Б.ТУУЛ
“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Xера Холдинг” компанийн захирал Хассуурын Ганхуяг Ардчилсан намын хэсэг залуусаас захидал бичиж, түүнд хандсан талаар мэдээлэл хийлээ. Уг захидалд С.Эрдэнэ АН-ын даргаар ажилласнаас хойш ардчиллын үнэт зүйл алдагдаж байгаа талаар уншиж танилцууллаа. Энэхүү захидалд, Ардчилсан нам нь сонгуульд нэр дэвшихээр саналаа ирүүлж буй горилогчдоос дэнчин хэмээн 100 сая төгрөг хураан авч байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаагаас гадна Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн 100 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Тиймээс үүнийг 60 тэрбумын хэргээс ялгаагүй төрийн эрхийг хууль бусаар авах, улстөрчдөөр дамжуулан бизнесийнхний эрх ашгийг хангуулах схем гэж харж байгаа учраас “Xера Холдинг” компанийн захирал Х. Ганхуяг нь сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос 100 сая төгрөг авч эхэлсэн бол нэрсийн жагсаалтаа ил болгох. Дансны мэдээллээ 24 цагийн дотор ил болгохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.
“Дансны мэдээлэл, орлогын эх үүсвэрийг шалгуулна”
Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Та аль намын гишүүн бэ. Сонгуульд нэр дэвших үү?
-МАН-ын бага хурлын гишүүн. 2016 онд бие даан нэр дэвшиж байсан. Ингэхдээ МАНАН дэглэмийг эсэргүүцэж байв. Одоо МАН-аас нэр дэвшинэ.
-Та МАН-ын Бага хурлын гишүүн байхад яагаад АН-ын гишүүд танд захидал бичсэн юм бэ. Та бусдын нэрийг бариад байгаа юм биш үү?
-Би 2016 оны сонгуульд З.Энхболдтой өрсөлдсөн. 2017 онд С.Эрдэнийг амалж авсан. Тийм болохоор надад бичсэн байх.
-Нэр дэвшигчдээсээ мөнгө татах нь харин ч олон нийтэд нээлттэй, хөрөнгө босгох асуудал нь ил тод сайн жишиг гэж харж байгаа шүү дээ?
-Олон улсын практикт хандивын мөнгө авдаг. Гэхдээ данс нь нээлттэй байдаг. Хэн, ямар зорилгоор тушаасан нь ил байх ёстой. Түүнээс гадна хандивын мөнгө цуглуулах хугацаа болоогүй, нэр дэвшигчид тодорхой болоогүй байгаа. Хуулиараа сонгуулийн санал хурахаас 45 хонгийн өмнө тодорхой болох ёстой. Гэтэл наана нь ингэж мөнгө аваад зогсохгүй дахиад 300-400 сая төгрөг нэхээд байна гэж байна. 180 хүн 100 сая төгрөг тушаахад 18 тэрбум төгрөг. АН яллаа гэхэд сайдын суудал ямар үнэтэй байх юм. 100 сая төгрөг бага мөнгө биш. Ийм мөнгө төлсөн хүмүүс мөнгөө буцааж олж авах гэж л ажиллана.
-Тэгээд та энэ удаа ямар зорилгоор мэдээлэл хийж байгаа юм бэ?
- Би энэ асуудлыг Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж шалгуулна. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байгаа тул тагнуулын байгууллагад хандана. Шалгуулъя гэж бодож байгаа. Энэ бол бага мөнгө биш. Ямар эх үүсвэрээс олсон юм, хэн нэгнээс зээлсэн юм уу гэдгийг шалгуулна. АТГ-т хандаж дансыг ил болгуулах, орж ирсэн орлого нь хууль ёсны эсэхийг шалгуулна.
Яагаад гэвэл нэрсийн жагсаалтыг харахад Ц.Элбэгдоржтой холбоотой 20-30, З.Энхболдтой холбоотой 20-30, С.Эрдэнэтэй холбоотой мөн 20-30 хүний нэрс харагдаж байна. Хууль хяналтынхан, банк санхүүгийнхний нэрс явж байна. 100 хүн нэмж 400 сая өгөхөд 40 тэрбум буюу нийт 58 тэрбум төгрөг цугларах нь. Энэ бол улс төрийн албан тушаалыг ил тод зарж байгаа хэрэг.
АН-ын дарга С.Эрдэнэ дэнчин, хандив, татвараа урьдчилж авч байгаа гэж тайлбарласан. Яг аль нь вэ гэдгийг тодруулна.
-Сонгуульд горилж байгаа хүн Сонгуулийн тухай хуулиар данс нээж, хандив өгөх боломжтой юу?
-Энэ талаар Сонгуулийн тухай хуульд маш нарийн заасан. Сонгууль болохоос 45 хоногийн өмнө нэр дэвшигчдийг тодруулаад хандивын дансаа нээх ёстой. Хувь хүн 5 сая, ААН 20 сая төгрөг хандивлах боломжтой.
АН хэсэг залуусаас түүнд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь оруулав.
Эх сурвалж: www.polit.mn