У.Хүрэлсүхийн “давхар дээл”-тэй дөрвөн сайдын нэг бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар юм. 100 хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүнд “Х.Нямбаатар сайд аа, Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь тоохгүй шүү” гэж хэлж байлаа.Үнэхээр ч Х.Нямбаатар сайдаар томилогдсоноосоо хойш гишүүн байх үеийнхээсээ тэс өөр болжээ. Яахав, хувь хүний хувьд 100 хоногийн хугацаанд цахим сүлжээг цөөнгүй удаа шуугиулсан. Эр хүнд байх асуудал. Харин гол зарчмаа алдаж болохгүй. Ингэж магадгүй гэх эргэлзээ байгаа учраас зөвлөх маягаар ганц л хуулийн бодлого дээр жишээ авъя. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын 2019 оны гуравдугаар сард Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг чөлөөлөх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэвлэлд ярьжээ. Гэтэл мань эр сайд болсноосоо хойш 2020 оны наймдугаар сарын 18-нд мэдээлэл хийхдээ “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тиймээс бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” хэмээсэн юм.
Энэ бол сайд Х.Нямбаатар гишүүн Х.Нямбаатараасаа эргэж хургасан явдлуудын нэг жишээ юм. Сайдын ажил цаашаа сайжирч, “эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” байх биз ээ. Ирэх дөрвөн жилд Монголын бүхий л хууль тогтоомжтой холбоотой асуудал хүссэн хүсээгүй Х.Нямбаатартай холбогдоно. Ц.Нямдорж ч тийм л байсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин