
Б.НАМУУНТАМИР
Цар тахлаас шалтгаалан өндөржүүлэн бэлэн байдал зарласантай холбоотой хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх үзэгдэл зогсохгүй үргэлжилж байгаа тул ШӨХТГ "E-barimt" аппликэйшн ашиглан газар дээрээс нь үнийн баримтыг хүлээн авах системийг боловсруулан, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Дээрх систем ашиглалтад орсноор, хуурамч дуудлага, худал мэдээллийг хаах, хөл хорионы цаг хугацаанд албан хаагчид заавал газар дээр нь хяналт шалгалт хийж тогтоохгүйгээр ажиллах, иргэн бүр үнийн хяналт тавих зэрэг боломжууд бүрдэх юм байна. Мөн хяналт тавьж чадахгүй байгаа жижиг дэлгүүр, эмийн санг шууд хяналтанд байлгах зорилготой аж.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 40 гаруй ажилтантай бөгөөд өнгөрсөн өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг даган ажлын ачаалал эрс өсч, зарим газар хүрч ажиллах боломжгүй тохиолдол ч гарч буй аж. Тэр дундаа орон нутагт хүрч ажиллахад амаргүй байсан талаар ШӨХТГ-аас мэдээлсэн.
Тэгвэл дээрх "E-barimt" аппликэйшны систем ашиглалтад орсноор иргэд хаана байгаагаас үл хамааран, үнийн дүнг зурагтай нь тус газарт илгээснээр зохиомлоор бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж буй газарт хяналт тавих бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn