Дамдины ЭНХЭЭ
АНУ-д өрнөж байгаа сонгуулийн кампанит ажлыг Европ тивийнхэн онцгой анхааралтайгаар ажиглан харж байна. Европын холбоотой Дональд Трампын харилцаж байгаа харилцааг өөгүй сайхан гэж хэлэхийн аргагүй, Европын холбоо, олон улсын байгууллагууд болон аюулгүй байдлын хүрээний гэрээ хэлэлцээрийг буруутган шүүмжлэх хангалттай шалтаг олж байснаараа Цагаан ордны тэргүүн европын лидерүүдийн дургүйцлийг төрүүлсэн. Одоо харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч ялах болов уу хэмээн Брюссель найдаж байна.
Коронавирусын цар тахал үндэсний эдийн засгийн талаар Дональд Трампын олсон ололт амжилтыг үндсэндээ бүрэн дүүрэн тэглээд зогсохгүй гадаад улс төрийн бодлогын чиглэлээр АНУ-ын зарим асуудлыг улам хурцатгажээ. Ерөнхийлөгч сонгуулийн өмнөх кампанит ажлаа тэрээр өөрт нь нэлээд тааламжгүй нөхцөлд явуулахад хүрч байна.
Коронавирусын халдвар илэрсэн болон нас барсан тохиолдлын тоогоор дэлхийд тэргүүлж, Их уналтаас хойш ажилгүйдлийн хамгийн өндөр төвшинд хүрсэн, мөн АНУ-д болж байгаа эсэргүүцэл зэргийн тухай төдийгүй мөн даян дэлхийн тавцанд өөрийн гол түнш болох Европын холбоотой харилцаа муудсан тухай өгүүлж байгаа хэрэг юм.
Цагаан ордны тэргүүн АНУ-д хөл хориог цуцалж, халдвар тархалтын нөхцөл байдал тогтворжиж байгааг нутагтаа сүр дуулиантай ёслон тэмдэглэхийг хүссэн. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд тэрээр G7-гийн уулзалтыг Кэмп-Дэвид дэх эдлэнд хийхээр шийджээ. Олон сарын хөл хорионы дараа “долоо”-гийн гишүүн улс орны дэлхийн лидерүүд нүүр тулж учрах анхны арга хэмжээ нь энэхүү уулзалт болох байв.
“Улс орон маань “хэвийн байдалд эргэн орж байгаа” энэ цаг мөчид G7-гийн уулзалтын хугацааг Вашингтонд, эсвэл домогт Кэмп-Дэвидэд шилжүүлэх талаар бодож байна. Бусад оролцогч улс орнууд ч мөн хэвийн байдалдаа эргэн орж байна. Энэ бол бүгдийн хувьд хэвийн! болж байгааг онцлох тэмдэглэлт үйл явдал болох билээ” хэмээн Трамп тавдугаар сарын 20-нд Twitter -т бичиж, урилга тараах ажилд орсон.
Гэтэл Цагаан ордны тэргүүний саналаас Германы канцлер Ангела Меркель татгалзсанаар улс төрийн улирлын ялгуусан сэргэлт хийх Трампын төлөвлөгөөг нурааж орхив. Берлин албан ёсоор байр сууриа коронавирустэй холбон санаа зовниж байгаагаар тайлбарласан. Гэхдээ уулзалтыг өөрийнхөө сонгуулийн өмнөх кампанит ажилдаа ашиглах хүсэл агуулсантай Трампыг холбож авч үзсэн тухай канцлерийн баримталсан байр суурийн өөр нэгэн хувилбар бас байж болох ажээ.
Ер нь Цагаан ордны тэргүүн сурталчилгааны иймэрхүү пиар-стратеги ашиглах дуртай нэгэн билээ.
Эсэргүүцэгчдийг дарахын тулд цэрэг дайчлахад бэлэн байгаа талаар мэдэгдэл хийснээс хойш хэд хоногийн дараа тэрээр гартаа библийн судар барин зураг авахуулахаар Гэгээн Иоанны сүм рүү явган алхсан.
Юутай ч, канцлер урилгаас татгалзсан явдал хоёр удирдагчийн хооронд, бүхэлдээ АНУ болон Европын холбооны хоорондох зөрчлийн урт жагсаалтад бас нэгэн үзэгдэл болж үлдэв. Сүүлийн үед талуудын харилцаа бат бөх байх эсэх талаар сорилт тулгарч байгаа бөгөөд учир нь Трамп хийгээд европын лидерүүд харилцан бие биенээ буруутгах далим шалтгийг байнга хайж олсоор байгаа билээ.
Тухайлбал, Германы батлан хамгаалах зардлын асуудлаар Трамп Меркелийг шүүмжилж, ХБНГУ НАТО-гийн өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд “шударгаар өөрийн хувийг” төлөхгүй байна хэмээн мэдэгдсэн. Европын аюулгүй байдлыг өргөтгөх шаардлагатай гэсэн Францын ерөнхийлөгчийн мэдэгдлийг Цагаан ордны тэргүүн элэглэн шоолж, дарсанд тавьсан Парисын татварын хэмжээнд дургүйцлээ илэрхийлж, британы үл итгэгчдийг дэмжингээ Brexit-ийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Европын талаас “шударга бус” нөхцөл тавьж байна хэмээн мэдэгдсэн.
Гадаад бодлогын чиглэлд Цагаан ордны тэргүүний хувиа хичээсэн чиг хандлагад Европ тивийнхэн эгдүүцсэн. Жишээлбэл, аюулгүй байдлын хүрээний гэрээ, хэлэлцээрээс АНУ гарсан (алсын болон ойрын зайн тусгалт пуужинг устгах тухай гэрээ, задгай тэнгэрийн тухай гэрээ, ялангуяа үйл ажиллагааны бүхнийг хамарсан хамтын төлөвлөгөөнөөс гарсны улмаас Европын холбооны лидерүүд Ираныг АНУ-ын хоригоос хамгаалах шаардлагатай тулгарсан) явдал.
НАТО, байгалийн хий дамжуулах “Хойд урсгал-2” хоолойн барилга байгууламж, Хятадтай харилцах асуудал зэрэг хэд хэдэн сэдвээр лидерүүд санал зөрөлдсөн тухай америкийн өндөр албан тушаалын түшмэлийг эшлэн Politico мэдээлжээ.
Ангела Меркель зургадугаар сард Вашингтонд айлчлахаас татгалзсаны дараахан уулзалтыг намар хийхээр болгож хойшлуулснаа Трамп мэдэгдсэн. Түүний үгэнд гоморхлын өнгө аяс илэрч байсан.
“Дэлхий дахинд болж байгаа бүхнийг G7 зохих ёсоор төлөөлнө гэж мэдрэхгүй байгаа болохоор уулзалтыг би хойшлуулж байна” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч сэтгүүлчдэд хэлсэн.
АНУ-д сонгууль болохоос таван сарын өмнө атлантыг дамнасан Вашингтоны харилцаа хамгийн бага доод хэмжээнд хүрэв. Юутай ч Трампын ерөнхийлөгчөөр ажилласан хугацааны трендын нэг нь заримдаа нууцлагдмал ч гэсэн Европын холбоотой байнга л ам мурийсан явдал байлаа.
Аюулгүй байдал, экологи, бусад улс оронтой харилцах асуудал зэрэг хамгийн чухал чиглэлээр Цагаан ордны үнэт зүйл европын лидерүүдийн үзэл бодолтой олон талаар нийлээгүй.
Цагаан ордны явуулж байгаа үйлдэл бүрийн тухайд улам бүр өсөн нэмэгдэж байгаа сэтгэл дундуур байдлын дохиог Европын холбооны лидерүүд бүхий л цаг хугацааны туршид илгээсээр ирсэн. Европ тив өөртөө л итгэх хэрэгтэй талаар Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын зүгээс мэдэгдэх болсон.
Цаг хугацаа өнгөрөх тусам “Нэгдүгээрт Америк” гэх уриа лоозондоо чухам юуг багтаан хамааруулж байсныг Брюссель улам тод томруун ойлгох болсон.
Цагаан ордны тэргүүн дипломат эелдэг ёсонд өөрийгөө захируулдаггүй, Twitter-т Трампын хийдэг огцом ширүүн мэдэгдлүүд нөхцөл байдлыг бүр дордуулдаг.
Талуудын харилцаанд үүссэн Европын холбооны дургүйцэл, Трампын хувиа хичээсэн байдлыг коронавирусын цар тахал ил гаргав.
Герман улс гуравдугаар сард коронавирусын эсрэг вакцин боловсруулах эрхийг булааж авах гэсэн оролдлогод АНУ-ыг буруутгасан. Онцгой эрхийг өөртөө авахын тулд вакцин бэлтгэдэг германы CureVac компанийг өөртөө урвуулах оролдлогыг Вашингтон хийсэн хэмээн гуравдугаар сард Welt am Sonntag сонинд мэдээлжээ.
Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг замаас нь авсан талаар дөрөвдүгээр сард АНУ-ыг герман, францын улс төрчид буруутгаж байв. Цар тахлын бүр эхэнд Трамп Европын холбоог шаардлагатай сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй хэмээн мэдэгдэж, АНУ, Европын хооронд далайн болон агаарын харилцааг оролцуулан аливаа тээврийн харилцааг шууд зогсоож хориглосноор Вашингтон, Брюсселийн харилцаа муудсан.
Ерөнхийлөгчийн энэ шийдвэр Европын холбооны лидерүүдийн хувьд санаанд оромгүй гэнэтийн явдал болсон. Европ тив Трампын шийдвэрт бэлтгэж амжаагүй болохоор европын нисэх буудлуудад эмх замбараагүй байдал бий болж, улмаар Европын холбооны нутаг дэвсгэрт коронавирус тархахад нөлөөлсөн байх магадлалтай.
Задгай тэнгэрийн гэрээнээс АНУ гарсан явдал бол Трампыг хямралын үед ч аюулгүй байдлын салбарт нөхцөл байдлыг тогтворгүй болгохдоо санаа зовохгүй хүн гэдгийг нь европын улстөрчдөд харуулсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг Европын холбоо эрс шүүмжилж, гэрээг урьдын адил дагаж биелүүлэхийг түүнээс шардсан.
Эцэст нь, Трампыг цар тахлын эсрэг харилцан зөвшилцөж тэмцэхэд дэмжлэг үзүүлээгүй, Хятад улс болон ДЭМБ руу дарамт шахалт үзүүлсэн гэдгийг дэлхийн бүх лидер өгүүлж байна. Цагаан ордны тэргүүн коронавирусын тухай мэдээллийг нуун дарагдуулсан гэдгээр Бээжинг буруутгаж, вирусын үүсэл гарлыг мөрдөн шалгахыг шаардаж, ДЭМБ – ыг мөн шүүмжлэн, тус байгууллагад өгдөг АНУ-ын санхүүжилтийг зогсоосон.
Олон улсын институтүүдэд хайхрамжгүй хандаж байгаа Трампын төлөв байдал европчуудын дургүйцлийг хүргэсэн бас нэгэн шалтгаан болов. Цагаан ордны тэргүүн ажил хэргийг зөвхөн дангаараа дур мэдэн явуулах зуршилтай бөгөөд өөртөө ашигтай нөхцөл байдал бий болгоход нь хамтын гэрээ хэлцэл огт нөлөөлөхгүй байна.
НАТО, “Их долоо”, дэлхийн хэмжээний дулааралтай тэмцэх Парисын хэлэлцээр, Дэлхийн худалдааны байгууллага зэрэгт Трамп шүүмжлэлтэй ханддаг. Европчуудын хувьд олон улсын институт тааламжтай, бас шаардлагатай бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн бүхий л заналхийлэл, шүүмжлэл Европын холбооны тэвчээрийг шалгаж байна.
АНУ-ын Төрийн департамент Европтой тогтоосон харилцаа урьдын адил бат бөх байгаа хэмээн үзсээр байгаа. Европын комиссын төлөөлөлтэй АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигуны утсаар ярилцсан ярианы талаар төрийн департамент өнгөрсөн сард мэдээлсэн.
“Глобал цар тахлын үр дүнд бий болсон нарийн төвөгтэй асуудлын хариуд санаа бодол, туршлагаа харилцан солилцож, бидний эдийн засаг, худалдааг аюулгүй нээх ажлыг төлөвлөх боломжийг АНУ болон манай трансатлантын холбоотон, түншүүдэд эдгээр яриа олголоо” хэмээн Төрийн департаментын мэдээнд дурджээ.
Гэсэн хэдий ч санал зөрөлдөөн байсаар л байна. Магадгүй, Европын холбоо шийдвэрлэгдээгүй маргааныг хойш тавьж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээхээр шийдэв бололтой. Арванхоёрдугаар сарын 1-нд албан тушаалдаа орсноос хойш Европын комиссын дарга Урсула фон дер Лейен ганц ч удаа Вашингтонд очоогүй.
Европ тивийнхэн Байденыг ялаасай гэж маш ихээр хүсч байгаа бололтой, хэрвээ тэр ялбал, мэдээж, Европ тивийнхний хувьд маш том бэлэг байх болно.
Стратегийн хувьд АНУ-ын үйлдлүүд өөрчлөгдөхгүй, гэхдээ Европын лидерүүдийн хувьд Байден илүү тааламжтай түнш, хэлэлцээр хийгч байх бөгөөд Трампаас авч чадаагүй илүү ихийг Байденаас авч болно гэдгийг Европын холбооныхон маш сайн ойлгож байгаа” хэмээн Эдийн засгийн дээд сургуулийн үндэсний судалгааны их сургуулийн европын болон олон улсын цогц судалгааны төвийн захирал Тимофей Бордачев “Газета.Ru”-тай ярилцахдаа онцлов.
Гэтэл, хэрэв Трамп ялалт байгуулбал Европын холбооны зүгээс дараагийн дөрвөн жилд түүнд хандах шинэ арга барил хайх хэрэгтэй болно.
“Өөрсдөө тэд олон жилийн турш Орос улсад тун тааруу ханддаг байснаа мэдэж байгаа болохоор Орос улсын зүгээс аюул занал учруулна гэдгийг тэд мэдэрч байгаа. Тийм учраас Оросын дарамт шахалтаас хамгаалахын тулд тэдэнд АНУ-ын нөмөр нөөлөг гарцаагүй хэрэгтэй болно. Үүнээс гадна, Зүүн Европ, Украинд АНУ маш чанга байр суурьтай оролцож байгаа, хэн ерөнхийлөгч болохоос үл хамааран баруун европынхон үүнийг ч бас бодолцох учиртай. Хэрвээ Трамп ерөнхийлөгч болбол европчуудад Байденыг бодоход яггүй хүнд бэрх байх хэдий ч тэртээ тэргүй яаж ийгээд түүнтэй тохиролцохоос өөр арга байхгүй” хэмээн шинжээч дүгнэв.
Эх сурвалж: www.polit.mn