Б.ТУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа бид ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбатыг урьж, цахим сургалын хөгжил сэдвээр ярилцлаа. Онцлох эшлэлүүдийг хүргэе.
-Өнөөдөр технологи маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Цаашид ойрын 10 жилд магадгүй албан байгууллага, айл бүр ямар нэг робот ажилтан-туслагчтай, хүн бүр хиймэл оюун ухааны ололт дээр суурилсан ухаалаг хэрэгслүүдийг өргөн хэрэглэдэг болох нь гарцаагүй.
-Хэдхэн жилийн өмнө зайн сургалт, цахим сургалт, мобайл сургалт гэж ярьж байсан бол өнөөдөр дижитал суралцахуй, нээлттэй боловсрол, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлүүд буюу MOOCs (Мassive Open Online Courses) зэргийг чанартай боловсролыг хямд зардлаар хүссэн хүн бүрт хүртээмжтэйгээр хүргэх арга хэрэгсэл гэж үзэж байна.
-Цаашид зайн эсвэл цахим сургалт гэж нэрлэхээс илүүтэй дараагийн хөгжлийн түвшин рүү шилжиж дижитал суралцахуй, нээлттэй боловсролын зарчмаар ухаалаг хэрэгсэл, хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотойгоор олон чиглэлээр хөгжих төлөвтэй байна.
-Манай улсын хувьд зайн сургалтыг 2000 оны эхэн үеэс хөгжүүлж эхэлсэн байдаг. Төр засгийн түвшинд тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч яг орчин үеийн түвшинд суралцагчдын эрэлт хэрэгцээг хангахуйц хууль эрх зүйн орчныг ч, хэрэгжүүлэх системийг ч цогцоор нь бий болгож хараахан чадаагүй байна.
- “COVID-19” гэнэтийн хүчин зүйлийн нөлөөгөөр ямар программ хангамж, интернэтийн болон цахим хэрэгслүүдийн боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар багш бүр ямар нэг хэмжээгээр эрэл хайгуул, туршилт хийж тодорхой ахиц дэвшил гарч байна.
-Онлайн сургалт нь танхимын сургалтыг бодвол илүү уян хатан сургалт бөгөөд тухайн суралцагч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бие даан суралцах боломжийг олгодгоороо давуу талтай.
-Уламжлалт танхимын сургалт болон онлайн сургалтыг харьцуулан судалсан олон улсын судалгаа олон бий. Жишээ нь, Charlotte Neuhauser, 2002 оны судалгааг харвал оюутнуудын тестийн оноо, гэрийн даалгавар, хичээлийн дүн нь танхимын сургалт болон онлайн сургалт хоёрын хооронд ялгаагүй байсан бөгөөд нийт онлайн сургалтад хамрагдсан оюутны 96 хувь нь онлайн сургалтыг танхимын сургалтаас илүү үр дүнтэй гэж үзсэн байдаг.
-Онлайн сургалтыг дэлхий нийтээрээ олон талаас нь судалж байна. Энэ нь дан ганц боловсролын тэгш бус байдлыг бууруулаад зогсохгүй боловсролын чанарыг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг дэмжих гарц юм.
-Өнөөдрийн түвшинд нийт оюутнуудын хувьд цахим орчныг ашиглаж байгаа байдал нь надад чамлалттай санагддаг. Манай оюутан залуусын хувьд интернэт болон ухаалаг гар утсыг голдуу бие биетэйгээ чатлах, энтертайнмент буюу цагийг зугаатай өнгөрөөх чиглэлд илүү ашиглаж байгаа нь ажиглагддаг.
-Дунд сургуулийн орчинд сурагч хүүхдүүдэд буюу Z-үеийнхэнд ухаалаг гар утас ашиглахыг ор тас хориглохын оронд харин үр дүнтэй зөв зүйлд ашиглах, тухайлбал бие даан суралцах, хэрэгтэй мэдээллээ олж авахыг нь дэмжих хэрэгтэй.
-Зайны сургалтыг чанартай явуулах, илүү боловсронгуй болгоход бид аль аль талаасаа анхаарах ёстой. Нэгдүгээрт, сургалтын материалыг бэлтгэхдээ маш бага хугацаанд их багтаамжтай мэдээллийг суралцагчдын анхаарлыг боломжит хамгийн их хэмжээгээр татахаар бэлтгэх. Хэрэв видео хичээл бэлтгэж байгаа бол холливудын кино үзэж байгаа мэт сэтгэгдэл үйлдээхүйц байхаар бэлтгэх шаардлагатай болж байна.
Эх сурвалж: www.polit.mn