Ч.ОЛДОХ
“Бөөрний ангиографийн оношлогоо, судсан дотуурх эмчилгээ” ном хэвлэлтээс гарчээ. Энэ ном эмч нар, ангиорафийн чиглэлээр суралцагчдад зориулагдсан байна. Гэхдээ хүмүүс шинжлэх ухааны тал бүрийн судалгаа, мэдээллийг сонирхон уншиж судалдаг болсон. Тиймээс судсан дотуурх эмчилгээний тухай сонирхон судалдаг хэн ч номын зохиогчдод хандахад нээлттэй юм.
Уг номыг Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, судсан дотуурх мэс засалч З.Лхагвасүрэн, анагаах ухааны доктор, 2004 оны Азийн шилдэг залуу эрдэмтэн шагналт Д.Гончигсүрэн, анагаах ухааны доктор, клиникийн профессор, судсан дотуурх мэс засалч Х.Батмягмар нар хамтран бичжээ. Ариутган шүүсэн редактороор Монгол Улсын гавьяат эмч, академич, ард олондоо “Бөөрний” хэмээн овоглогдсон Х.Гэлэгжамц, Монгол Улсын гавьяат эмч, “Дүрс оношилгооны” хэмээн нэршсэн Ц.Бадамсэд нар ажилласан байна.
Ном дотроо зургаан бүлэгтэй. “Бөөрний анатоми, бүтэц, үйл ажиллагаа”, “Бөөрний ангиографийн оношилгоо”, “Ангиограф хийх техник” гэсэн эхний гурван бүлэгт бөөрний үйл ажиллагаа ямар үед ангиорафийг ямар заалтаар хийх, ямар багаж материал ашиглах, ямар хүндрэлүүд гарч болзошгүйг дэлгэрэнгүй дурдсан байна.
“Бөөрний судсан дотуурх эмчилгээ” гэсэн дөрөвдүгээр бүлэг нь дотроо таван хэсэгтэй юм. Үүнд, бөөрний артерийн нарийслыг эмчлэх, бөөрний хортой болон хоргүй хавдрын судсыг бөглөх, бөөрний судасны цүлхэнг эмчлэх талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаанд зүрхний судсан дотуур түлэх эмчилгээ нэвтэрсэн бол номыг зохиогчид даралт ихсэх үед бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг түлэх, таслах эмчилгээг Монголд анх гардан хийсэн эмч нар юм. Тиймээс энэ талаар туршлага, эмчилгээний үр дүнд үндэслэн уг номын дөрөвдүгээр бүлэгт бичсэн байна. Тавдугаар бүлэгт “Тодосгогч бодис, ультравист” буюу шинжилгээ, оношилгооны мэдрэг болон өвөрмөц чанарыг дээшлүүлэх асуудал, түүнчлэн судсан дотуурх эмчилгээг гардан хийж эмч нар, эхлэн суралцлагчдад зориулсан ангиографийн практик, онол хавсарсан 150 сорил тестийг оруулжээ.
Эх сурвалж: www.polit.mn