Б.НАМУУНТАМИР
“АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн”-ий тэргүүн П.Галиндэв АН-аас сонгуульд нэр дэвших хүмүүсээс 100 сая төгрөг авахыг эсэргүүцэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Сүүлийн үед МАН дээр хэрэгжиж байсан 60 тэрбумтай ижил бохир мөнгөний схем АН-д бий болчхоод байгаа. АН-ын дарга С.Эрдэнэд манай хөдөлгөөний зүгээс удаа дараа бохир мөнгөний схемээ зогсоож, Үндсэн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болго, эргэж хар гэсэн албан шаардлага, зөвлөмж, хүсэлтийг өгсөөр ирсэн ч өнөөг хүртэл тухайн байр суурь дээрээ гүрийсээр байгаа. Мөн энэ 100 сая төгрөгийн асуудлаас болж АН сонгуульд орох, орохгүй нь эргэлзээтэй, нэр дэвшигчид нь хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрчхээд байгаа. АН-ын зөвлөл 100 сая төгрөгийн татварыг хүчингүй болгож, Үндсэн хууль зөрчсөн АН-ын дарга С.Эрдэнэд хариуцлага тооцож, даргаас нь огцруулж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг шаардаж байна. Ардчилсан нам 180 орчим гишүүнтэй үндэсний хэмжээний том нам С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох боломжгүй болж байна.
С.Эрдэнэ 2017 оны нэгдүгээр сарын 30-нд АН-ын даргаар сонгогдсоноос хойш АН-ын суудлыг зарахаас гадна цаашлаад УИХ-ын суудлыг үнэлж зарж, бохир мөнгө босгож буйг манай Ардчилал шинэчлэл хөдөлгөөнөөс эсэргүүцэж байна. 2016 онд МАН-д хэрэгжиж байсан 60 тэрбумын схем өнөөдөр АН дээр хэрэгжиж байна. Тиймээс АН-ын гишүүддээ анхааруулахад намаараа хууль зөрчсөн үйлдэлд орохоос өмнө 100 сая төгрөгийн бохир схемээ сонгуулийн өмнө хүчингүй болгох ёстой” гэдгийг хэллээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг хүргүүлсэн аж. Үндсэн хуулийн 3.2 буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан, Хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр маргаан үүсгэхээр болжээ.
Эх сурвалж: www.polit.mn