Г.ОТГОНЖАРГАЛ
“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:30 цагаас МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийж, Хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх, авилгал хээх хахуульд идэгдсэн шүүгчдийн шударга бус шийдвэрүүд, илрээгүй нуун дарагдуулж буй хэргүүд, жирийн иргэд хууль хүчний байгууллагын хохирогч болсоор байх уу?. Монголчууд бид олон жил дуугуй, хүлцэнгүй байсаар залхаж байна. Одоо “Монгол түмний нэгдэл хөдөлгөөн”-өөс дуу хоолойгоо хүргэж, шүүхийн шударга бус үйлдэлүүд, хохирч хэлмэгдсэн ард иргэдийн өмнөөс, сунжирч нуун дарагдсан, хэрэгсэхгүй болгосон томчуудын хэргийн эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
Шүүхийн ерөнхий зөвлөл, МУ-ын Ерөнхийлөгчийн Шүүхийн мэргэшлийн хороонд бид энэ тухай шаардлага хүргүүлнэ. Мөн хонгилын шүүгчдэд мэдэгдэл хүргүүлж анхааруулж байна гэв. Хуралд оролцогчид “Өнгөрсөн хугацаанд АТГ болон прокурорын байгууллагад бүртгэлтэй байгаа, олон нийтэд ил байгаа хэргүүдэд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарч мөрдөн байцаах үйл ажиллагаанд шилжүүлж байгаад олон нийт талархаж байгаа ч эдгээр хэргүүдийг илрүүлэх үйл ажиллагааны явцыг шүүхийн байгууллагууд удаашруулж, нуун дарагдуулах, хорьж шалгахгүйгээр гадагш нь оргон зайлах боломж олгох, хэргийг хэрэгсэхгүй болгох, хуулийн дагуу ял оноосон ч хөнгөн ял оноох, хэсэг хугацааны дараа суллах зэрэг хууль бус үйлдэл гаргасаар байгаа учраас шүүхийн байгууллагын шударга бус байдалд хяналт тавьж, шүүгчдийн мафижсан бүлэглэлд буюу хонгилын шүүгчдийг ил болгохын төлөө тэмцэнэ” гэдгээ мэдэгдэв. Мөн олон нийтэд хандан шүүхийн байгууллага, шүүгчидтэй холбоотой дараах мэдээллийг хүлээн авна гэлээ.
“Монгол түмний нэгдэл хөдөлгөөн”-өөс олон нийтэд хандан нийт шүүгчдийг хавтгайран буруутгах, шударга үнэнч ажиллаж буй шүүгчдийг буруутгахаас сэргийлж, энэ авилгажсан нийгэмд ямар шүүгч нар ард түмний итгэл найдвар, урам зоригоор тоглож байгаа талаарх мэдээллийг ил болгохыг хүсч байна гэв.
Тэд “ Хуулийг завхаруулдаг, хуулийг ашигладаг хонгилын шүүгчдийн энэ байдлыг таслан зогсоож, бидэнд мэдээллээ ирүүлээч. Хэн гэдэг шүүгч дээр ямар хэрэг хянагдаж байгаа талаарх мэдээллийг ирүүлбэл бид эх сурвалжаа хамгаалалтад авахаас гадна тухайн шүүгчийн нэр зураг, гэмт үйлдлийн талаар олон нийтэд мэдээлж, шүүхийн шударга бус үйлдэлтэй хатуу тэмцэхээ анхааруулж байна. Манай хөдөлгөөний зүгээс хэн нэгний гар хөл болоогүй учраас хэн нэгний дарамт шахалтаас айхгүй байна. Монгол Улсад шударга ёс тогтоохын төлөө цаашид тэмцлийн өөр хэлбэрийг ашиглана гэдгээ мэдэгдэв.
Өнөөдөр хууль бусаар хэлмэгдэж, мөрдөгдөж амь насаа алдсан иргэний тухай мэдээлэл бидэнд байна. Олон нийтийн хамгийн сайн мэдэх хэрэг, УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах, эдгээр иргэдийг өнөөдөр хүртэл тамлан зовоож, эрүүдэн шүүж байгааг эсэргүүцэж, хөл хорионы дэглэмийг үл анзааран тэмцэнэ, цуглана, суулт хийнэ, өлсгөлөн зарлага гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн шүүхийн сахилгын хороо, шүүхийн схемд хяналт тавьж байдаг байгууллагууд ажлаа хийж, ард иргэдийн төлөөлөл болж, шударга ёсыг тогтооно гэдэгт итгэж байна гэв.
Эх сурвалж: www.polit.mn