Б.ТУУЛ
Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, иргэдийн төлөөллөөс “Намууд, ТББ-ууд, иргэний хөдөлгөөнүүд, нийт иргэдэд хандаж, ард түмний хуралд уриалж хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд ард түмний хурал зохион байгуулах чиглэлээр 21 аймаг, сум бүрт төлөөлөл гарч ажиллаж байгааг дурдаад, “Монгол эх орон, үр хүүхдийнхээ хойч ирээдүйд санаа зовинодог хүн болгон энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг уриалж байна” гэлээ. Мөн улс эх орныхоо өмнө тулгамдаад буй асуудлуудыг ард иргэдийнхээ оролцоотойгоор шийддэг больё. 5000 хүн цахим орчинд ард түмний хурлыг хийдэг больё. Хамтарч ажиллая, асуудлуудаа ярилцаж, тодорхой шийдэлд хүрье. Монголчууд бид хэнэггүй, гүндүүгүй явсаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд нандигнан хайрлаж явсан бүхнээ алдаж дууслаа. Тиймээс нам эвсэл, хөдөлгөөн, хот хөдөө гэж хуваагдалгүй, эх орон, өв соёл, уул ус, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, сонгогдох, сонгох эрхийн төлөө бидэнд шийдэх ёстой олон асуудал хуримтлагдсаар байна. Үүнээс гарах хамгийн оновчтой арга нь, “Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д зааснаар “Монгол Улсын Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу “Ард түмний их хурлыг хийж, асуудлуудаа шийдэх түүхэн хариуцлагатай үе ирээд байна. Монгол эх орноо гэсэн бүх хүн энэ арга хэмжээнд нэгдэж оролцоосой. Бид эх орныхоо төлөө нэгдэх, тэмцэх, зүтгэх цаг ирсэн” хэмээн уриалж байна гэв.
Эх сурвалж: www.polit.mn