С.САРУУЛ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг УИХ-ын чуулганы хуралдаанд хийж байна. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цэндийн Цогтын танилцуулгыг хийлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, мөн нэр дэвшигч Ц.Цогт хуралдаанд оролцож байна. Ц.Цогт гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Шүүхэд 22 жил ажиллаж байна. Хувь шүүгчийн хувьд биеэ даагаад, хүний шахалт, дарамтад орохгүй ажиллаад ирсэн. Цаашид ч тэгж ажиллана. Үүнд эргэлзээ алга. Тодорхой хэрэг болон бусад шүүгчийн ур чадварын талаар шүүмж хэлэхийг хориглосон байдаг. Институцийн хувьд бие даасан хараат бус байдалтай шүүх байх явдал нэлээн хүндрэлтэй. Бие даасан шүүхтэй болж чадаагүй. Хариуцлагын асуудлаас болоод институцийн асуудал бий. Олон улсын байгууллагын судалгаагаар олон жил Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар 120-д орж байгаа. Олон нийтийн итгэл үнэмшил сул байна гэдгээр ийм үнэлгээ авч байна. Хүн болгон шударга ёсыг хүсч байна.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой” гэв.
Эх сурвалж: www.polit.mn