Р.Сансармаа: Хүнсний үйлдвэрлэлийн буян гэж байдаг бололтой

2014-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Салями”, “Бяслагт”, “Зэрэглээ” гэх мэт нэр уншигч танд танил байна уу. Хиам, мах махан бүтээгдэхүүний зах зээлд “Траст” гэдэг нэрээрээ олны танил болсон нэгэн компани бий. Энэ айлыг тэргүүлж яваа тус компанийн гүйцэтгэх захирал Г.Сансармааг энэ удаагийн зочноор урилаа.

-Таны бизнес сайн уу? Манай улсад бизнес хийхэд маш олон саад даван туулж ард нь гардаг гэдэг. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед өмнөө тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулж байна?

-Эдийн засаг хүнд байхад бизнес эрхэлнэ гэдэг амаргүй даваа. 2008 оны хямрал одоогийнхоос харьцангүй гайгүй байсан юм болов уу. Ер нь бидэнд бусад салбаруудыг бодвол тусгал нь арай бага байдаг гэж боддог. Энэ нь өөрөө хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой болов уу. Хүмүүсийн хувьд ямар ч саад бэрхшээл, хүндрэлтэй тулгарсан бусад зардлаа хэмнэхээс хоол, хүнсээ хасдаггүй. Тиймээс хүнсний үйлдвэрлэлийн буян гэж байдаг бололтой. Өмнөх хямралын үеэр хямд төсөр бүтээгдэхүүний гүйлгээ сайн байсан нь анзаарагддаг байлаа. Энэ удаагийн хямралыг харж байхад эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангасан л бол үнэ харгалзахгүй худалдан авч байна.  Манай компанийн бүтээгдэхүүний хувьд бусад газруудтай харьцуулахад үнэ өндөртэйд тооцогддог. Эдийн засаг хямарч, хүмүүсийн худалдан авах чадвар буурсан байна гэж байгаа ч борлуулалт буураагүй.

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн хариуцлага гэдэг зүйл бий. Сүүлийн үед хүмүүс тухайн компани нийгэмд ямар байр суурь эзэлж байгааг нь сонирхдог болжээ. Танай байгууллагын хувьд ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Мэдээж бидний бизнесийн амжилт, ажлын үр дүн манай хамт олны хөдөлмөрийн үр шим. Тасралтгүй 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас ажилчдын цалин хөлс, нийгмийн халамж сайн. Зөвхөн цалин хөлсөөр хүмүүсээ тогтоохыг зорьдоггүй. Хүний хөгжил тал руу нэлээд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ажилд орохоор ирсэн хүнийг шууд хутга бариулаад эсвэл нэг машины ард зогсоож болохгүй л дээ. Эхлээд сургалтад хамруулна, цаашлаад мэргэшүүлэхэд анхаардаг. Манайд мэргэшсэн болон мэргэжлийн ажилчид нийт ажилчдын 90 хувийг эзэлнэ. Ингээд ажиллаж байгаа хүн ажлаасаа гардаггүй юм. Өмнөх жилүүдэд ажиллах хүчин олддоггүй, хэцүү байсан. Хэчнээн зар тавьсан ч ажилд орохоор хүн ирэхгүй. Тэр бүү хэл утасдаж сонирхдоггүй байсан. Харин энэ жилийн тухайд ажилд орохыг хүссэн өргөдөлд дарагддаг болчихоод байна. Яагаад ч юм сүүлийн үед хүмүүс биеийн амраар мөнгө олохыг эрмэлздэг болсон юм шиг санагддаг. Учир нь хүнсний үйлдвэр гэхээр ажил ихтэй, цаг наргүй ажиллана, хүнд нөхцөлтэй гэж боддог шиг байгаа юм. Эсвэл уул уурхайд ажиллавал өндөр цалин авна гэж боддог ч юм уу, сайн хэлж мэдэхгүй юм. Ямартай ч мэргэжлийн боловсон хүчний хомсдол манай салбарт байдаг. Энэ жил эдийн засаг хямарсан, олон аж ахуйн нэгж хаалгаа барьсантай ч холбоотой юмуу, ажилд орох хүмүүсийн хүсэлтэд дарагдаад сууж байна. Манай компанийн хувьд өсөн дэвжиж байгаа байнга л хүний нөөц дутагддаг учраас ажлын байрны зар гаргадаг. Хүний нөөц гэдэг бизнесийнхний толгойг өвтгөсөн асуудал л даа.

-Ажилчдынхаа цалинг өгч чадахгүй болсон шалтгаанаар нэлээд олон газар хаалгаа барьсан гэж сонсогдох юм. Харин танай компанийнхан энэ бартааг хэрхэн туулж байна вэ?

-Энд тэндгүй компаниуд хаалгаа барьсан, түр зогссон гээд сонсогдоод байна. Нойр хоолгүй шахам зүтгэж байж арайхийн хөл дээр нь босгочихоод эдийн засгийн хямралын шуурганд өртчихөөр хэцүү байгаа. Би түрүүнд хэлж байсан Хүнсний үйлдвэрлэлийн буян гэж байдаг бололтой. Түүний ачаар гайгүй явна. Мөн ажилчдаа ажлын байраар хангаад, цалин хөлсийг нь цаг тухайд нь өгөөд явж байна. Мэдээж бэрхшээлгүй юм гэж хаа байхав. Тэр бүгдийг зовлон болгоод байж болохгүй гэж боддог. Хүнсний үйлдвэрлэлийн хувьд нэгжээс олох ашиг багатай, маш их зүтгэж байж амжилтанд  хүрдэг тийм л салбар. Байнга өрнөөс өрний хооронд явна. Гэхдээ тасралтгүй шинж чанартай, улирал харгалзахгүй учраас гайгүй. Эдийн засгийн нөлөөлөл мэдээж манай салбарынханд гарна. Гэвч бусад салбарыг бод­вол харьцангүй зөөлөн тусдаг гэж хэлж болох юм. Тухайлбал, уул уурхайн компани болон бусад том үйлдвэрүүд манай компанийн бүтээгдэхүүнийг захиалдаг байсан бол одоо захиалга багассан үзүүлэлттэй байгаа.

-Бизнесийнхэн төрөөс дэмждэггүй, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл эзэндээ хүрдэггүй гэх гомдол гаргадаг. Танай компанийн хувьд энэ зээлд хамрагдаж байсан уу. Хэр үр өгөөжтэй ажил гэж боддог вэ?

-Төрөөс үзүүлдэг дэмжлэг, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн талаар төдийлөн мэддэггүй байсан. 2009 он хүртэл бор зүрхээрээ зүтгэсэн байдаг юм. Тодорхой хэмжээнд хүмүүст танигдаад ирэхийн цагт хүсэлт гаргахаар бидэнд нээлттэй ханддаг. Учир нь бидний үйл ажиллагаа жигдэрсэн, хөрөнгийн баталгаа байгааг бүгд мэдэж байна шүү дээ. Өнгөрсөн жил Засгийн газраас хэрэгжүүлж бай­­гаа “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зээл авсан. Тэр зээлээр махны үйлдвэрээ барьж ашиглалтад оруулсан юм.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Та энэ хөтөлбөрийн талаар юу гэж боддог вэ?

-Бизнес эрхэлж байгаа хүний хувьд манай арилжааны банкнаас гарч байгаа зээлийн хүү хэт өндөр. Ер нь дэлхийд ийм өндөр хүү гэж байдаггүй. Бид Япон, Солонгос, Вьетнамын хөрөнгө оруулагчидтай уулзаж байхад “Танай арижлааны банкны зээлийн хүү ийм өндөр байхад яаж хөл дээрээ босдог вэ” гэж гайхаж асуудаг. Засгийн газраас гаргасан хөнгөлөлттэй зээлийн тухайд маш сайн мэдээ, бас үр өгөөжтэй. Мэдээж төрийн оролцоо бизнест байж болохгүй гэдгийг бүх хүн мэддэг болсон. Хэрэв төр оролцвол хүндрэлүүд өсдөг гэдгийг харуулсан индекс байдаг. Хамгийн тод жишээ нь нөөцийн махны тухай хэлж болно. Сүүлийн хэдэн жил төрөөс мөнгө гаргаад нөөцийн мах бэлтгэдэг. Гэтэл тэр нь бодит амьдралд хэр нөлөөлж байгааг ард түмэн мэднэ шүү дээ. Энэ нь хэсэг бүлэг хүмүүсийн төрөөс мөнгө авах арга нь болсон юм уу даа гэж хардаг. Нөөцийн мах бэлтгэж байгаа нь махны үнийг хөөрөгдөх гол шалтгаан болдог, гэвч төр үүнээсээ салж чаддаггүй. Энэ жилийн тухайд шүлхий гарсан учраас махны үнэ хэцүүдэх нь гэж бодож байсан. Халдварт өвчин гарсан учраас дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас хоёр жилийн хугацаанд манай улсаас махны төрлийн бүтээгдэхүүний экспортод гаргахгүй гэсэн хориг тавьдаг юм. Тиймээс дотоод дахь махны үнэ энэ хавар харьцангуй хямд байна. Төр ер нь зохицуулалт хийхийг хүсч байгаа бол импорт, экспортын асуудалд нэлээд судалгаатай хандаж шийдвэр гаргах  ёстой гэж үздэг. Дэлхийн гахайн махны хэрэглээний 49 хувийг БНХАУ хангадаг. Унгар, Польшоос авснаас хоёр дахин хямд үнээр авах боломж байсаар байтал гахайн махны импортыг зогсоочихдог. Энэ нь төрийн оролцоо байгаа онож буудахгүй бол болохгүй гэдгийг харуулж байгаа юм.

-Төрөөс үйлдвэрлэлийг дэмжихээр 888 төсөл шалгаруулсан. Энэ талаар та юу гэж бодож байна. Энэ бас л бизнест оролцож байгаа төрийн оролцоо мөн үү?

-Жинхэнэ бизнес эрхлээд явж байгаа хүмүүсийн хувьд хөнгөлөлттэй зээл гэдэг зайлшгүй хэрэгтэй, амь тариа. Манай арилжааны банкны зээл бизнес эрхлэлтийг хэвийн явуулахад зохицсон хүү биш. Олон улсын КОИКА, ЖАЙКА компаниуд энэ байдлыг олж харчихаад бидэнд гол төлөв бизнесийг дэмжих илүү хөрөнгө оруулалтын зээл өгдөг. Засгийн газраас нүдээ олсон, байгаа оносон хөнгөлөлттэй зээл өгнө гэдэг нь зөв. Хамгийн гол нь хэнд тэрхүү зээл оногдсон, түүнээс гарах үр дүн ямар байсан гэдэг л чухал. 888 төслийн тухайд дахин тал хувь нь хасагдах болсон гэх юм билээ. Тийм олон төслийг санхүүжүүлвэл хяналтаас гарчих юм биш үү гэсэн хардлага бий. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нэг мянга гаруй төсөл ирснээс эцсийн санхүүжилтийг 40 гаруй компани авсан гэж сонссон. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээлээс зээлийн хооронд маш бага хөрөнгөөр эргэлддэг учраас аливаа зүйлд болгоомжтой хандаж байгаа нь анзаарагддаг. Манай компани 1.5 тэрбумыг авсан. Зоорь, агуулахын төсөл олноор ирсэн байдаг. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өгөх учраас зоорь, агуулахтай байх шаардлага худалдааны төвүүдэд зайлшгүй тулгарч байгаа юм.

-Сүүлийн үед хүмүүсийн хэрэглээ өндөр болохын хэрээр бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын горимыг хардаг болсон байна. Гэтэл логистикийн бодлого дутагдаж байгаа тухай ярих болсон. Энэ нь бидний хүсээд байгаад эрүүл ахуйн шаардлага хангахуйц бүтээгдэхүүнд хамгийн чухал, дутагдаж буй бодлого гэх юм?

-Логистик гэдэг маань дэд бүтцээс эхэлнэ. Чойр Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон учраас логистик сүлжээ байгуулах боломжтой. Манай компанийн хувьд засмал замтай бүхий л аймгийн төвүүдэд хүргэлтээр бүтээгдэхүүнээ өгдөг болсон. Зам тавигдаагүй аймгуудад “Нарантуул” захаас ачааны машинд хүнс ачиж байгаад л явдаг. Нэг ачааны машинд янз бүрийн бараа бүтээгдэхүүнийг нэгтгээд л ачдаг. Мэдээж хол газар явж байгаа учраас зардлаа хэмнэхийн тулд их хэмжээгээр ачна. Ачаагаа дүүргэхийн тулд 1-2 хоног халуун хүйтнийг ажрахгүй зогсоно. Энэ хугацаанд түрүүлж авсан хүнсний бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орж байгаа гэдгийг төдийлөн анзаардаггүй. Бид хэчнээн эрүүл ахуй, чанар стандартын тухай ярьсан ч тээвэр логистикийн асуудал нь орхигдсон учраас бүгд үгүйсгэгдээд байгааг хэлэх гээд байна. Манай улсын хувьд логистикийг зөв хөгжүүлэх нь зайлшгүй юм. Бид чанарын шаардлагын талаар ярихад түүнийг шийдэх шийдэл байхгүй байна. Төр татвар төлөгчдийн мөнгийг цуглуулж байгаагын хувьд дэд бүтэц, соёл боловсролд зарцуулвал бизнес эрхлэгчид аяндаа шийдлээ олчихдог юм шүү дээ. Манай компанийн хувьд их хэмжээний бүтээгдэхүүн худалдан авдаг аймгуудад хадгалалтын зөв горимтой, эрүүл ахуйн шаардлага хангасан хөргүүр зоорь барих, худалдааны төвүүдэд нэрийн барааны дэлгүүр ажиллуулахаар төлөвлөж байгаа.

-Бизнес эрхлэдэг хүний хувьд танаас нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. НӨАТ-ын тухай хуулийн босго 50 сая төгрөг байх ёстой, ёсгүйн тухай яриад байна?

-НӨАТ-ын тухайд манайхан нэмүү өртөг гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлснээс татварын ачааллыг үйлдвэрлэгч нарт тохчихоод байгаа юм. Уг нь худалдаагаар бүх юм төгсдөг учраас худалдаанаас 10 хувиа өгдөг хууль хөгжингүй оронд байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ үйлчлээд байх шиг. Цөөхөн тооны хэдхэн дэлгүүрүүд НӨАТ-ыг шингээж өгдөг. Жишээ нь Германд явж байхад дэлгүүрээс юм худалдаж авахад НӨАТ-ын баримт бичиж өгдөг. Тухайн хүн баримтуудаа цуглуулж байгаад жилийн эцэст ч юмуу татвараас тэр мөнгөө буцаагаад авчихдаг юм билээ. Энэ нь үйлдвэрлэгчдийн нуруунд ачаа үүрүүлдэггүйгээс гадна далд эдийн засаг гэж юм байхгүй болж байгаа юм. Манай улсын хувьд үйлдвэрлэгчид нь НӨАТ хэрэггүй, босгыг нь өндөрсгөөд бид сугарч үлдэх хэрэгтэй гэх. Эдийн засагчид нь тийм биш бүгд төлөх хэрэгтэй гэдэг. Худалдааныхан нь болохоор тэрийг чинь нэмээд биччихвэл хэн ч манай дэлгүүрээр үйлчлүүлэхгүй болчихно гэнэ. Зүй нь эцсийн хэрэглэгч тэр татварыг төлдөг учраас түүнийг нь дэлгүүрүүд баримтаар тодорхойлох ёстой. Түүнийг нь худалдан авагч цуглуулж байгаад татварын газраас буцаагаад авчихдаг хэвшилд сурчих хэрэгтэй байгаа юм. Гэтэл манайхан өөр өөрсдийнхөө эрх ашигт нийцэж байгаагаар тайлбарлаж хазайлгаад байх юм. Хамгийн гол нь үйлдвэрлэгчид НӨАТ-ын ачааг үүрч байгаа гэдгийн цаана хууль буруу батлагдсаны уршиг явж байгааг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл эдийн засагчид хэлэхдээ компаниуд зардлын НӨАТ-аа хасчихвал аж ахуйн нэгжид дарамт учрахгүй гэх юм. Гэхдээ ихэнх нь хуулийн босгон доор орчихоод байгаа учраас зардлын НӨАТ хасагдахгүй байна шүү дээ. Зарим нэг аж ахуйн нэгжүүдийг харж байхад нэмүү өртгийн татвар төлөхгүй байна гэхэд итгэхээргүй газрууд байдаг юм. Бизнесийнхэнд ёс зүй гэдэг зүйл байх ёстой.

-Танай компани бай­гуулагдаад 14 жил бол­чихжээ. Та манай уншигчдад компаниа танилцуулаач?

-Манай компани 2000 онд хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр байгуулагдсан. Анх компаниа байгуулахдаа түрээсийн тоног төхөөрөмж, түрээсийн байр, зургаан ажилтантайгаар эхэлж байлаа. Манайх 90 гаруй ажилчинтай. Татварын албаны “А” зэрэглэлийн татвар төлөгч байгууллагаар удаа дараа шалгарч байсан найдвартай татвар төлөгч, чадварлаг хамт олон доо. Хоногт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, хүнсний үйлдвэрийн стан­дарт шаардлагад нийц­сэн үйлдвэрийн байртай, үйлдвэрийн дэргэд нэрийн барааны дэлгүүр, үйлчилгээний төвтэй. Мөн 2006 оноос “Жаргалан” гахайн аж ахуй эрхэлж эхэлсэн. 2009 оноос хими болон нян судлалын иж бүрэн лабораторитай боллоо. Энэ бүхэн шинжилгээг цогцоор нь явуулж, хяналт, сайжруулалт хийх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Түүнчлэн “Траст Мийт” махны үйлдвэр болон “Траст Хээм” хиамны үйлдвэр ажиллаж байна. Компанийн хувьд хүмүүст танил болсон нь хиамны үйлдвэр. Гэхдээ гахайн аж ахуй, махны үйлдвэр маань түүхий эдээ бэлтгэх бааз болж байгаа юм. Махны үйлдвэр энэ онд ашиглалтад орсон. Одоохондоо дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Энэ сарын 23-нд махны үйлдвэрийнхээ нээлтийг хийх гэж байна. Энэ үеэр хамтарч ажиллах байгууллагуудтай уулзах юм.

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 9 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин