Байгаль,орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өмнөх Засгийн газарт эрүүл мэндийн салбарыг удирдаж байв. Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлын нөлөө хамгийн бага орноор манай улс нэрлэгдэж байна. Түүнийг эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж сайн ажилласан сайд хэмээн үнэлдэг. Д.Сарангэрэл БОАЖ-ын сайдаар томилогдоод гурван сар орчим болж байна. Ажлаа авсан даруйдаа НҮБ, ДЭМБ, ЖАЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн олон улсын томоохон байгууллагын төлөөлөл, БНСУ, Япон, Унгар, Австрали, Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааныхаа чигийг “зурагласан”. Дараа нь байгаль орчинтойгоо танилцаж, орон нутагт ажилласан. Олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан, Хэнтийн аялал жуулчлалын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан ой бүхий аймаг, сумдад ажиллаж, Булганд болсон “Айрагны баяр”-т оролцов.
Энэ хугацаанд хоёр чухал шийдвэр гаргасныг нь онцлох нь зүйтэй. Эхнийх нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтаар нь ашиглах шийдвэр. Дараагийнх нь Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхны саналыг харгалзан ийм шийдвэр гаргажээ. Ийнхүү Д.Сарангэрэл сайд салбараа сольсон ч хурдаа алдсангүй 100 хоногтойгоо золгож байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин