С.САРУУЛ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаанаар 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан. Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэгдүүлэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан .Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн” гэв.
Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай автозамын засвар арчлалтын улсын автозамын хөрөнгөөс 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөгджээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хөрөнгийн зардлыг 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын нэгдүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал юм байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 5.4 тэрбум төгрөгөөр тооцож төсөвлөсөн нь 2020 оны батлагдсан төсвөөс 0.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн нь орон тоог 154-с 198 болгож 44-р нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.
Эх сурвалж: www.polit.mn