Б.ДАМДИН-ОЧИР
Хятадад COVID19-ийн халдвар дэгдэж эхлэх үед Монгол Улс хилээ хааж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаад ийм шийдвэр гаргаж байв.
Харин 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 12-ноос эхлээд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио тогтоосон. Учир нь Монгол Улс COVID19-ийн халдварыг дотооддоо алдсан юм.
Яг одоогоор Монголын төр хөл хориог улам чангатгаж, халдварын голомтуудыг олж тогтоох, “COVID-19”-ийн халдварын тархалтыг цурманд оруулахаар ажиллаж байна.
Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд огцом уналт авчирч буй COVID-19 халдварыг дотооддоо яагаад алдчихсан бэ гэдгийг бид заавал ярих ёстой. Улсаараа, ард түмнээрээ хохирлыг нь үүрч байна. Хэн нэгэн албан тушаалтны сандал ширээ ганхах асуудал огт биш.
Магадгүй цаг хугацаа нь өнөөдөр биш байж мэднэ. Гэхдээ хаана, хэн хариуцлага алдсан бэ гэдгийг дор бүр нь олж тогтоогоод, засч залруулаад явах учиртай. Өөрөөр хэлбэл, өнөөдөр эрүүгийн хэрэгт шалгуулж эхэлсэн “Энх саран” сувиллын удирдлага хариуцлага хүлээж байгаа юу. Эсвэл тэр сувилалд хамаагүй “хавьтал” үүсгэж, гарч тэнээд халдвар тараасан гэж нийгэмд адлагдаад байгаа тээврийн жолооч буруутай юу.
Энэ бол нэг хэрэг.
Харин нөгөө талд хаана хариуцлага суларч, улс үндэстний аюулгүй байдалд халтай үйлдэл гаргаж байна вэ гэдгийг заавал олж, таслах ёстой.
Ингэж яриад байгаагийн учир юу гэвэл саяхныг хүртэл өндөржүүлсэн байдлаа мартах шахаж явах үед тусгай үүргийн нислэгүүд хяналттай байж чадсан уу гэдгийг анзаарах хэрэгтэй аж.
Манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш бүх нийтийн бэлэн байдал, хатуу хөл хорионд шилжих хүртэл дэлхийн улс орнуудаас нийтдээ 27100 иргэнээ авчирчээ. Бас сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 хүнээ авчрахаар төлөвлөж байв. Мэдээж, энэ нислэүүд цуцлагдсан.
Ийм хүнд үед амь бие, эрүүл мэндээ золиослож, мэргэжлийнхээ туг болж яваа тусгай үүргийн нислэгийн багуудад талархаж буй.
Гэхдээ урттай богинотой, сайнтай муутайгийн үлгэрээр тусгай үүргийн нислэгээр нууцаар бараа таваар зөөж байсан хэрэг явдлууд гарсан байна.
Энэ бол маш ноцтой. COVID-19 гэдэг чинь агаарт бус хатуу биет дээр амьдрах чадвартай гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болчихсон үед тусгай үүргийн нислэгээр контрбанд маягийн юм хийгээд явна гэдэг байж болох уу.
2020 оны есдүгээр сарын 13-ны шөнө Токиогоос Улаанбаатарт буусан Boieng-767 онгоцоор тусгай үүргийн нислэгээр гурван хайрцаг Caster тамхи хяналтгүй орж ирсэн мэдээлэл байгаа юм. Гурван хайрцаг гэдэг нь хайрцаг тус бүр дотроо 45 блок, нийтдээ 135 блок тамхи юм.
Тухайн нислэгийн багт онгоцны дарга А.Энхжаргал, хоёрдугаар нисгэгч И.Зориг, багш нисгэгч Ж.Доржнамжил, ахлах үйлчлэгч А.Тогтохбаатар нар явжээ. МИАТ ХК-ийн онгоц цэвэрлэгээний автобусыг “Чингис хаан” ОУНБ-ын А3 постоор нэвтэрч байхад нь харуулын ээлжийн ахлагч н.Билэгсайхан шалгаж илрүүлсэн байна. Тэрээр гурван хайрцаг тамхийг хогны гялгар том хар уутанд хийсэн байсныг “олсон” байгаа юм.
Ингээд уг тамхийг “Чингис хаан” ОУНБ-ын хамгаалалтын ээлжийн ахлагч В.Нямаа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Л.Отгонбаатарт хүлээлгэн өгч, тэр нь Гаалийн зөрчлийн дарга Б.Нямдаваад шилжүүлэн өгчээ.
Ер нь бол гурван том хайрцагтай тамхи өөрөө онгоцонд ороод суучихгүй нь ойлгомжтой. Тэгэхээр экипажийнхнаас гадна МИАТ ХК-ийн Токио дахь ерөнхий төлөөлөгч н.Бат-Эрдэнэ, инженер н.Төмөрчөдөр нар үүнийг мэдэж л байх ёстой. Тусгай үүргийн нислэг Narita нисэх буудалд газардах, хөөрөх үйл явц, тэр хооронд онгоцонд нэвтрэх, зорчих хүн, ачаанд нөлөөлөх хүмүүс бол тэд. Энэ асуудлыг МИАТ ХК-ийн аудитын албанаас шалгасан байдаг. МИАТ ХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, онцгой байдлын байцаагч Д.Мөнхнайрамдал энэ асуудлаар асууж “байцааж” яваад чимээгүй болжээ. Энэ хэргийн бурууг онгоцны даргын дүү, тухайн нислэгийн онгоцны ахлах үйлчлэгч өөр дээрээ үүрээд гарсан гэх мэдээлэл байна. Мөн удалгүй тэр тамхинууд нь ч “алга” болчихжээ.
Харин одоо МИАТ ХК ч, ИНЕГ ч энэ асуудлаар тун чиг “ам чанга”-тай болчихов. Өөрөөр хэлбэл, ихэд нууцалж байгаа юм.
Үүнийг сонсоход “гуравхан хайрцаг тамхи” бага санагдаж мэднэ. Гэхдээ энэ ганцхан удаагийн тохиолдол шүү. Эх сурвалжийн мэдээллээс харахад тусгай үүргийн нислэгүүдэд ийм явдал гарсаар байсан бололтой.
Ер нь тэгээд гурван хайрцаг тамхи гэдэг овор хэмжээний хувьд COVID-19 халдварыг ямар ч хэмжээгээр тээх боломжтой том хэмжээтэй.
Тэгэхээр үүнийг хууль бус гэхээсээ ийм хүнд цаг үед эрсдэл үүсгэсэн, маш ноцтой үйлдэл...
Нэг үгээр хэлбэл, бид үргэлж хатуу хөл хорионд амьдрахгүй. Дэглэм суларч таарна. Тэр цагт тусгай үүргийн нислэг сэргэнэ. Тэгэхэд хяналтаа сайжруулахгүй бол зуд болоход нохой зоолдог гэдэг шиг нисэхийн хэдэн нөхөр нууцаар “юм” зөөсөөр байсан, цаашид тэгсээр байж мэдэх л юм. МИАТ ХК-ийн Д.Баттөр, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хоёр лав үүнийг таслахаар ажиллах эсэх нь эрэглзээтэй харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.19 ПҮРЭВ № 222 (6447)