Төмөр. Энэ хүний дуулснаар “Амрагийн дуу”-г бидний үеийнхэн болон орчин үеийн залуустаа хүргэх юмсан.
-Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Бурмаа “Эхийн ач” дууг сайхан дуулах юм. Би энэ дуучинд нэг зүйлийг захих гэсэн ч уулзаж учирч чадахгүй юм даа. “Эхийн ач” дуу чинь олон бадагтай, өргөн хүндтэй дуу юм билээ. Манай нутгийн хөгжмийн зохиолч Ц.Жагдал амьд сэрүүндээ энэ дууны бүтэн эхийг бичүүлж байсныг би одоо новшиндоо эрээд олохгүй байгаа юм. Сэтгэлд үлдсэн хоёр л бадаг байна.
...Элэгдэхийн өмнө элэгддэг нь
Энгэр тохой хоёр уу даа
Энэрэхийн өмнө энэрдэг нь
Ээж аав хоёр уу даа
... Салбарахын өмнө салбардаг нь
Салбан хоёр нудрага уу даа
Санагдахын өмнө санагддаг нь
Ээж аав хоёр уу даа... гэсэн хоёрхон бадаг үлдэж. Д.Бурмаа дуучин минь “Эхийн ач”-ийг дуулахдаа энэ хоёр бадгийг оруулаад дуулчихдаг ч юм уу, бусад бадгийг нь олоод сайхан клип хийчихвэл өвгөн бичээч нь мөн ч их баярлана даа. За болъё. Үг олдож, үхэр холдлоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)