“Монголросцветмет”-ийн маш нууцалдаг “бүтээгдэхүүний гэрээ”-ний ард авлига байдаг уу

2020-10-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Монголын төрийн өмчтэй томоохон компаниудын нэг бол “Монголросцветмет” юм. Тус үйлдвэрийн газар нь үүсгэн байгуулагдаад 47 жил, Монголдоо 100 хувь “ирээд” дөрвөн жил орчим болж байна.

Төрийн өмчтэй компаниудад тохиолддог зовлонгууд “Монголросцветмет”-д ч бас бий.

Шахаа хийнэ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт, борлуулалтаас ашиг унагана.

Яг иймэрхүү шалтгаан үндэслэлээр АТГ-ынхан  2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг гурав хоногийн дараа буюу 11-нд батлан даалтад гаргасан байдаг.

До.Ганболдыг баривчилсны дараа АТГ-аас тодорхой тайлбар өгөөгүй. АТГ-ынхан “До.Ганболд нарыг цагдан хорьсон нь үнэн. Гэхдээ прокурорын зөвшөөрөлгүйгээр албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс прокурорын байгууллагаас асуу” гэж байв. Харин УЕПГ-аас “Албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” гэнх тайлбарыг өгч байлаа.

Удалгүй До.Ганболдын холбогдсон хэргийн талаарх мэдээлэл бага сагаар ил болж эхэлсэн.

“Монголросцветмет”-ийн хувьд жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмалыг  боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, хоёр сая тонн алт агуулсан элс угаадаг үйлдвэрийн газар юм.

Өөрөөр хэлбэл, “Монголросцветмет” нь жонш болон төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрлэдэг. Эдгээр нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гэсэн үг.

До.Ганболдын хувьд тус “Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байхдаа “Бүтээгдэхүүний гэрээ”-тэй холбоотойгоор, уг гэрээгээр халхавчлан мөнгө завшсан гэх хэрэгт холбогдсон гэдэг.

Эх сурвалжийн мэдээллээр До.Ганболд нь БНХАУ-ын нэр бүхий компаниудтай дэлхийн зах зээлийн үнээс хэт бага үнээр хүдэр нийлүүлэх гэрээ хийсэн.

Тодруулбал, До.Ганболд 2015 оны наймдугаар сард Хятадын “ЕRENHOT PENGFEI TRADE” компанитай 32 хувийн агуулгатай, 3.6 сая тонн хүдэр худалдах гэрээ байгуулжээ. Ингэхдээ нэг тонн тутмын үнийг 13 ам.доллар гэж тооцсон. Хоёр жилийн хугацаанд сар бүр 150 мянган тонн хүдэр худалдсан. Үүний нийт төлбөр нь 46 сая ам.доллар болсон байна.

Бас дээрх компанитай 2016 оны тавдугаар сард дахин гэрээ байгуулсан. Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сард “Нью Сиян” компанитай 52 хувийн агуулгатай, 10 мянган тонн хүдэр худалдах гэрээ,  хоёрдугаар сард нь 200 мянган тонн, зургадугаар сард  бага агуулгатай 45 мянган төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ, долдугаар сард 187.7 мянган тонн, есдүгээр сард 30.8 мянган тонн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг тус тус байгуулжээ.

Мөн “Сентурия Монгу” компанитай 2017 оны тавдугаар сард 100 мянган тонн, 2017 оны хоёрдугаар хагаст 700 мянган тонн төмрийн хүдрийг худалдах гэрээг байгуулсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь дээрх гэрээнүүдийг байгуулсныхаа төлөө Хятадын компаниудаас эхнэр, дүү зэрэг ойрын хүмүүсийнхээ дансаар валют хэлбэрээр авлига авсан байж болзошгүй хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.

Мөрдөн шалгалтын явцад  “Монголросцветмет”-ийн ерөнхий захирал асан До.Ганболд уг албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоосон байдаг. Тэрээр төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд нэг тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсан. Үүний улмаас “Монголросцветмет”-д 546.4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт хоёр сая гаруй ам.доллар буюу 4.5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Ингэснээр бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг АТГ-аас 2018 оны намар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Гэвч прокуророос уг хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, АТГ-ынхан прокурорын даалгаврын дагуу мөрдөх ажиллагааг явуулаад одоогоос яг нэг жилийн өмнө хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнээс хойш уг хэргийн хөдөлгөөний талаарх мэдээлэл тодорхой бус байгаа юм.

Гэхдээ Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдийн энэ мэдээллийг хүргэж буй шалтгаан нь “Монголросцветмет”-ийн захирал асан До.Ганболдын хэрэг биш юм.

Харин До.Ганболдын холбогдсон хэргийн үйл ажиллагаа “Монгол­росцветмет” дээр өнөө хэр нь үргэлжилсээр байгаа юм биш биз гэсэн хардлага бидэнд байна.

Тодруулж яривал “Монголросцветмет”-ийн гол орлого нь “Бүтээгдэхүүний гэрээ”-нээс ордог. Зөвхөн энэ сарын 2-ны өдөр “Термосхөгжил” ХХК-аас 742 560 000 төгрөг, 5-нд “Сентурия Монгу” ХХК-аас 2 565 000 000 төгрөг, 6-нд “Интерстиль” ХХК-аас 1 855 555 000 төгрөг, 9-нд “Дэвжин дэлгэрэх од” ХХК-аас 30 сая төгрөг, 12-нд “Шилийн Цахар” компаниас 1 113 840 000 төгрөг, “OO COMPANY MARIA-TRADEINN” компаниас 74 222 720 төгрөг, 14-нд INNER MONGOLIA JUNDA TRADING CO.,LTD компаниас 713 517 500 төгрөг, INNER MONGOLIA RONGFA CEREALS OILSIMPORT AND EXPORT CO.,LTD компаниас 1 323 375 177.60 төгрөг, 16-нд “Шилийн Цахар” компаниас 547 370 992 төгрөг, “Термосхөгжил” компаниас 572 965 953 төгрөг, 20-нд “Рич хилл майнинг” компаниас 16 990 000 төгрөг, “Мөнхөд гэрэлтэх транс” компаниас 677 350 000 төгрөг, 22-нд “Эко рековер” компаниас хоёр удаагийн гүйлгээгээр 275 660 000 төгрөг, бас 1 112 728 500 төгрөг, 23-нд “OO COMPANY MARIA-TRADEINN” компаниас 74 174 880 төгрөг тус тус “Монголросцветмет”-ийн Хас банк дахь 5001208361 дугаартай дансаар оржээ.

Баримтаас харахад До.Ганболдын асуудал дээр нэр дурдагдсан зарим компани өнөөдрийг хүртэл “Монголросцветмет”-ээс бүтээгдэхүүн худалдаж авсаар байна.

Гол учир нь “Монголросцветмет”-ийн одоогийн удирдлагууд эдгээр бүтээгдэхүүн худалдсан гэрээгээ ихэд нууцалдаг байгаа юм. Тэгэхээр төрийн 100 хувийн өмчтэй “Монголросцветмет”-ийн худалдан авалтын үйл ажиллагаа ялангуяа бүтээгдэхүүн худалдах гэрээ, түүний процессыг ил тод явуулж байх учиртай.

Ер нь тэгээд төрийн өмчтэй уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдах гэрээнээс хувьдаа ашиг олдог явдал ганц “Монголросцветмет”-ийнх биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэдэн жилийн өмнөх ийм гэрээнүүдийн араас ч албан тушаалтнууд хилийн гадна олон олон сая ам.доллар, юань аваад тэрийгээ дэлхийгээр нэг хэсүүлж байгаад Монголдоо оруулж ирсэн асуудал бий. Оруулж ирж чадаагүй их мөнгөний сураг ч байдаг. Оффшорын хэрэг гэдгийн суурь нь энэ гэхэд болно.

Ийм олон учир шалтгаан, бас өмнөх захирал нь яг ийм асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэхийн дээдээр мэдэж буй Б.Мөнхбат захирал өөрийн санаачлагаар “Монголросцветмет”-ийн бүтээгдэхүүний борлуулалтыг “ил болгох” ажлыг хийх хэрэгтэй.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.30 БААСАН № 210 (6435)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин