Б.ОД
Орон нутгийн сонгуульд Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг оролцуулахгүй гэсэн хууль бус шийдвэр гаргасан талаар тус аймгийн Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Г.Гантулга “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиараа сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл шударга бус шүүх, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйл ажиллагаанаас болж Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд орон нутгийн сонгуульд оролцох эрхээ одоог хүртэл авч чадсангүй. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын салбар байгууллагад хандсан ч тайланг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ шийдвэрт шүүхэд нэхэмжлэл гаргатал шүүх энэ захиргааны акт хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “Орон нутгийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр Ардчилсан намын хандивын тайланд дүгнэлт гаргах хугацаа Дархан-Уул аймгийн төрийн аудитын байгууллагад хангалттай байсан. Хуульд заасан шаардлага хангасан нам сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байхад хандивын тайланд дүгнэлт гаргахгүй, сонгуульд бүртгэхгүй байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ нь Дархан-Уул аймагт нэг нам дангаараа ноёрхож, төрийн байгууллагууд нэг намд үйлчилж байгаагийн илрэл юм. Тиймээс энэ асуудалд Сонгуулийн ерөнхий хороо, Захиргааны хэргийн шүүх яаралтай анхаарлаа хандуулж Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг орон нутгийн сонгуульд оролцох боломж олгохыг шаардаж байна. Мөн Дархан-Уул аймгийн 110 мянга гаруй сонгогч, Ардчилсан намын 10 мянга гаруй иргэдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардсан мэдэгдлийг . Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлж байна” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn