А.МАРАЛМАА
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ болон гадаадад гацсан байгаа 12 мянган иргэний гэр бүлийн төлөөлөл УОК-т шаардлага хүргүүллээ. Гадаадад гацсан иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай арга хэмжээнүүдийг хурдан авч ажиллахыг хүссэн юм.
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл “Гадаадад гацсан 12 мянган иргэн нь урт хугацаагаар амьдардаг иргэд биш. Зайлшгүй шаардлагаар түр хугацаанд явсан болохоос эх орноосоо зугтачихаад, одоо эх орондоо хайртай болсон мэт харлуулахгүй байхыг хүсье. Үүнээс гадна хэд хэдэн ташаа ойлголтыг залруулах хэрэгтэй. Тухайлбал, улсын зардлаар гадаадаас иргэдээ татаагүй. Анх Уханьд гацсан 30 оюутныг улсын зардлаар авчирсан. Түүнээс хойшх бүх иргэн өөрийн зардлаар ирсэн. Үүнээс гадна Монгол Улс нөөц бололцоогоо бүрэн дайчилж гадаадаас иргэдээ авчирч байна хэмээн мэдээлж байгаа нь ташаа ойлголт юм. Жишээлбэл, зөвхөн МИАТ-ийн онгоцоор нисэх биш, бусад олон улсын нислэгийн эрхтэй гадаад, дотоодын авиа компаниудын нөөц бололцоог ашиглах шаардлагатай байна. Гадаадын агаарын тээврийн компаниудаас чартер нислэг хийх бололцоог асуухад хүлээн зөвшөөрсөн. Үүнийг УОК-т мэдэгдсэн боловч ямар ч хариу өгөхгүй байна. Монголд тусгаарлах зочид буудлууд тохиролцож чадвал хангалттай бий. Эмч, эмнэлгийн ажилчид ч хангалттай байна. Гадаадаас ирж буй иргэн бүр “Ковид 19” тусаагүй гэдгийг санах ёстой” гэв.
Тиймээс эдгээр иргэний гэр бүлийн төлөөлөл болон ТББ хамтран онгоцоор ирэх хүмүүсийн нэрийг нээлттэй болгож, олон нийтийн хардлагыг арилгах асуудлаар УОК-т гурван шаардлагыг хүргүүлж байна. Үүнд судалгаан дээр үндэслэж татан авчрах хүний тоог нэмэгдүүлэх. “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-аас УОК-т хөндлөнгийн хяналт оруулах. Мөн тусгаарлах байрны асуудлыг шийдэх. Эдгээр шаардлагын хүрээнд тодорхой санал, шийдлүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдэд сэтгэл зүйн болон бодит тусламж үзүүлэх. Тусгаарлалтыг тусгай байранд 14 хоног, гэрт нь 14 хоног тусгаарлах. Эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, хуваарилалтыг нэмэгдүүлэх үүднээс гадаадаас эмч, сувилагчдаа татах. Гадаадын агаарын тээврийн компанитай хамтарсан нислэг хийх гэсэн шийдлүүдийг авч ажиллахыг хүссэн юм.
Мөн энэ үеэр, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын нарийн бичгийн дарга Б.Энхгэрэл “Хил хааснаас хойш 3000 гаруй иргэн манай байгууллагад хандаж, 500 гаруй хүнээс судалгаа авсан. Гадаадаас авчирч буй иргэдээ таван шаардлагаар ялгаварлан үзэх нь буруу юм. Олон залуу оюутны байрнаасаа хөөгдөж, тэтгэлэг зогсож, виз нь цуцлагдсан зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Энэ байдал цааш үргэлжилбэл ямар олон хүн хохирохыг таашгүй. Мөн гадаадад байгаа иргэд вирус биш” гэв.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэр “Яг одоогийнх шигээ хүнээ татвал хэзээ дуусах вэ. Зуны цагт гадаа хоноглож байгаа иргэдэд харьцангуй бага асуудал тулгарна. Хэрэв өвөл болбол яах вэ. Өвлөөс өмнө энэ иргэдээ татаж чадах уу. Мөн татан авчирч буй иргэдийн шаардлага маш тодорхойгүй байна. Жишээлбэл, Берлинд байсан яг адилхан гурван оюутны нэгийг нь орхиод явсан байна. Ил тод биш, тодорхой бус байдлаас болж олон хүн сэтгэл санаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байна” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.10 БААСАН № 134 (6359)