Энэ Засгийн газрын шинэ сайд нарын нэг бол Эрчим хүчний сайд Н.Тавинбэх. ТИС төгссөнөөсөө хойш Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, гүйцэтгэх захирал, Багануур хотын захирагч, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад сайд болсон мэргэжлийн хүн.
Сайд Н.Тавинбэхийн Эрчим хүчний яамыг толгойлсон өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Оюутолгойн уурхайн зарим хэрэглээг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах ажил, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн барилга угсралтын ажил, Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлшний үйлдвэр барих ажил, Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц барих барилга угсралтын ажлыг эхэлжээ. Мөн “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн Турбоагрегат №2-ын барилга угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулсан байна. Бас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд аймгийн төв, томоохон суурин газруудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэжээ.Юм байгаагаараа сайхан. Мэргэжлийн хүн сайд болохын сайн талыг тэр харуулж буй аж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин