Зээлийн хүүг 6-8 хувь болгох эдийн засгийн нөөц бололцоо байна

2020-07-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Сүүлийн жилүүдэд арилжааны банкны зээл болон хадгаламжийн хүүний зөрүү буурч байгаа хэдий ч зээлийн хүү харьцангуй өндөр хэвээр байсаар ирсэн. Сүүлийн 20 гаруй жил бүхий л нам эвсэлүүд зээлийн хүүг бууруулна, хөрөнгийн зах зээлийг хэрэгжүүлнэ гэдэг ч биелүүлдэггүй.

 

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь 16.6 хувь байна

 

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь 16.6 хувь байгаа нь Дэлхийн банкны судалгаагаар олон улсад эхний 20-д орох өндөр үзүүлэлт. Харин бусад зээлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагуудын хүү 30 хувь давсан байна. Өнгөрсөн оны байдлаар инфляцын түвшин 6.4 хувь байгаа нь дэлхийд 25-д, ажилгүйдлийн түвшин 8.1 хувь, чанаргүй зээл 10.1 хувь байна. Мөн оны эхний улирлын байдлаар нийт зээлдэгчдийн тоо 1.3 саяд хүрсэн байна.

Хаан банкны цалингийн зээлийн хүү жилийн 18.0-20.4 хувь, ипотекийн зээлийн хүү жилийн 15.0-18.0 хувь байгаа бол Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлийн хүү жилийн 20.40- 18 хувь, ипотекийн зээлийн хүү жилийн 18.60 хувь байна. Хас банк хэрэглээний болон ипотекийн зээлийн жигнэсэн дүн 20.40 - 22.80, харин Голомт банкны хэрэглээний болон орон сууцны зээлийн хүү дунджаар 14.4 - 22.8 хувь байна. Коронавирусын улмаас эдийн засагт учирсан хүндрэл, иргэдийн ажил орлого буурсантай холбогдуулан Монголбанк 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зургаан сар хүртэлх хугацаагаар хойшлуулах, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл одоогийн байдлаар арилжааны банкууд цалин болон бизнесийн, хэрэглээний зээлийг хойшлуулах хүсэлтүүдээ авсаар байгаа юм байна.

Мөн иргэнд олгосон хэрэглээний зээлийн ангиллыг бууруулахгүй байхаар зээлийн гэрээний нөхцөл, хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг банкуудад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний тулд Монголбанк хоёр удаагийн шийдвэрээр бодлогын хүүгээ 11-9 хувь болгон бууруулсан байдаг. Ингэснээр санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах боломжтой гэж үзсэн байдаг. Гэвч Монголбанкны шийдвэр гараад хэрэгжсэн ч арилжааны банкууд дээр очоод хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн гомдол тасрахгүй байсан билээ.

 

“Эдийн засгийн тооцоолол хийж чадахгүй иргэдийг луйвардсан хэрэг болж байна...”

 

Баянзүрх дүүргийн иргэн С.Болортуяа “Зээлээ хойшлуулах гээд банкинд хүсэлтээ өгөхөд зээлийн графикт өөрчлөлт оруулаад, хойшлуулсан хугацаагаар үлдсэн зээлийн нийт дүнгээс хүү тооцож авна гэсэн. Энэ нь эдийн засгийн тооцоолол хийж чадахгүй иргэдийг луйвардсан хэрэг болж байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхдээ өөрт ашигтай байдлаар эргүүлж, иргэдийг хохироож байна. Банкны эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгснөөс зээлээ төлөхгүй алданги тооцуулах нь хэд дахин бага төлбөр төлөхөөр тооцоо гарч байна. Гурван сая төгрөгний цалингийн зээлтэй хүн  сар зээлээ хойшлуулахад хуримтлагдсан хүүнд 180 мянган төгрөг нэмж төлөхөөр тооцоо гарч байсан” гэв.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н. Батноров “Ипотекийн зээлээ хойшлуулахаар банкинд хүсэлтээ өгсөн боловч банк “Хойшлуулсан хугацаанд зээлийн хүүгээ үлдсэн нийт зээлийн дүнгээс тооцож авна. Зээлийн төлөлт хийгдэх сүүлийн гурван сар дээр нэмж тооцно” гэж байсан. Би сард сая төгрөгийн ипотекийн зээл төлдөг. Хүүнд 800 мянга, үндсэн төлбөрт 200 мянган төгрөг ойролцоогоор төлж байгаа. Гэтэл энэ аргачлалаар бодоод үлдсэн зээлийн нийт дүнгээс нь гурван сарын хугацаанд хүү тооцож авна гэвэл ойролцоогоор 2.1 сая төгрөгийн хүү нэмж төлөхөөр байна. Бид зээлээ дуртайдаа хойшлуулах гэж байгаа юм биш, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын орлогынхоо тогтвортой байдлыг хангахын төлөө зээлээ хойшлуулах асуудлыг ярьж байна. Гэтэл банк эргээд биднийг хохироосон шийдвэр гаргасан” гэлээ.

Дээрх ярианаас Монголбанкны дээрх шийдвэртэй холбоотойгоор арилжааны банкууд болон иргэдийн дунд үүсээд байгаа зөрчлийг ерөнхийд нь харчихаж болно. Банкууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаагаар хүү тооцож авна гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, эсрэгээрээ банкууд илүү ашиг хийж буй мэтээр үзэгдэх болсон билээ.

Мөн зарим банкуудын зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хүсэлт гаргасан иргэдэд “Орлогоо буурсан нотолгоогоо авчир” гэх мэт шаардлагыг тавьж, ипотекийн зээлтэй иргэний хамтран зээлдэгчийн данснаас зээлийн эргэн төлөлтийг шууд татсан тохиолдол ч гарсан байна.

 

“МАН мөрийн хөтөлбөртөө  зээлийн хүүг сарын нэг хувь болгоно хэмээжээ”

 

Эдийн засагчид “МАН мөрийн хөтөлбөртөө “Арилжааны банкуудын зээлийн хүү 20 хувь байсныг 16.8 хувь болгон бууруулав” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй худал мэдээлэл юм. Энэ нь зээлийн хүүг зохиомлоор бууруулсан мэт харуулдаг статистик аргачлалтай холбоотой. Арилжааны банкинд буй ЖДҮ зээл, онцгой нөхцлийн зээл, Хөгжлийн банкны зээл гээд тусгай зориулалтын бага хүүтэй зээлүүдийг арилжааны өндөр хүүтэй зээлтэй нийлүүлэн тооцож дунджийг нь бууруулан гаргаж байгаа бөгөөд энэ нь банкны зээлийн дундаж хүү буусан гэсэн үг огт биш. МАН-ын мөрийн хөтөлбөртөө  зээлийн хүүг сарын нэг хувь болгоно хэмээжээ. Тэр амлалт хэрхэн биелэхийг нь хүлээж байна. Энэ нь нүд хуурсан ажиллагаа битгий байгаасай. Бүх төрлийн зээлийн хүү тэр дундаа ЖДҮ эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид, гээд эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон зээлдэгчдийн гол эх үүсвэр болсон ББСБ, ломбард, өдрийн зээлийн хүү ч мөн жилийн 12 хувиас доош болох ёстой. Тэгэж байж бид зээлийн хүүг бууруулсан гэж ярих эрхтэй болно, тэгж байж энэ нь эдийн засагт бодит үр дүнгээ өгөх юм.  Зээлийн хүүг 6-8 хувь болгох эдийн засгийн нөөц бололцоо манай улсад бий. Бид үүнийг хийх ёстой. Харин үүнд улс төрийн шийдэл хэрэгтэй, тэр нь бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлыг давж гарсан зоригтой шийдвэр байх ёстой” гэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.2  ПҮРЭВ № 128 (6353)

 

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 20 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 19 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 51 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 12 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

4 цаг 0 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 46 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 42 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 49 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин