
А.ДОРЖХАНД
“Polit.mn” цахим сайт Дорноговь аймгийн музейтэй хамтран “ Цахим мүзей” буланг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаа Говийн дошгин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сан хөмрөгөөс танилцуулж байна.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа нь 1832 онд Саран хөхөөний намтар жүжгийн зохиол бичиж найруулан тавьж байсан түүхтэй. Энэ жүжигтээ өөрийн шавь иргэдээс оролцуулан тоглосон гэдэг. Тиймдээ ч Монголын театрын урлагийн үндсийг тавьсан хэмээн судлаачид үзсэн байдаг. Тэрээр өөрийн товч намтартаа энэ жүжгээ тавихын тулд Хангай нутгаас мод татуулан Тулгатын уул, Хамарын хийдэд “Намтар тоглох сүм” бариулж буй тухайгаа дурдсан байдаг. “Намтар дуулах дацан”-д нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохиол бүтээлээ 30 хоногоор тоглодог байжээ. Энэ жүжиг нь анх тавигдсанаасаа хойш 1920-аад оныг хүртэл Хамарын хийдэд тоглогдож байсан бөгөөд 60 орчим хүнтэй нүүдэллэн явж тоглож байсан гэх мэдээ байдаг байна. Д.Данзанравжаагийн байгуулсан “Намтар тоглох сүм”-ийг судлаач доктор Э.Оюун, Ц. Мөнх нар дүгнэхдээ “Орчин үеийн театраас дутахааргүй, урлагийн олон төрөл жанрыг багтаасан өвөрмөц сонин театр” байжээ хэмээн үздэг. Харин энэ жүжгийн гар бичмэл нь өдгөө хадгалагдаж буй бөгөөд материал нь цаас даавуу, хэмжээ нь 35.2 см,өргөн нь 21.7 см юм.
Эх сурвалж: www.polit.mn