У.Хүрэлсүхийн олны санаанд хүрээгүй томилгооны нэг бол Я.Содбаатар мөн. Түүнийг Шадар сайдаар томилсон.
Уг нь Я.Содбаатарын намтрыг үзвэл, бас улс төрд явж ирсэн замнал, төрийн ажлын туршлагыг баргийн хүнтэй ярилтгүй. Сайн. Гэхдээ Я.Содбаатар өмнө нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-гийн асуудалд холбогдож сайдын ажлаа өгч байв. Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд ажлаа өгөхдөө “...Миний эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Хэдийгээр зээл авахад нь нөлөөлөөгүй, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй ч улс төрч, төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж байгаа юм” гэж байсан юм. Тэгвэл жил хагасын дараа дахин сайд болов. Ингэхдээ дэвшээд Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон юм. Ингэж 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаараа түүнийг томилсон нь “...ЖДҮ-гийн асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хатуу тэмцэнэ” гэсэн 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ үгүйсгэсэн явдал болсон хэрэг.
Түүнчлэн Я.Содбаатарын Шадар сайд болоод ахалсан анхны ажлын хэсэг болох “Эрдэнэт”-ийг яачих бол гээд олон нийт эргэлзээтэй л хандаж байна. “...Төрд 100 хувь байлгана” гэж өөрөө яриад байгаа. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартай ч ЖДҮ-г ард түмэн мартахгүй. Уучлах ч үгүй. Тийм болохоор 2017 онд “Хотгор шанага”-ын уурхайг зарсан гэгддэг Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болоход УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж байсанчлан “...Энэ засгийн газрын эмзэг цэг” нь Я.Содбаатар болж байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин