ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач И.Энхболд
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. 1990 оноос Монгол Улс социалист системээс татгалзаж, ардчилал, зах зээлийн замаар хөгжиж эхэлсэн энэ үед Азийн социалист орнуудаас БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон түүхтэй. Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх, доктор Ж.Ломбо, залуу дипломатч, Ломбын Хаш-Эрдэнэ нар “Монгол Улс, БНСУ-ын харилцаа 30 жил” хэмээх номыг Монгол, Солонгос хэлээр туурвин бүтээжээ. Ж.Ломбо гуай дипломат албанд 40 жил зүтгэхдээ Умард, Өмнөд Солонгосын аль алинд нь Элчин сайд, бусад албан тушаалд 30 жил томилогдон ажиллаж байсан хүний хувьд Солонгосын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, түүх, холбоо харилцаа, монгол, солонгос хамт олон, найз нөхдийн дэмжлэгт тулгуурлан хоёр орны харилцааны 30 жилийн ойд зориулж энэ номыг эмхэтгэн боловсруулжээ. Номонд хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, төр, засгийн тэргүүн нарын айлчлал, гэрэл зураг, төр, нийгмийн зүтгэлтэн, Элчин сайд, эрдэмтэд, судлаачдын дурсамж, ярилцлага, өгүүлэл, хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга гэсэн олон салбар, төрөл бүрийн баримт, мэдээ, судалгааг багтаасан зургаан бүлэгтэй, хоёр боть бүтээл юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин