Хасан аль-Тавади
© 2022 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион явуулах, өв болгон ашиглах асуудал эрхэлсэн дээд хорооны хэвлэлийн алба
Дамдины ЭНХЭЭ
2022 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион явуулах, өв болгон ашиглах асуудал эрхэлсэн дээд хороо шинээр баригдсан гурав дахь Education City Stadium стадионыг (цэнгэлдэх хүрээлэн) ашиглалтад хүлээж авахаар бэлтгэж байна. Шинэ стадион, Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ач холбогдол, тэмцээнд бэлтгэх ажлын явцын талаар тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хасан аль-Тавадитай ТАСС агентлагийн сэтгүүлч Рустам Шарафутдинов ярилцжээ.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болох гурав дахь стадионыг барьж байгуулах ажил дуусч байгаад та хэр зэрэг бахархалтай байна вэ?
-Ээлжит стадионы барилгын ажлыг саяхан дуусгаж байгаадаа бид маш бахархалтай байна. Коронавирусын цар тахалтай байгаа ч бид урьдын адил графикаараа явж байна. Education City Stadium бол “Халифа” (Доха), “Аль-Жануб” (Аль-Вакра) зэргийн дараа ашиглалтад орж байгаа гурав дахь обьект, энэ оны сүүл гэхэд бас хоёр стадион шинээр нээхээр бид төлөвлөөд ажиллаж байна.
Сүүлийн үед болж байгаа үйл явдлын дэвсгэр суурь дээр буулгаж авч үзвэл Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн улам бүр чухал болж байна. Глобал цар тахлын дараа спорт, тэр дундаа хөлбөмбөг бүх дэлхийн хүмүүсийг нэгтгэх потенциалтай юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байгаа тал болох бидний хувьд ээлжит стадионыг ашиглалтад оруулснаар нийтийн урам зоригийг хөгжөөж, ирээдүйд итгэх итгэл нэмэхэд тус дөхөм болж байна.
Стадионы тухайд гэвэл үнэхээр сэтгэл хөдлөм байгууламж. Хөлбөмбөг сонирхогчид болон тоглогч нарын бүгдийнх нь сэтгэлд нийцнэ. Үзэгчийн суудлууд тоглолтын талбайд ойрхон болохоор мартахын аргагүй сайхан уур амьсгал бүрдүүлнэ. 40 мянган үзэгчтэй энэ стадионд хөлбөмбөгийн тоглолт болохыг би тэсч ядан хүлээж байна.
-Коронавирусын эсрэг тулаанд ялсны дараа хүмүүс ойртож нэгдэн нягтрахад дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн мэтийн спортын арга хэмжээ хэр зэрэг чухал байх бол?
-Оролцох хүний тоогоороо манай тэмцээн коронавирусын дараах эрин цагийн хамгийн том олон улсын үйл явдал болно. Мэдээж, сорилт бэрхшээл олон тохиолдоно, гэхдээ үүний хамт хөлбөмбөгийг шүтэх бүх нийтийн дур сонирхлын ачаар бүх дэлхийг нэгтгэх хосгүй боломж бүрдэх болно.
Болох гэж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маань Ойрхи Дорнодод, арабын улс орнуудад болж байгаа анхны, Азийн улс орнуудад болж байгаа хоёр дахь тэмцээн гэдгээрээ онцгой. Тийм болохоор олон тэрбум хөгжөөн дэмжигчдийн хувьд энэхүү мартагдашгүй халуун дулаан мөчийг амсаж мэдрэх хүлээлт, боломж юм.
Спортын энэ төрөл бол бүхий л хил хязгаар, зааг ялгааг арилгах ид шидийн хосгүй хүч чадалтай. Энэ бол уг тэмцээнийг зохион байгуулахаар бидний зорьж хүссэн шалтгааны нэг нь. Хөлбөмбөгт бид хичнээн их хайртай дуртай гэдгээ бүгдэд харуулахын зэрэгцээ манай соёлтой танилцах боломжийг бүх хүнд олгохыг бид хүссэн юм. Манай улс орны хийгээд нийт бүс нутгийн маань талаар буруу зөрүү ойлголт, хэвшмэл сэтгэлгээг арилгахад энэ бүхэн тус нэмэр болно гэдэгт бид итгэлтэй байна.
-Education City Stadium – ын чухам юу нь хосгүй вэ?
-Юуны өмнө энэ бол “Цөлийн очир эрдэнэ” хэмээн бидний нэрлэсэн үзэсгэлэн төгөлдөр стадион. Гадна тал нь нарны гэрлийн тусгалаас хамаарч өнгөө хувиргадаг очир эрдэнийн үнэт чулуу лугаа адил.
Хөлбөмбөгт дуртай бүх хүн энэ стадионд хайртай болно гэж би бодож байна. Education City Golf Club хэмээх гольфын клубын дэргэд энэ стадион тодрон ялгарч харагдана. Тэрээр алсаас сүр бараатай харагдах бөгөөд үзэгчдээр дүүрсэн үедээ миний хэлсэнчлэн үнэхээр онцгойрч ялгарна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг, хөл хөгжөөнөөр дүүрэн байх болно.
Судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн байгууллагуудын зэрэгцээ сургууль, их сургууль бүхий Education City дүүрэгт энэхүү стадион байрлаж байгаа нь мөн чухал үүрэгтэй. Манай үндэсний үзэл баримтлалыг урагшлуулан хөгжүүлэхэд, чухамдаа газрын тос, химийн бүтээгдэхүүнийг ашиглахаас бид холдон зайлсхийж, цаашдаа мэдлэгийн эдийн засгийг бодож боловсруулахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа Катарын сан (Qatar Foundation) ч мөн энэ дүүрэгт байрладаг. Education City-гийн намтар түүхэнд энэ стадион дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө болон тэмцээний дараа ч тус дүүргийн хүн амын өргөн олон нийтэд олон тооны обьектийг үүсгэн байгуулах боломжийг олгоно.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төсөлд гол хувьцаа эзэмшигч нь Катарын сан. Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион явуулах, өв болгон ашиглах асуудал эрхэлсэн дээд хороотой тус сан харилцан хамтарч ажиллаж байгаа талаар та өөр юу нэмж хэлж болох вэ?
-Катарын сангийн ажил үйлсэд, шейх хатагтай Моза бинт Насер аль-Миснедийн удирдлага дор үүссэн цагаас нь эхлээд цаашдынх нь хөгжилд гүн хүндэтгэл илэрхийлэхийг миний бие хүсч байна. Шейх хатагтайн олон жилийн хичээл зүтгэл Катар улсыг боловсролын чиглэлээр олон улсын хүрээнд өөрийн гэсэн байр суурьтай болох, манай нийгэмд тус сангаас нөлөө үзүүлэхэд болон тус сангийн үзэл баримтлал, хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Education City бол манай улс орны хөгжилд туяа цацруулсан гэрэл гэгээ мөн. Тэрээр манай бүх иргэн, оршин суугчдад дэлхийн шилдэг их сургуульд хүрэх боломжийг олгож байна. Энэ газарт мөн олон тооны судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн төв, байгууллага байдаг. Тус дүүрэг шейх хатагтай Хинд бинт Хамад Аль Танигийн удирдлага дор манай орныг хэдэн арван жилээр урагшлуулж ач тусаа авчрах мэдлэгийн эдийн засгийг боловсруулахад чухал хөдөлгөгч чиг үүргийн нэг болсон нэр төртэй өвийг аль хэдийн үлдээж чадсан.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олж авахаар Катар улс нэрээ дэвшүүлсэн үйл явдлын эргэн тойронд өрнөж байсан бүхнийг ажигласан бүх хүн төгсгөлийн шатны танилцуулга дээр шейх хатагтай Моза сонгогчдод хандаж үг хэлэхдээ Ойрхи Дорнодод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах цаг хугацаа хэзээ ирэх вэ гэсэн асуулт тавьсныг санаж байгаа байх. Түүний хэлсэн үг улсынхаа нэрийг дэвшүүлж өрсөлдөх бидний кампанит ажилд гол үүрэг гүйцэтгэсэн мөч байсан. Тэгээд ч бараг арван жилийн дараа олон улсын боловсролын нэг төв болохын тулд шейх хатагтай Моза бинт Насер аль-Миснедийн удирдлага дор асар урт зам туулсан Катарын сангийн дэргэд стадионыг нээж байгаа нь тохиолдлын хэрэг биш билээ.
Катарын сан бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад бидэнд дэмжлэг үзүүлж байгаа маш үнэ цэнтэй оролцогч, мөн үүнээс илүү чухал нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа үлдэх өвийг урт удаан хугацаанд хадгалахад бидэнд туслах юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Education City-д аж төрж оршин суугаа мянга мянган хүний сайн сайхны тусын тулд Education City Stadium-ыг өмчлөх эрх Катарын санд шилжинэ.
Энэ төсөл дээр бид маш ойр дотно нягтарч хамтран ажилласан, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө ч, хойно ч мөн ийм эрч хүчээр ажилласаар байх болно. Стадионуудын нэг нь Education City-д байрлах болсонд бид маш бахархалтай байна.
-Стадионыг тодорхойлох нарийн ширийн зүйлийн зүйл болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа стадионыг хэрхэн ашиглах талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол “Катар-2022”-ын хэмжээнд урт удаан хугацаанд ашиглах нөхцөл, экологийн аюулгүй байдлын үнэлгээний глобал системээр таван одны чансаа тогтоосон цорын ганц стадион. Энэ системийг ФИФА сайшаасан бөгөөд түүний шаардлагуудад нийцэж байгаа. Персийн булангийн орнуудын судалгаа, боловсруулалтын байгууллага удирдлагыг нь хэрэгжүүлдэг.
Чансааны ийм үнэлгээ авахад түүнд хэд хэдэн онцлог нөлөөлсний дотор материалын 85 хувийг бүс нутгийн эх үүсвэрээс, 29 хувийг дахин боловсруулсан түүхий эдээс гаргаж авсан явдал юм. Үүнээс гадна уг барилга байгууламжийн 35,5 хувийн элементийг салгаж аваад дахин ашиглаж болох бөгөөд түүний дотор дээд давхрын модуль дахь сандлуудыг тэмцээн дууссаны дараа салгаж авч, спортын дэд бүтэц шаардлагатай байгаа улс орнуудад шилжүүлэх юм. 2022 онд Катарт болох тэмцээний хэд хэдэн талбарт ашиглаж байгаа энэхүү шинэлэг зүйлээр бид маш их бахархаж байгаа. Энэ бол ганц ч стадион “цулгуй цагаан заан” (цор ганцаар гэсэн утга илэрхийлдэг редакцийн тайлбар) болж үлдэхгүйн баталгаа болж байгаа хэрэг бөгөөд тэмцээний дараа дэлхийн аварга шалгаруулах манай тэмцээний өвийг газар сайгүй амсаж мэдрэх явдлыг хангах юм.
Тэмцээний дараа Education City-гийн стадион олон нийтийн спортын обьект болно. Энэ дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа төрөл бүрийн их сургуулийн оюутан, багш нар түүнийг ашиглах болно. Үүнээс гадна тус стадионы спортын зориулалттай байгууламжийг олон нийтэд зориулах бөгөөд зарим хэсгийг лекцийн танхим, QF-ийн сургууль, их сургуулийн төрөл бүрийн арга хэмжээ явуулах байр болгон хувиргана.
-Бусад обьектийн бүтээн байгуулалтад COVID-19-ийн цар тахал хэр зэрэг нөлөөлсөн бол?
-COVID-19 нөлөөлж байгаа хэдий ч бид урьдын адил дэлхийн адаврга шалгаруулах тэмцээнд шаардлагатай бүхий л дэд бүтцийг бэлтгэх графикаасаа түрүүлж яваа. Бид үндсэндээ манай нийт төслийн барилга байгууламжийн 85 хувийг хийж дуусгаад амжилттай урагшилж байна.
Мэдээж, сүүлийн саруудад бид дасан зохицох хэрэгтэй болсон. Барилгын талбай, Доха дахь манай гол офис зэргийг оролцуулаад бүхий л обвект дээр зайнаас харилцах хатуу арга хэмжээ авсан. Бид манай бүх обьектод үнэлгээний арга хэмжээ авч, COVID-19-өөс эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах хүртэл халдварын өндөр эрсдэлтэй гэж үзсэн бүх хүнд цалинтай чөлөө олгосон. Гуравдугаар сарын дундаас олон тооны ажилтан гэрээсээ ажиллаж байна. Манай ажилтнуудын эрүүл мэнд, сайн сайхан аж байдал бидний гол тэргүүлэх асуудал байсаар байх болно.
-2022 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион явуулах, өв болгон ашиглах асуудал эрхэлсэн дээд хорооны ажилд бүхэлд нь COVID-19 хэр зэрэг нөлөөлөв? Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өвийг хадгалах хөтөлбөрийн идэвхтэй байдлыг сүүлийн саруудад хадгалж чадсан болов уу?
-Манай ажилтнууд сүүлийн саруудад шинэ нөхцөл байдалд дасан зохицож чадсанд би бахархаж байна. Энэ бол бүгдийн хувьд сорилт шалгалтын амаргүй цаг үе байсан хэдий ч энэ том тэмцээнд бэлтгэх ажлыг үргэлжлүүлэхийн тулд маш сайн хамтарч ажиллах, харилцан ярилцах аргыг олсон шүү.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өвийг ашиглах манай хөтөлбөрүүд бол бизнес тасралтгүй байхын зөвхөн нэг л жишээ. Generation Amazing бол хөлбөмбөгийг хөгжлийн хэлбэр болгосон манай хөтөлбөр бөгөөд нийгмийн сүлжээгээр шууд нэвтрүүлэг зохион байгуулж, олон хамтын нийгэмлэгийг эвлэлдэн нэгдэхэд болон хүмүүсийг гэр орондоо спорт, фитнесээр хичээллэхэд нь урамшуулж дэмжлэг үзүүлдэг юм. Үүний хамт Josoor хүрээлэн өөрийнхөө мэргэжлийн дипломын бүх хөтөлбөрөө маш шуурхай онлайн болгож, хүмүүс арга буюу гэрээсээ гарахгүй байхад хүрсэн ч гэсэн тэдэнд сонсонгоо үргэлжлүүлэн суралцах боломжийг олгож байна.
Түүнчлэн бид амаргүй энэ цаг үед оюун ухаанаа болон бие бялдраа идэвхтэй байлгахын тулд зайнаас хэрхэн харилцах үзэл бодлын талаар манай тэмцээний элч гишүүд болох Хави Эрнандес, Кафу, Самуэль Это'О и Тим Кэхилл нартай нягт хамтран ажиллаж байна.
Ийм томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, эсвэл өөрсдийн лигийн үйл ажиллагааг сэргээхээр ажиллах явцдаа сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа спортын ертөнцийн мэргэжил, үйлс нэгтнүүдтэй бид харилцан хамтарч ажиллахад нэлээд цаг хугацаа зарцуулж байна. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахад илүү сайн бэлтгэлтэй байхын тулд хөлбөмбөг, спорт дахин сэргэх үед эрүүл мэнд, аюулгүй байдалд хамаатай шинэ мэдээ, мэдээллийг аль болох илүү ихийг цуглуулахын тулд бололцоотой бүхнийг хийж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрхийг ялалт байгуулан олж авсан тэр өдрөөс эхлэн бид сорилт бэрхшээлтэй тулгарсан гэдэгт ямар ч эргэлзээгүй. Гэхдээ бид энэ статустаа байнга нийцэж байгаа билээ. Сэрүүцүүлэх технологи, модуль стадион, аль эсвэл бэлтгэл сургуулилтын талбай гээд бүхий л зүйлд бид инновацийг нэвтрүүлж байна. Инноваци болон уйгагүй хөдөлмөрийн ачаар бид өмнөх саруудад хүнд бэрх замыг туулж чадсан. 2022 оныг зорьж тэмүүлсэн бидний зам цааш үргэлжилж байгаа болохоор урам зориг, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл дүүрэн энэ чигээрээ бид урагшлах болно.
-Танай Дээд хороо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх явцдаа ОХУ-тай хэр зэрэг хамтран ажиллаж байгаа вэ?
-Катар улс өмнөх тэмцээнүүдийн туршлагыг харгалзахыг эрмэлзэж байгаа. Олон бусад үйл явдлын зэрэгцээ 2022 оноос өмнө дэлхийн аварга шалгаруулах хоёр, Европын аварга шалгаруулах хоёр, зуны Олимпийн хоёр тоглолтын жишээ туршлага бидэнд үлдэнэ. Олон улсын тэмцээн, тоглолтыг аль болох ихээр бид үзэж сонирхоно.
ОХУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Катар улс 2022 оны тэмцээнийг зохион явуулахад оролцох 180 гаруй ажилтнаа явуулсан. Тэдний зарим нь ажиглагчаар, бусад нь орон нутгийн зохион байгуулах хороонд орос нөхдөөс суралцсан бол, нөгөө зарим нь ФИФА-гийн төлөөлөгчийн чиг үүргийг идэвхтэй гүйцэтгэж байсан.
Энэхүү хөтөлбөрт оролцогчид орон байр, тээврийн үйлчилгээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажил төрөл, сайн дурынхны ажил, харуул хамгаалалт, аюулгүй байдал, магадлан итгэмжлэл (аккредитаци) зэрэгт холбоо хамааралтай гол гол чиг үүргийн талаар судлаж, тэмцээний бүхий л салбарт гүнзгий нэвтэрч ажилласан.
Катар улс 2018 оны аравдугаар сард Цюрихд байрлах ФИФА-гийн төв штаб руу өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нарийн ширийн зүйлийг задлан шинжлэх үйл ажиллагаанд оролцуулахаар төлөөлөгчдөө явуулсан. Арабын ертөнцөд анх удаа энэ үйл явдал болохоос өмнө тэмцээний шийдвэрлэх үе шатны ажлыг явуулахад ямар сургамж авч үлдсэнийг мэдэхэд энэ бүхэн хэрэгтэй байсан.
-Хөгжөөн дэмжигчдийг ижилсгэн төрөлжүүлэх системийн талаар юу хийж байгаа вэ? Энэ чиглэлээр хэрхэн ажиллах вэ?
-ОХУ-д 2018 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний үеэр Fan ID-тэй ажилласан ФИФА-гийн амжилтыг харгалзан энэхүү стратегийг хэрэгжүүлэх хувилбарыг Катар улс авч үзэж байгаа.
Эх сурвалж: www.polit.mn