“Бизнесийн тэргүүлэгчид” хэмээх ТАСС-ын тусгай төсөлд "Касперскийн лабораторийн" тэргүүн оролцсон байна. Е.Касперскийн ярилцлагын төгсгөлийн дөрөв дэх хэсгийг хүргэж байна.
-Далийн урласан заан, дархлааны тогтолцоо, Рубикийн шоо, мөнгө, Forbes-ийн жагсаалт зэргийн тухай
-Юунд мөнгө зарцуулахдаа харам биш вэ?
- Боловсруулах ажил. Шинэ төсөлд.
-Тэгвэл өөртөө?
-Миний хэрэгцээ даруухан, тэгэхээр зардал ч мөн тийм гэсэн үг. Юунд ч тэгтлээ мөнгө үрэх билээ дээ? Арван жилийн өмнө байртай болсон. Гадаадад данс, үл хөдлөх хөрөнгө байхгүй. Хятадад харин байр худалдаж авсан, гэхдээ энэ бол эхнэрийнх. Нутаг явах бүрийдээ эхнэр тэндээ л байнга амьдардаг юм.
Хүүхдүүдэд харин овоо их мөнгө зарж байна. Боловсрол, нэмэлт хичээл сургалт, спорт... Бүгд л чухал, хэрэгтэй. Одоо хэр ихийг оруулна, хожмын өгөөж нь төдийчинээ байна. Энэ бол зарлага биш, хөрөнгө оруулалт.
Саявтархан харин нэг заан худалдаж авснаа саналаа.
-Амьд уу?
-Хүрэл. Сальвадор Далийн бүтээл…
Сонин түүх. Манай захирлуудын нэг нь японы нэцке (гоёл чимэглэлийн жижиг баримал) цуглуулдаг юм. Ер нь нэлээн нухацтай сонирхдог хүн. Хоёр жилийн өмнө Эрмитажид үзэсгэлэн гаргаж байсан. Янз бүрийн цуглуулга хийдэг олон хүнтэй танил. Тэдний нэг нь түүнд Далийн бүтээл хүрэл зааныг Лондоны дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай ярьж л дээ. Тэр нь ногоон өнгөтэй юмсанж. Манай корпоративын өнгө ногоон.
Дуудлага худалдаанд би өөрөө яваагүй, Доминиканд болох хуралд оролцохоор ниссэн, гэхдээ Лондонгоор дамжих үедээ зориуд тэр зааныг харахаар шийдсэн. Надад таалагдсан, тэгээд “Авъя, хүсч байна” гэсэн.
Дэлхийд ийм заан ердөө 14 ширхэгийг цутгасан гэсэн. Дали үүнээс 8-ыг нь борлуулж, үлдсэнийг нь өөртөө үлдээх, эсвэл хүмүүст бэлэглэх зэргээр авч үлджээ. Тэр удаагийн дуудлага худалдаанд наймын дөрөв дэхийг нь тавьсан байсан. Уг баримал дээр: - 4/8 гэж бичсэн байв.
Үнэ хаялцах ажиллагаанд би өнөөх нэцке цуглуулдаг захирлыг өөрийг нь явуулсан. Дээшээ гаргаж болохгүй мөнгөний хэмжээг хэлж өгсөн.
Доминакан руу нисч явах зуур дуудлага худалдаа болж байсан. Газардаад, утсаа асаахдаа үнэ хаялцаад авч чадсангүй гэсэн утгатай мессеж ирсэн байх даа гэж бодсон. Тэгсэн чинь огт өөр “Заан манайх болсон”. Залгуулаад “Тэгэхдээ маш үнэтэй” гэсэн байв. Миний хэлж тогтоосноос арай үнэтэй авсан байв.
Гэтэл нөхөд маань цаашлаад над дээр ирж “Жень, компанийн нэр дээр бүртгүүлэхээр өндөр татвар төлөх гээд байна. Чи хувьдаа худалдаад авчих л даа” гэлээ. Би ч хариуд нь “Баярлалаа, найзууд аа! Мөнгөөр намайг ил гаргаж тавиасай гэж би насан туршдаа мөрөөддөг байсан юм” гэлээ.
Одоо заан минийх болсон. Манай оффисын үүдний том лобби танхимд байршуулсан. Хүссэн хүн бүхэн үзэж харж болохоор зориуд ил задгай хэсэгт тавьсан юм. Үнэхээр зөв сайн урлагийн бүтээл юм бол бүгдийн нүдийг хужирлах ёстой биз дээ. Миний бодлоор энэ заан үнэхээр нүд булаахаар гэж бодож байна. Нэр нь Ялгуусан. Дали 14- үүлэнг нь тэгж нэрлэсэн юм байна лээ.
"Касперскийн лабораторит байршсан Сальвадор Далийн бүтээл – “Ялгуусан” зааны баримал", Москва, 2016 год
© "Касперскийн лаборатори" хувьцаат нийгэмлэгийн хэвлэлийн алба
Энэхүү худалдан авалтаар урлагийн бүтээл худалдаж авах сэдэв миний хувьд нэг мөр хаагдсан, ер нь би эд зүйл биш, байгалийн үзэсгэлэнт газраар аялсан сэтгэгдэл хуримтлуулах дуртай нэгэн билээ.
-Гадаад улс оронд явах зөвшөөрөл танд шууд олдоогүй шиг санагдах юм?
-90-ээд оны эхээр ёстой л холион бантан болж байсан даа. Би эхлээд Герман, дараа нь Англи явж амжсаны дараахнаас надад гадаад паспорт олгохоос татгалзсан. Албан ёсоор бол надад паспорт өгөх ёсгүй байсан, гэхдээ өгсөн. Дараа нь буцаагаад хурааж авсан. Нэлээн хэдэн жилийн дараа шинийг олгосон...
Эхэндээ жилд хоёр, гуравхан удаа гадагш явуулдаг байсан бол аажмаар ахиулсан. Гол төлөв олон улсын хуралд л явна, хувийн аялал бараг байгаагүй, тийм цаг зав ч байгаагүй дээ.
1991 оноос би хоногт 12-14 цагаар ёстой сунаж унатлаа ажилладаг байснаа ярьсан. Хагас бүтэн сайн, ээлжийн амралт бараг байхгүй. 1999 онд шиг санаж байна, анх удаа далай руу явж амарсан. Энэ бол Тунис байсан.
-Гэхдээ та манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй 100 газрын рейтингийн жагсаалтыг зохиосон. Бүгдийг өөрийн нүдээр үзэж харсан уу?
-Дийлэнхийг нь. Яг үнэндээ надад хоёр жагсаалт бий... 5А хэмээх ангиллын талаар сонссон уу? Энэ бол хятадын аргачлал. Тэд аялал жуулчлалын газрыг хэд хэдэн үзүүлэлтээр, түүний дотор байгалийн үзэсгэлэн, унаа тээврийн хүрэлцээ, тохь тух гэх мэт. Оноо өндөр байх тусам илүү гоё сайхан гэсэн үг.
Миний хувьд 5К гэсэн ангилалтай. Гайхалтай сайхан, цар хүрээ өргөн, хосгүй ховор, олон төрөл зүйлийн байх ёстой.
Миний нэг жагсаалтад хүний гараар бүтээсэн хот, гудамж, талбай, хөшөө дурсгалууд байдаг.
Дээр нь нэмээд байгаль эхийн бий болгосон зүйл орно. Уулс, тэр дундаа галт уулс онцгой ангилалд хамаарна. Би маш дуртай. Тэр бүү хэл, “Галт уулыг жирийн уулаас илүүд үзэх 12 шалтгаан” сэдвээр миний бичсэн лекц бий.
Гэхдээ энэ бол тусад нь цаг гаргаж ярих том сэдэв. Нэг эхэлчихвэл дуусахгүй яриа болно.
-За тэгье, хөл хорио, хязгаарлалт дуусахаар хаашаа явах вэ, товчхон хариулаарай.
-Намраас л ажил амьдралын хэвийн горимд орох болов уу гэж найдаж байна. Холын аяллын төлөвлөгөө одоогоор хийгээгүй л байна. Гэхдээ урьд нь ярьж байсан аюулгүй байдлын хурал арваннэгдүгээр сард болох товтой байна.
-Хаана болох вэ?
-Анх төлөвлөж байсан өнөөх Барселонд.
Уулын Алтай руу явах зуны аяллаа цуцлаагүй. Телецкое нуураас Аккемийн нуур хүрч, тэндээсээ нисдэг тэргээр Катунь голын эх хүрээд хийлдэг завиар голоор явж, Чуя голын зарим хэсгээр аялах тун сонирхолтой замын зураг гаргасан.
Дашрамд хэлэхэд, аялал жуулчлалын бизнес эрхлэх гэж байгаа гарааны компаниудад зориулж сайхан бид Kaspersky Exploring Russia акселератор нээсэн. Орж үзэж сонирхоорой.
Юутай ч амьдрал энэхүү коронавирустэй дуусахгүй нь мэдээж.
-Евгений, глобал хэмжээнд та юу төлөвлөж байна вэ?
-Ажил уу? Одоо миний хүсэл мөрөөдөл бол ертөнцийг өөрчлөх.
-Даруухан байна шүү!
-Жижиг амбицтай зорилтоор яах юм бэ? “Боломжгүйг бид хийнэ, боломжтойг бидэнгүйгээр хийнэ” – гэсэн нэг хэлц үг байдаг юм.
-Хийх гэж байгаа өөрчлөлтийнхөө талаар арай жаахан дэлгэрүүлж яриач.
-Би үйлдлийн шинэ системийн тухай ярьж байна.
Одоо дэлхий тэр аяараа “тоон” дээр сууж байна, тоо бол бидэнд байгаа хамгийн чухал юм болсон байна. Үйлдлийн дархлааны систем бий болгосноор бид дэлхий ертөнцийг аврах асуудлыг шийднэ.
Бүх асуултын хариуг өгч чадаагүй байна. Тухайлбал, нөөцийн хуулбар хийдэг уламжлалт backup дархлааны системд хэрхэн ажиллах вэ гэдгийг одоо хүртэл хэлж чадахгүй л байна. Гэтэл энэ backup юм бүхэнд л хүрч байх ёстой, гэтэл тэгэхгүй байна. Магадгүй, энэ backup хэрэггүй ч байж мэдэх юм. Системийг хадгалах нь утгагүй, түүнийг сэргээж болно. Харин өгөгдлүүд нь үүлэнд хадгалагдана.
Бид асуудалтай нүүр тулж (одоогоор бид асуудлаас хол байна), бүх зүйл цэгцэрнэ гэж найдаж байна. Дэндүү олон чиг үүрэг шаарддаггүй зүйл дээр одоохондоо дархлаа суулгаж байна. Ажиглах камер, “Ухаалаг хот” төслийн янз бүрийн хэмжигчүүд (датчик) – энэ бүхэн арилжааны зориулалтаар ашиглахад бэлэн болсон бүтээгдэхүүнүүд.
Бас гар утсан дээр ажиллаж байна. Гэхдээ энэ бол “Андроид” – ын өрсөлдөгч биш. Дархлааны систем гэдэг бол дуудлага, мэдээлэл, шуудан хүлээж авах гэх мэт наад захын чиг үүрэгтэй, гэхдээ дэд бүтцийг удирдаж чадна гэдэгт л гол санаа нь оршиж байгаа юм шүү дээ.
-Биет байдлаар уг систем яаж харагдах вэ?
-Бүх л "Андроид"-той адилхан. Хамаг нарийн зүйл нь дотроо, бид харин гаднахыг нь ашигладаг. Биднийх ч мөн адил. Дизайн нь жаахан өөр. Тэр бүү хэл хоёр хувилбараар хийсэн. Энгийн хавтгай хэлбэртэй нэг, бас нөгөөх нь мэргэжлийн зориулалттай, илүү нууц, чухал мэдээлэлтэй ажиллахад хэрэгтэй болохоор арай овортой, янз бүрийн эрэг шураг ихтэй.
-Тэгээд үүгээр л хүн төрөлхтнийг аврах гэж үү?
-Тодорхой утгаар бол тийм л дээ. Бидний ажиллаж байгаа салбар хүрээнд.
Математикийн яггүй бодлого шүү. Үүнийг бодох нь надад сонирхолтой байна.
-Рубикийн шоо эвлүүлдэг байсан шиг үү?
-Одоо ч аль хэдийн мартах шахаж дээ, гэхдээ хүүхэд хааш хаашаа гурван эгнээ шоог эвлүүлж сурч байгааг хараад өөрийн эрхгүй өөрийгөө санадаг юм. Тэгээд хүүгээ гурван эгнээ шоог эвлүүлж сургасан. Тэр маш жаргалтайгаар: - “Ээж ээ, ээжээ, би чадлаа!” гэж байсан. Тэгэхээр нь хүүдээ “Одоо дөрвөн эгнээ шоог эвлүүлж үзье” гэсэн. Хүү маань жаал оролдож байгаад арга нь барагдаад орхисон. Би харин чадсан, надад таалагдсан шүү.
Дараа нь би таван эгнээтэйг эвлүүлсэн. Арай өөр алгоритм шаардлагатай байсан.
Тэгээд зургаан эгнээгээр эвлүүлсэн. Ер нь учрыг нь олчихбол энэ шоог эвлүүлэх хялбар шүү. Нэг л схемээр үргэлжлүүлнэ. Би 11, 11-ээр эвлүүлээд зогссон. Ингэхэд, манай дархлааны үйлдлийн системийн дотоод нэр “11.11”. Тийм болоод л би тэр шоог угсрах ёстой байсан. Одоо миний ажлын өрөөнд байгаа.
Цааш нь нэмж яваагүй. Яагаад гэж үү? Дур сонирхол алга болчихсон. Шоо томроод гарт багтахгүй болсон. Найман эгнээгээр бол бас гайгүй. Харин цаашилбал, ширээтэй дүйцэх юм болно. Тэгэхээр үргэлжлүүлэх утга ямар утга байх вэ? Зарчим нь ойлгомжтой шүү дээ.
-Тэгвэл мөнгө олно гэдэг таны хувьд сэдэл тэмүүлэл хэвээр байгаа юу?
-Аль эрт больсон. Бүр 1990 онд. Юм олж идэхийг маш их хүсдэг байлаа. Хоёр хүүхэд өсч торниж байсан. Хөрш хоршооны компьютерийн вирусыг нэг удаа цэвэрлэж өгсөн юм. Мөнгө төлөх санал тавилаа. “Хэдийг өгөх вэ?” гэж байна. Би “Найзууд аа, нөхрийн ёсоор л тусалсан юм. Зүв зүгээр” гэлээ. Надад нэг хайрцаг диск бэлэглэсэн.
Хоёр дахь удаа тусламж хүсэхэд нь мөнгөнөөс татгалзаагүй. Тэгээд л бага багаар мөнгө олж эхэлсэн. Хөршүүд маань бас дахиад л ирсэн “Борлуулалт хийгээд ирэхээр гайгүй мөнгөтэй болно. Чи техник сайн мэднэ шүү дээ” гэж байна. Компьютер зарж үзсэн. Нэмэр болоогүй. Миний хийх ажил биш гэдгийг ойлгосон. Мөнгөний төлөө ямар нэг юм хийх надад уйтгартай байдаг юм. Тийм болохоор дахиад л нөгөөх компьютерийн вирус ухаж, түүний эсрэг юм хайж эхэлсэн...
1998 оны наймдугаар сард харин би өөрийгөө баян болсныг анх мэдэрсэн.
Евгений Касперский, 1998 он
© Евгений Касперскийн хувийн архив
-Дефолтын дараа юу?
-Тийм ээ, рубль юу ч биш болсон тэр мөчид. Тэр үед гадаадын түншүүд маань гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө хийчихдэг байсан. Гэтэл телевизээр Ельцины зарлиг уншдаг байгаа... Хөгжилтэй юм болсон. Би зусланд байсан ээж рүүгээ утасдаж “Та мөнгөө хаана хадгалсан бэ? Рубль үнэгүй болохоос өмнө амжиж ямар нэг зүйл худалдаж авах хэрэгтэй” гэсэн. Ээж маань тайлбар хэлээд л байсан. Би байгаа бүх бэлэн мөнгөөрөө ойрхоны дэлгүүрээс хамгийн үнэтэй архи худалдаж авсан. “Дээд эгнээний дундаас дуустал бүгдийг нь авна” гэж худалдагчид хэлсэн. Хоёр цүнхэнд бараг арав гаруй шил дүүргэсэн.
Хамт ажилладаг бүсгүй над руу гүйж ирээд “Женя, шагнал авсан юм аа. Мөнгөө үрж амжсангүй!” – гэлээ. Би түүнд: - “Шуба худалдаж ав” – гэсэн. Тэр ч миний хэлснээр хийсэн. Хэдэн жилийн өмнө нөгөө шубатай явж байхтай нь таарсан, надад талархал илэрхийлсэн шүү.
Тэр үед би экспорт хийдэг компани л баталгаа юм байна гэдгийг ухаарч ойлгосон. Бид аль нэг тодорхой улс орны нөхцөл байдлаас шууд хамаардаггүй. Бразилд реалын ханш унахад, хаа нэгтээ өөр нэг валют өсч байх жишээтэй. Евро унахад доллар өснө. Дараа нь эсрэгээрээ. Би бол Виктор Пелевины "Ананасная вода для прекрасной дамы" (“Ганган бүсгүйд зориулсан хан боргоцойн ундаа”) номын гол баатар валютын ханшны хэлбэлзлээс болж айхтар хүнд шаналдаг Скотенков – Аль – Эфэсби биш ээ.
Надад шаналгаа байдаггүй.
-Гэхдээ Forbes-ийн жагсаалтад эзэлдэг байр таныг шаналгадаггүй юу?
-Тэр жагсаалтад оронгуут тун тусгүй юм болж дээ гэдгийг шууд ойлгосон. Үүнээс хойш нэг их удалгүй миний хүү Иваныг хулгайлсан юм... Ингэж нийтийн танил болох чинь хоёр талтай юм билээ.
Заримдаа энэ жагсаалтын дээд хэсэгт очих юмсан гэж бодох үе гардаг л даа, гэхдээ тэр даруй энэ бодлоо үлдэж хөөдөг. Ямар ч хэрэггүй тэнэг бодол.
-Өөр ямар нэг юм боддог уу?
-Мэдээж, бодолгүй яах вэ. Байн байн. Гэхдээ чанга хэлэхгүй, битгий асуугаарай.
Яваандаа аажим аажмаар ачааллаа бууруулж, ажлаа бусдад шилжүүлэх замаар бизнесээс гарна. Гэхдээ би одоо ч гэсэн гүйцэтгэх ажил нэг их хийгээд байдаггүй, ердийн ойлголтоор бол компанийг удирдаж жолооддоггүй. Чиглэл тус бүрээр нь тэнд байгаа хүмүүстээ даатгачихсан. Ричард Брэнсоны "Миний дүрэм" номыг уншаад хамт олон, бизнесийг удирдах бидний арга барил ижил юм байна гэж ойлгосон. Би зөв санаа бодолтой хүмүүсийг эрж хайж олоод, шийдвэр гаргах эрх чөлөөг тэдэнд олгодог, тэгэхдээ хариуцлагыг тэд ч бас өөртөө үүрэх ёстой.
-Хүн төрөлхтнийг аврах ажлыг өөртөө үлдээж байгаа юм биз дээ?
-Энэ бол нүд ирмэх зуур хийх зүйл биш л дээ. Чийдэн асаах шиг. Урт удаан үргэлжлэх үйл явц. Нэмэлт хүсэл тэмүүлэл бий болох хэрэгтэй.
-Хэнд?
-Хүн төрөлхтөнд. Тохиолдож байгаа янз бүрийн хор хохиролтой үйлдлээс болж хүн төрөлхтөнд хэр зэрэг хүнд хэцүү байх бол гэдгээс их зүйл шалтгаална.
-Тайлбарлаач.
-Хар л даа: жирийн цагнаас эхлээд атомын цахилгаан станц хүртэл бүгд л “тоон” дээр сууж байна. Дархлааны системээр солихын тулд сүүлийн хагас зуун жилд хийсэн бүх софтыг дахиж бичих хэрэг гарна. Ийм стратеги хол явахгүй. Би өөрийнхөө түнш, захиалгч нартаа одоо ажиллаж байгааг огт оролдолгүйгээр тэр хэвэнд нь орхихыг санал болгодог юм. Харин бүр анхнаас нь эхэлж байгаа зүйл дээр дархлааны системийг шууд бий болгох хэрэгтэй.
Үр дүнд нь яваандаа хуучин технологийг шинээр солих ажил, техникийн демограф өөрчлөлт хийгдэнэ. Хувьсгалгүйгээр.
-Бид үзэх үү?
-Үзэх ёстой. Бага багаар юм өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн одоо цар тахлын учрыг яаж ийгээд нэг тийш болгоно, тэгээд алсын ирээдүйн талаар бодож эхлэх байх гэж найдаж байна. Дархлааны систем гэдэг бол глобал эд шүү дээ...
Андрей Ванденко
Эх сурвалж: www.polit.mn