
Ч.ГАНТУЛГА
Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайхны удирдаач, найруулагч С.Баярсайханыг “Баасан гаригийн зочин”-оор урилаа. Тус театрынхан “Гэгээн муза-11” наадамд “Гоолингоо” дуулалт жүжгээр өрсөлдөж байна. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсанаа хүргэе.
-“Гоолингоо” жүжиг дөнгөж сая үзлэгт орлоо. “Сэлэнгийн долгио чуулга” энэ жилийн наадамд ямар бүрэлдэхүүнтэй ирсэн бэ?
-42 хүн ирсэн. Театр байсан бол драмын жүжгээр оролцох байлаа. Даанч чуулга учраас дуулалт жүжгээр оролцож байна. Үзэгчдийн суудлаас уран бүтээлчдээ хараад баярлаж, бахархаж суулаа.
-Энэ жилийн наадам өргөн цар хүрээтэй болж байна. Зохион байгуулалт нь танд ямар санагдаж байна?
-Жил ирэх тусам наадам чанаржиж байна гэж боддог. Хүн бүхний хүсэн хүлээдэг, залуу уран бүтээлчдийг нээн таниулдаг тэмцээн болжээ. “Гэгээн муза” наадмыг орон нутгийн театрын уран бүтээлчид тэсэн ядан хүлээдэг. Хотын үзэгчдэд бүтээлээ толилуулахаас гадна бусад театрын жүжигчидтэйгээ уулзах, өөрсдийнхөө ямар хэмжээнд байгааг сорих том сорилго болдог юм болов уу.
-“Гоолингоо” жүжгийг анх 2010 онд тавьж байсан санагдана. Энэ жил жүжигтээ ямар шинэчлэлийг хийсэн бэ?
-Гол дүрийн жүжигчин Г.Отгонцэцэгээс бусад бүх дүр шинэчлэгдсэн. Анх Төв аймгийн театрын уран бүтээлчидтэйгээ тавьсан юм. Энэ удаагийн уран бүтээлчид бүгд “Сэлэнгийн долгио” чуулгынх. Дандаа нэг үеийн залуус.
-Тайз бас өөрчлөгдсөн байна. 2010 онд тайз засалт арай хүнд, нүсэр байсан байх аа?
-Гэр, талбай, хийд, гудамж гээд тайз олон хэсгээс бүрдэж байсан. Энэ удаад ганцхан суваргын оройгоор шийдлээ. Гэхдээ энэ нь жүжгийн утга, агуулагад нөлөөлөөгүй. Харин ч энгийн хэрнээ өгүүлэмжтэй болсон шүү.
-Та “Гоолингоо” жүжгийн зохиолч, найруулагч. Чухам яагаад энэ жүжгийг бичих болсон юм бэ?
-Хүмүүс “Гоолингоо”-г үзчихээд Г.Отгонцэцэгийг гол дүр буюу Гоолингоо гэж боддог. Отгоо бол зүгээр л эмэгтэй гол дүр шүү дээ.
-Тэгээд хэн нь гол дүр юм бэ?
-Г.Отгонцэцэгийн өмнөөс амиа зориулж байгаа дотоодын цэргийн дарга юм. Учир нь Гоолингоо гэдэг нэр нь Гаулин Го гэсэн хятад үгнээс гаралтай. Харин энэ үгийг орчуулахаар хайрынхаа төлөө амиа зориулсан залуу гэсэн үг. Хайр гэдэг зөвхөн хамт байхын нэр биш. Хайрынхаа, хайртай хүнийхээ төлөө бүхнийг хийж чадах сэтгэлийн хүчийг л хэлдэг юм.
-Тэгвэл “Гоолингоо”-г эртний түүх, домгоос сэдэвлэсэн гэж ойлгож болох уу?
-Монгол улс чинь түүх домгийн өлгий нутаг. “Хандармаа”, “Алгирмаа” гээд хайр сэтгэлдээ үнэнч бүсгүйчүүдийн тухай өгүүлсэн домог олон бий. “Гоолингоо” ч түүнтэй адилхан. Тэгэхээр би зохиосон гэж томрох дургүй. Ор үндэсгүй, байхгүй сэдэв, санааг олоод биччихсэн бол би зохиолч нь болж болох юм.
-“Гоолингоо”-г үзэхэд техникийн дэвшлээс зугтсан юм шиг санагдлаа. Яагаад вэ?
-Бид бүх зүйл хөгжиж, техник давамгайлсан үед амьдарч байна. Үүнийг дагаад театрын урлаг ч өөрчлөгдөж байгаа. Жүжигчин тайзан дээр хэд хэд болоод гарч ирэх нь холгүй болж. Харин би жүжгээ жинхэнэ театр гэдэг үндсэн ухагдахуунд нь ойрхон хийхийг хүссэн юм. Үзэгчид нүсэр зүйлээс залхаж байна. Түүний оронд энгийн байх тусмаа илүү содон юм болов уу гэж боддог болсон.
-Жүжгийг яагаад саарал өнгөөр илэрхийлсэн юм бэ?
-Саарал өнгө жүжгийн хамгийн гол санаа юм. Үнэнийг цагаанаар, худлыг хараар илэрхийлдэг бол үнэн, худал хоёр тэврэлдээд, найзлаад ирэхээрээ саарал болдог юм. Гаулин Гогийн амьдрал нь саарал байсан. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед амьдарч байсан хүн бүхний бодол санаа, сэтгэл нь саарал байж. Монголын нийгэм тэр чигээрээ сааралтчихсан, үнэн, худал нь мэдэгдэхгүй байсан учир саарал өнгө хамгийн зөв илэрхийлэл нь.
-Найруулагчийн хувьд та жүжгээрээ үзэгчдэд юуг хэлж, ойлгуулахыг хүссэн бэ?
-Хүний үнэр гэж юу байдгийг бодож үзээсэй гэж хүслээ. Хөлсний үнэр юм уу, шивэр юм уу хэн ч мэдэхгүй. Хүн ямарваа шийдвэр гаргахдаа заавал өөртөө ашигтай шийдвэр гаргадаг. Ойр дотныхон, найзууд нь юм гуйсан ч өөртөө ашиггүй гэхэд хохиролгүйг сонгодог. Ямар хүн мэдсээр байж өөртөө асар хүнд шийдвэр гаргадаг вэ гэхээр дурласан хүн. Эр хүн бүхэн хайрынхаа төлөө зоригтой шийд гаргаж чаддаг байгаасай. Манай эрчүүд нэг бүсгүйд дурлахаараа заавал хажуудаа байлгах гээд байдаг. Энэ бол хувиа бодсон явдал. Үнэхээр хайртай юм бол түүнийгээ хайртай хүнтэй нь явуулж чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Гоолингоо”-г үзсэн хүн бүхэн үүнийг ойлгоосой гэж хүссэн юм.
-Уран сайхны удирдаачтай нь уулзсан юм чинь “Сэлэнгийн долгио” чуулгын тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Танай чуулга энэ онд ямар, ямар бүтээл хийхээр төлөвлөсөн бэ?
-Уран бүтээлийн шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Үнэний босго” хэмээх өөрийнхөө зохиолоор залуустайгаа нийлээд жүжиг хийсэн. Мөн “Миний чин зоригт бяцхан найз” гэж багачууддаа зориулж жүжиг тавьлаа. Цаашдаа ч олон бүтээл хийхээр төлөвлөж байна.
-“Сэлэнгийн долгио” чуулгыг жүжиг тоглодог гэж мэдээгүй юм байна. Таныг очихоос өмнө тайзны бүтээл тавьдаг байсан уу?
-Би өмнө нь театрын найруулагч байсан учраас театртаа элэгтэй. Манай чуулгын хувьд тайзны бүтээл тавьдаггүй. Үргэлж бүжиг, хөгжмийн концерт тавьдаг юм. Гэхдээ би тэнд байгаа цагт заавал аль алийг нь тавина гэж боддог. Ажлаа аваад удаагүй байна. Гэхдээ зургаан том бүтээлийн ард гарчихлаа. Энэ чамлахааргүй амжилт шүү. Одоо бүтээлээ борлуулах ажилдаа орно. Монголынхоо аймгуудаар явж тоглохоор төлөвлөсөн. Мөн ирэх жилийн “Гэгээн муза”-д илүү олон төрлөөр өрсөлдөх бодолтой байгаа.
-Чуулгад яагаад тайзны бүтээл тавьдаггүй юм бэ?
-Би Сэлэнгийн үзэгчдийг өрөвддөг юм. Ямар гэм хийж, шийтгүүлчихсэн болоод төрөлх нутагтаа драмын жүжиг үзэх хувьгүй байдаг юм. Жүжиг хийх гэхээр концертийн байгууллага гээд хийлэгдэггүй. Тэгэхээр нь “Ардын бүжигчин, дуучин гэж цол байхгүй. Бүгд л Гавьяат жүжигчин гэж цоллуулдаг. Тиймээс заавал жүжиг тавих хэрэгтэй” гэж хэлдэг. Миний мөрөөдөл бол Сэлэнгэ аймгийг театртай болгох. Мэдээж олон хүн эсэргүүцэх байх.
-Яагаад эсэргүүцнэ гэж?
-Дарга нар хэцүү шүү дээ. Драмын жүжиг тоглоё гэхээр “Үгүй чуулгаараа байлгана” гэдэг. Бид “Үнэний босго” жүжгээрээ оролцъё гэсэн чинь манайх чуулга учраас жүжгээр оролцохгүй гээд хасчихсан. Үүнээс болж уран бүтээлчдийн маань олон сарын хүч хөдөлмөр талаар боллоо. Сэлэнгийн хүүхэд, залуучууд жүжиг үзмээр л байгаа. Тэднийхээ хүсэл, сонирхлыг харгалзаж үзээсэй гэж бодох юм.
-Соёл, урлагийн салбар маань бие даасан яамтай болсон. Яамандаа хүсэлт гаргаад театр байгуулж болдоггүй юм уу?
-Яам мэддэггүй юм билээ. Бидэнд танай аймгийн Засаг дарга чинь мэднэ гэсэн хариу өгсөн. Хэрэв аймгийн Засаг дарга чинь шийдвэр гаргавал яам дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
-Танай чуулгаас урлагийн ертөнцөд одтой яваа олон бүтээлч төрсөн байдаг. Харин одоо тантай хамт ямар уран бүтээлчид ажиллаж байна?
-Манай чуулгын уран бүтээлчдийн олонх нь залуус. Хийе, бүтээе, чуулгынхаа нэрийг илүү өндөрт гаргая гэсэн залуус байна. Одооноос эхлээд “Гэгээн муза” наадамд нэр дэвшээд, театрын мундаг жүжигчидтэй өрсөлдөж байна гэдэг сайхан. Магадгүй тэдний дунд ирээдүйд хэд нь Гавьяат жүжигчин, Ардын жүжигчин болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ шагнал, урамшуулал, нэр хүнд сонин биш. Зөвхөн суралцах нь чухал юм шүү.
-Уран бүтээлчдийн олонх нь Сэлэнгийн уугуул залуус байдаг уу. Хотоос мэргэжлийн уран бүтээлчид хэр очдог вэ?
-Орон нутгийн чуулга, театр хэцүү. Соёл, урлагийн салбар хамгийн үнэлэмж, цалин багатай нь. Зориод ирэхээр амьдрах нөхцөл нь өрөвдмөөр. Жишээлбэл дөнгөж сургуулиа төгссөн эмч, цагдаа, багш, жүжигчин гэсэн дөрвөн сайхан залуу ирлээ гэж бодъё. Гэтэл эмч, цагдаад нь орон байр, хангамж сайн. Харин жүжигчнийх нь цалин хангамж чамламаар бага байдаг. Тэгэхээр хэн зорьж ирэхэв дээ. Сургуулиа төгсөөд хотод үлдэхийг эрмэлздэг. Тэдэнд ажил олдохгүй бол диплом тэвэрсэн архичин болдог юм.
-Саяхан урлагийн бай гууллага, уран бүтээлчид цалингаа нэмүүлье гэж тайван жагсаал хийсэн. Орон нутгийн театрууд ч иймэрхүү аргаар тэмцэж болдоггүй юм уу?
-Тэр тэмцлийг зөв гэж бодсон. Орон нутгийн театрынхан оролцоогүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан. Дэлхийн хаана ч эх орныхоо нэрийг урлаг, спортынхон гаргадаг шүү дээ. Ялангуяа урлагийнхныгаа дэмжээсэй гэж хүсэх юм. Үүний тулд яамны зүгээс бодлоготой арга хэмжээ авах цаг ирсэн гэж бодож байна.
-Таны уран бүтээлийн гараа Үндэсний телевизээс эхэлсэн. Тэр үеэ эргээд дурсаач?
-Миний найруулагч болох анхны гараа байсан юм. Анх Үндэсний телевизэд ороод ажил, амьдралын амтыг мэдэрч байлаа. Эргээд бодоход алдаа оноотой, амжилт бүтээлтэй, сайхан он жилийг тэнд үдэж. Дараа нь Төв аймгийн “Монгол туургатан” театрт найруулагчаар ажилласан. Анх 2010 онд “Гэгээн муза” наадамд оролцоод тэргүүн шагналуудыг нь хуу хамаад явж байлаа. Тэр бол манай театрын оргил үе байсан юм. Миний бие яг тохиол нь бүрдсэн тэр цагт театрын найруулагч байж таарсандаа бэлгэшээдэг шүү.
-Таныг найруулагч Ч.Ганхуягийн шавь гэж сонссон. Багштайгаа мөр зэрэгцэн ажиллах сайхан байсан уу?
-Түүн шиг сайхан зүйл байхгүй. Багшаасаа олон зүйл сурсан. Найруулагч хүнд байх чадвараас эхлээд хувь хүн болж төлөвших, хэрхэн хүн болох гээд бүх зүйл тэр хүнээс эхтэй. Тухайн үед манай аймагт нам солигдоод би ажилгүй болсон. Харин “Сэлэнгийн долгио” чуулгад ирээд таван сар болж байна.
-Яагаад ажлаасаа гарсан юм бэ?
-Урлагт намын нөлөө их байх шиг санагддаг юм. Уг нь урлаг хараат байх ёстой. Уран бүтээлчдийн хувьд хавчигдмал байж болохгүй. Бид хүссэн, санасан, нийгэмд хэлэх гэсэн бүхнээ уран бүтээлээрээ дамжуулах үүрэгтэй шүү дээ.
-Та удам дамжсан найруулагч шүү дээ. Аавынхаа тухай яриач?
-Аав минь “ТВ9” телевизийн найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Соёлт гэж хүн бий. Миний уран бүтээлч болох хүсэл, сэтгэл ааваас минь эхтэй. Манайхаар үргэлж урлагийн мундгууд орж, гардаг байлаа. Тэдний хууч яриа, дурсамжийг сонсоно, суралцана. Балчир наснаасаа аавыгаа дагаж ажилруу нь явсан даа. Тэр бүхэн надад нөлөөлсөн. Би урлагаас өөр юу ч хийж чадахгүй. Энэ бол миний хувь тавилан гэж боддог.
-Найруулагч аав, найруулагч хүүдээ юу гэж сургадаг нь сонин байна?
-Аав минь ганцхан үг хэлдэг нь “Даруухан бай”. Гэхдээ би чаддагүй юм. Даруухан байна гэхээр хүүхдийн баас хусдаг мөлгөр хутга шиг санагддаг. Би иртэй тонгорог шиг байхыг хүсдэг. Энэ чигээрээ явж байгаад л дуусах байх. Миний энэ занг манай Б.Баатар найруулагч их дэмждэг юм. Уран бүтээлийн минь хуурай ах л даа. Намайг үргэлж хурцалдаг.
-Найруулагч хүнд эмзэглэл төрж байж түүнийгээ уран бүтээл болгодог. Аливаа бүтээл эхлээд найруулагчийн толгойд бүтдэг ч гэж ярьдаг. Таны хувьд одоо ямар сэдвээр уран бүтээл хийхээр төлөвлөж байна?
-2012 онд Сэлэнгэ мөрөнд 27 настай эмэгтэй найман сартай хүүхдээ тэврээд долоон цаг гаруй мөсөн тавцан дээр урсаж байгаад алга болсон. Тухайн үед аврах албаны хүмүүс юу ч хийж чадаагүй. Түүгээр би “Амьдрах, амьдрахгүйн зааг” нэртэй хүүгээ тэврээд урсч яваа бүсгүйн тухай эмгэнэлт моно драм бичсэн. Үүнийгээ амилуулах хүсэлдээ хөтлөгдөөд явж байна. Олсон орлогоороо амь үрэгдсэн газар нь дүүжин гүүр тавина гэж бодож байгаа.
-Энэ бүтээлийг хийнэ гэхэд танд эсэргүүцэл, дарамт ирж байна уу?
-Үнэнийг хэлэхэд онцгой байдлын газраас дарамт ирж байгаа. Гэхдээ би энэ бүтээлд хэн нэгнийг буруутгах гээгүй, монгол эхийн хайр, хатан зоригийг харуулахыг хүсч байна. Өнөөдөр Монголын нийгмийн урсгалд өчнөөн өрх толгойлсон эхчүүд урсаж явна. Амьдрал гэгч их далайд ямар олон эх живж байна вэ. Би энэ бодлоо хэлсэн ч намайг тал талаас боож байгаа. Гэхдээ би боосон ч хамаагүй ойрын хугацаанд энэ жүжгийг тавина.
-Бидний амьдарч байгаа нийгэмд айдас төрүүлэм хэрэг, зөрчил улам даамжирсаар байна. Уран бүтээлч хүний нүдэнд энэ бүхэн яаж харагдаж байна?
-Болж, бүтэж байгаа зүйл цөөхөн харагдах юм. Гэхдээ тэр бүхэнд гутрахыг хүсдэггүй. Аль болох сайн, сайхныг нь олж харахыг хичээх юм. Жирийн үед 2500 төгрөг байдаг өргөст хэмх цагаан сар болохоор 10000 төгрөг болж байна. Энэ чинь галзуурал шүү дээ. Амьдралын төвшин харьцангуй ялгаатай байна. Нэг хэсэг нь ханандаа 500 ам.долларын чулуу нааж, 1200 ам.долларын сандал дээр сууж байхад нөгөө хэсэг нь яаж амьдарч байна. Үнэхээр харамсалтай.
-Харин хүн чанарын хувьд?
-Хүн чанар гээч зүйл амьдралын хир буртагт холилдоогүй хүүхдэд л илүү байдаг юм болов уу. Зургаахан настай хүүхэд дүүдээ бүх хувцсаа тайлж өгөөд өөрөө осгож. Хоёр настай хүүхэд гал түймрээс дүүгээ чирээд гарч байна. Энэ чинь л жинхэнэ монгол хүний хүн чанар даа. Би энэ бүхнийг уран бүтээлээрээ үзэгчдэд ойлгуулж, илчлэх болно.