Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй зайлшгүй холбоотой эрхэм бол бригадын генерал Г.Сайханбаяр. Салбарынхаа ачааны хүнд, асуудлын цөмтэй ажилладаг түүнийг У.Хүрэлсүх нэр цохон сайдаар томилсон. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн хугацаанд салбартайгаа танилцах гэж цаг алдсангүй. Батлан хамгаалах байгууллага зэвсэгт хүчний хууль, эрх зүйн орчны шинэчлэлт, цэргийн албан хаагчдынхаа ахуй амьдралтай холбоотой асуудалд гарц шийдэл хайж ажиллажээ. Тухайлбал, Цэргийн албаны тухай хуулийг өөрчлөн батлуулахаар болсон байна.
Ингэснээр хугацаат цэргийн албаны орчин нөхцөл сайжрах, залуус цэргийн албанаас зугатах биш зорьж ирж хаадаг тийм орчин бүрдэх юм. Мөн Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгасан ч 2015 оноос хойш “царцаад” байсан нийгмийн хамгаалалтай холбоотой заалтуудыг сэргээхээр салбарын сайд ажиллаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд санаачлан яамны дэргэд ахмадын зөвлөл байгуулав. Ахмадын зөвлөл байгуулснаар ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, сайдад зөвлөх, бусад ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин