Хогийн саваа ангилчихлаа, та харин хогоо ялгаарай

2020-04-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Өнөөдөр дэлхийн олон орон хог хаягдалд онцгойлон анхаарч, дахин боловсруулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Жил бүрийн өдийд хөрсний бохирдол, хог хаягдлын асуудал нийслэлийнхний өмнө тулгамддаг. Хог хаягдлыг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд нийслэлээс шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь хог ангилан ялгах төсөл юм. Энэ хүрээнд “Хогоо ангилж, Хотоо цэмцийлгэе” аяныг өнгөрсөн жил хэрэгжүүлж, хог ангилан ялгах савыг олон нийтийн гудамж талбай болон орон сууц, албан байгууллагын үүдэнд байршуулсан. Энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 77 байршилд хог ангилан ялгах бункерүүд байршуулсан байна. Хог ангилан ялгах бункер байршуулснаар орчны бохирдол, ил задгай хог хаягдал хэрхэн буурсан талаар Баянзүрх дүүргийн IV хорооноос энэ удаагийн “ZERO WASTE” булангийн ээлжит сурвалжлагаа хийлээ.

Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Цагдаагийн хотхон, Сансар хотхон, 21, 31, 38 дугаар байрнуудын  гадна хог ангилан ялгах савыг байршуулжээ. Өмнө нь энэ байр нэг л хогийн бункертэй байсан бөгөөд энд тэндгүй ил задгай хаягдсан хогон дээр шувуу, нохой цугладаг байжээ. Тус хороонд шинээр байршуулсан хог ангилан ялгах хайрцагт оршин суугчид хогоо ангилан ялгасан эсэх, орчны аюулгүй, цэвэр байдалд Цагдаагийн хотхоны жижүүр өдөр бүр хяналт тавьдаг бол хорооны хэсгийн ахлагчид бас давхар хяналт тавьж байгаа аж.

 

“Хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй боллоо”

 

Цагдаагийн хотхоны оршин суугч Н.Болортунгалаг “Ангилалтай хогийн савтай болсон нь бидэнд их таалагдаж байгаа. Өмнө нь бункерийн амаар хог багтахгүй, ил тавьснаас өмхий үнэр гардаг байсан нь одоо байхгүй болсон. Манайх хогоо эхлээд гэртээ ангилж байгаад, хаях оролдлого хийж үзсэн боловч нэг төрлийн хог нь дүүрээд, нөгөөх нь дүүрэхгүй уддаг юм байна лээ. Одоо бол шил, лааз гарвал тухай бүрт нь гараад хогийн савандаа ангилан хаяж байгаа” гэв.

Тус хорооны хэсгийн ахлагч С.Мөнхзул  “Хорооноос хог ангилан ялгах хайрцаг байршуулаад долоо хоног өнгөрч байна. Оршин суугчид хогоо ангилан ялгаж сураагүй, уутанд бөөгнүүлээд л хогоо хамаагүй хаячихдаг үзэгдэл гарч байна. Зарим тохиолдолд хайрцаг руу зүглүүлээд хогоо шидчихдэг. Шаардлага тавьсан ч хүлээж авдаггүй. Шил лааз түүдэг хүмүүс ангилж ялгаад цэвэрлэсэн хогийг задалж, хур хог үүсгэдэг. Байрны СӨХ болон жижүүр ажилчид нөөц боломжийнхоо хэрээр хичээж ажиллаж байна. Хорооноос хуурай хлорамин өгснийг нь хогийн цэг рүү цацаж ариутгалаа. Хамгийн чухал нь оршин суугчид ухамсартай байх хэрэгтэй. Иргэд хогоо ялгаж хаяад сурчихвал шил, лааз түүдэг хүмүүс ч бас хог тарих шаардлагагүй” гэлээ.

Сансар хотхоны оршин суугч н.Батсүрэн “Өмнө нь ил задгай хаясан хогийн үйлчлэгч, хог ачихдаа хог ачдаг ачигч нар цэвэрлэдэг байсан. Харин манай байр ангилж, ялгаж хаядаг хогийн савтай болсноор хэд хэдэн дэвшил гараад байна. Мэдээж байрны иргэд соёлтой болж, хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй боллоо. Харин манай гэр бүлийн хувьд гэртээ хогоо ангилж байгаад хогийн савандаа хийчихдэг болсон учир хүүхдүүдэд маань ч сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд зогсохгүй, хэвшил болгож байгаад баяртай байгаа” гэв.

38 дугаар байрны оршин суугч Н.Цэрэнчимэд “Манай байрныхан хогоо ялгаж хаяж сураад байгаа шүү. Өмнө нь хог хөглөрч, муухай үнэр гарч, орон гэргүй хүмүүс хог ухаж, тараачихдаг юм. Харин энэ хогийн савыг байршуулснаас хойш элдэв асуудлыг байхгүй болгосон. СӨХ хогоо ялгахгүй байгаа иргэдэд анхааруулж, сануулга өгдөг болохоор хариуцлагатай болгож байгаа юм л даа” хэмээв.

Тус хорооны НҮГ-1 хог тээврийн байцаагч Д.Болормаа “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 77 байршилд хог ангилан ялгах хайрцаг байршуулсан. Манай хороонд “Ногоон хороо” хөтөлбөрийн таван байршилд хог ангилан ялгах хайрцагтай болсон. Зарим нь хогоо ангилан ялгалаа ч нэг л автомашинаар ачиж байгаагаас хойш ямар ч ялгаагүй гэх шүүмжлэл хэлдэг. Энэ нь үнэн боловч цаашид тусгай автомашин явдаг болно. Одоогоор нөөц боломж хомс байна. Ер нь хогоо ил задгай хаях уу, ангилж ялгах уу гэдэг иргэн бүрийн ухамсраас шалтгаална. Хогийг ангилан ялгах тал дээр СӨХ-ийн ажилтнуудад үүрэг болгосны дагуу хяналт тавьж, иргэдэд мэдээлэл тогтмол өгч байгаа” гэдгийг хэлээ.

Гэрээсээ л гаргаж байвал хамаагүй гэсэн сэтгэлээр нийслэлээ хогийн сав болгохоо болъё. Дахивар бүтээгдэхүүн үнэтэй болж, хог дахин боловсруулах хэдэн арван үйлдвэр ашиглалтад орчихсон энэ үед орон сууцны иргэд орцныхоо гадна хогоо бөөгнүүлээд хаячихдаг, ил задгай хур хог нь халуун наранд өмхийрч үнэртэн, хаврын салхи, шуурганд энд тэндгүй хог хийсдэг асуудлыг ганцхан бункерээр шийдчихжээ. Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хог хаягдлын 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгддэг байна. Мөн нийт хог хаягдлын 40-45 хувь нь эдийн засгийн дахин эргэлтэд орох боломжтой гэх судалгаа бий. Тухайлбал, цаасан болон хуванцар хог хаягдлыг дахин боловсруулалтаар ашиглах боломжтой. Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм. Хүн бүр халдварт өвчнөөс өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах гэж дор бүрнээ хичээж байгаа шиг хогоо ангилан ялгаж сурвал эргээд агаар орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Баянзүрх дүүргийн хэрэгжүүлээд буй “Ногоон хороо” хөтөлбөр гэсэн бичигтэй шинэхэн бункерийг байршуулж  буй энэхүү аяныг бусад дүүргүүд ч мөн анхааралдаа авч, хэрэгжүүлээсэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.3  БААСАН  № 65 (6290)

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 35 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 58 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 57 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 29 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 50 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 38 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 24 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 20 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 27 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин