COVID - 19 гуравдугаар сард оросуудыг хөл хорионд оруулсан, гэхдээ шинэ коронавирус, болж байгаа үйл явдлын шалтгаан, цаг хугацаатай холбоотой олон асуултын хариу тодорхойгүй байсаар. Эбола болон томууг бодоход хавьгүй сулавтар энэ вируснээс болж дэлхий даяараа сандралд орсны учир, “вирусын” цаглабараар Орос улс АНУ-аас ганц, хоёр долоо хоног хоцорсон, 2019-nCoV зохиомлоор үүссэн байж болох эсэх тухай хийгээд цар тахал цаашдаа хэр удаан үргэлжлэх зэргийн талаар биологийн ухааны доктор, Системийн Биологийн Сургуулийн GMU (АНУ) профессор Анча Баранова РИА Новости-гийн сурвалжлагч Наталья Парамоновад ийнхүү ярьжээ.
-Эмч нарын хэлж ярьж байгаагаас үзэхэд томуугийн үед ч гэсэн иймэрхүү халдвар тархалт (эпидемия), тэр бүү хэл цар тахал (пандемия) тохиолддог ч гэсэн коронавирусын өмнө анагаахын тогтолцоо яагаад ийнхүү хүч мөхөсдөж байгаа юм бол?
-Томуугийн улирлын туршид эмнэлгийн тусламж хэдэн хүнд шаардагдахыг бид баримжаагаар таамаглаж чадна. Улирлын идэвхжлээс шалтгаалж эмнэлгийнхний ачаалал ч харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, хоёр жилийн өмнө АНУ-д томуугийн идэвхжил маш өндөр улирал тохиож эмнэлгүүд өвчтнөө багтааж чадахгүй байсан. Гэсэн хэдий ч томуугийн тухайд бол хэдэн хүн хөнгөн өвчлөх, хэд нь гэртээ халуурч хэвтэх, эмнэлэгт хэд хэвтэх, бас хэдэн хүн нас барах гэдгийг бид барагцаалдаг. Тухайлбал, тухайн улирлаасаа хамаарч АНУ-д 16 мянга орчим хүн томуугаар өөд болдог. Энэ бол бага тоо биш, коронавирусээр нас барсан хүний тооноос ч их, гэхдээ энэ бол таамаглаж болдог тоо. Зөвхөн томуугаас өөрөөс нь болж нас баралт явагдаад байгаа юм биш, энэ бол хойшлуулсаны үр дагавраас болж байгаа хэрэг, өөрөөр хэлбэл, үнэлгээний тоо (цифр) гэсэн үг. Өвчний шинж тэмдэг огт илрээгүй, далд үе шатанд нь хүмүүс бие биедээ халдаах боломж их байдаг учраас коронавирусын халдвар маш хурдан тархаж байна, тийм болохоор халдвар авсан хүний тоо томуугийнхаас хавьгүй илүү хурдацтай нэмэгдэж байна. Одоо бидний хийж чадах зүйл гэвэл цаашдаа хэдэн хүн нэмж халдвар авах бол гэдэг тойм зураглал (проекц) гаргах явдал. Итали, Хятад болон бусад улсад болж байгаа үйл явдлын өрнөлд (динамик) үндэслэн ийм зураглалыг бид хийж байна. Вирусын цаглабар гэдгийг анагаахынхан хийж гаргасан. Тоолол эхлэх цэгээр хожимдож арга хэмжээ авсан улс орон гэдгээр нь Италийн нөхцөл байдлыг сонгож авсан. Халдвар авсан анхны хүнийг илрүүлсэн өдрөөс эхэлж цаглабарыг тоолно. Ийм цаглабараар бол одоо АНУ гуравдугаар сарын 6, ОХУ-хоёрдугаар сарын 28-наас тоолж эхэлнэ. Бусад улс оронтой харьцуулахад Орос улсын нөхцөл байдал маш сайн байгаа. Халдвар тархалтын муруй шугамыг зогсоон барьж чадсан. Орос улс АНУ-аас ганц, хоёр долоо хоногоор хоцорч яваа. Нөхцөл байдал Итали шиг өрнөхийг хэн ч хүсэхгүй. Улс орнууд халдвар тархах цаг хугацааг аль болохуйц сааруулж сунгах замаар нөхцөл байдал газар авахаас сэргийлэх гэж хичээж байна. Ингэж халдварын тархалтыг барьж сааруулах явдал хоёр шалтгаанаар хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ бол уг вирусээр өвчилснөөс урган гарах хүндрэл бэрхшээлийн зовлон шинэ эзнийхээ бие организм дахь амьдралд илүүтэй дасан зохицох чиглэлд явагдах вирусын эволюцийн улмаас аажмаар зугуухан багасах муугүй боломж. Хоёрдугаарт, бүх улс орны эрүүл мэндийн (эрүүлийг хамгаалахын) тогтолцоо ийм олон хүнийг хэвтүүлж эмчлэхээр тооцоогүй байдаг. Томуу, амьсгалын замын хурц халдварт өвчнөөр (ОРВИ- Острая Респираторная Вирусная Инфекция) өвдөх магадлалтай үйлчлүүлэгч нар дээр коронавирусээр өвдсөн тооцоолоогүй өвчтөнүүд нэмэгдэхээр дэндүү олон өвчтөн бий болно. Халдвар авсан ийм өвчтөнүүд эмнэлгийн ор, ялангуяа эрчимт эмчилгээний орыг эзэлчихдэг, гэтэл яаралтай тусламж шаардлагатай хүмүүст эдгээр ор хүрэлцэхгүй, олдох ч үгүй болно. Би төлөвлөгөөт бус мэс заслыг хэлээгүй, харин цусны даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчний үеийн тусламж шаардлагатай, мөн тээврийн осолд орсон болон хавдраар өвчилсөн хүмүүст зориулж тооцоолсон орны тухай ярьж байгаа юм. Эрүүл мэндийн бүх тогтолцоо зарим талаар тооцоолсон загварчлалын дагуу ажилладаг. Ямар ч нийгэм бодитоор шаардагдах хэмжээнээс зуу дахин их эмнэлгийн орыг нөөцлөх боломжгүй. Улс орнуудын онцлогоос хамаараад харилцан адилгүй бага зэргийн нөөцтэй байна, тэр нөөц хэзээ дуусах нь тов тодорхой, ойлгомжтой. Тийм учраас коронавирустэй хийх тэмцлийн бүх стратеги халдварын тархалтыг цаг хугацааны хувьд аль болохуйц сааруулж сунгахтай холбоотой байдаг. Өдөрт өвчлөх хүний тоо бага байснаар тэднийг эмчилж сувилахад илүү боломжтой байна. АНУ-д биднийг эхэндээ хоёр долоо хоног орчим тусгаарлах тухай ярьж байсан бол одоо дор хаяж зун болтол хязгаарлагдмал хориглолтын орчин нөхцөлд байх бололтой. Гэхдээ бүх зүйл цэгцрэхээр дэлгүүрт хоол хүнснээс эхлээд ариун цэврийн цаас хүртэл бүгдийг татаж дүүргэнэ.
-Шинэ вирусын үхэлд хүргэсэн тоог ихэсгэж, багасгасан тухай яриа их байна. Алинд нь итгэх вэ?
-Нас баралтын хувь хэмжээний тухайд. Үүнийг бид одоо яв цав хэлэх боломжгүй. Хятадад нас баралтын хувь хоёр байгаа нь хүн амын харьцангуй залуужсан бүтэцтэй холбоотой. Үүнээс гадна Хятад улс нийт улс орон даяар үүнийг эмчлэх гэж зүтгэсэн. Италийн хувьд тэс өөр нөхцөл байдалтай. Тэнд нас баралтын хувь өндөр байгаа нь өндөр настан олон, хүндэрсэн тохиолдол их байгаатай холбоотой. Италийн эрүүл мэндийн тогтолцоо унасан явдал ч нөхцөл байдлыг муутгаж байгаа, тийм учраас эмчилгээ үйлчилгээндээ сонголт хийхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл, дөчтэй, наятай хоёр өвчтний дунд уушгины хиймэл амьсгалын ганц төхөөрөмжтэй (вентилятор) гэсэн үг. Хоёр хоногийн дараа сэхэл авах бүх боломж байгаа гэж үзээд дөчтэйд нь хиймэл амьсгалын төхөөрөмж залгаж байна. Энэ бол ёс зүйн асуудал үүсгэж байгаа ч гэсэн тэдний хувьд ингэж л шийдэхээс өөр арга байхгүй.
-Эбола бол коронавирусээс ч илүү аюултай, гэхдээ улс орнууд хөл хорио тогтоогоогүй биш үү?
-Коронавирусын хамаг аюул үхэлд хүргэх үзүүлэлт нь тийм ч өндөр биш. Эболагийн хувьд үхэлд хүргэх үзүүлэлт маш өндөр, өвчлөл ерөнхийдөө маш хүнд хэлбэрээр явагдана. Эболагаар өвчилсөн бол шууд л босч чадахгүй хэвтэрт орно, энэ вирусыг тарааж халдаах боломжгүй болно. Вирус өөрөө өөрийгөө тусгаарлана. Хүн түүнийг хөршүүддээ халдааж, тэр тусмаа тив алгасуулан дамжуулж чадахгүй, эрүүл ухаантай ийм хүн рүү ойртох ч үгүй. Харин коронавирусын өвчлөх явц ихэнх тохиолдолд хөнгөн хэлбэртэй, тиймдээ ч халдварыг хаа сайгүй амархан тарааж байна. Коронавирусүүд урьд өмнө нь ч байсан: 2003 онд SARS, 2012 онд 35 хувийн нас баралттай MERS байсан. Нас баралтын хувь өндөр байсан учраас MERS амархан саарсан. Өвчилсөн хүн хаашаа ч явж чадахгүй болдог. Энэ удаагийн өвчлөл харин гол төлөв хөнгөн учраас хүмүүс энд тэндгүй тарааж байна.
-Коронавирус бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэвэргэсэн асуудал гэдгийг та юу гэж үздэг вэ?
-Энэ бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд биш харин төрд хамаатай асуудал. Өвчилсөн хүний болон нөөцийн том статистикийг үндэслэж байж шийдвэр гаргадаг. Дэлхийн төвшинд бол боломжтой газар бүхэнд хөл хорио тогтоохыг зөвлөмж болгосон.
-Боломжгүй газар хаа нэгтээ байдаг хэрэг үү?
-Жишээ нь, Мексикт энэ бол боломжгүй. Одоохондоо өвчлөл тэнд харьцангуй бага байгаа ч ихсэх нь гарцаагүй, тэнд бүгд хөл толгойгоо олохооргүй цэнгэж наргидаг. Мексикт Засгийн газар нь ч өөрөө хяналт тавихад амаргүй газар нутаг байдагт хэргийн учир оршдог юм. Улс орныхоо ядуу зүдүү амьдралтай хэсэгт үр нөлөөтэй ажиллах боломж төрд нь байхгүй, тийм учраас тэнд хүмүүсийг хөл хорионд оруулах боломжгүй. Тэнд халдварын тархалт урсгалаар явагдана. Гэхдээ Мексикт нэг сайн зүйл байгаа нь тэнд их халуун. Халуун цаг агаартай ямар ч улс оронд энэ вирус амархан хатчихдаг болохоор түргэн тархаж чадахгүй. Харин агаар сэрүүцүүлэгчтэй өрөөнд бол вирус гурав хоног ямар ч байсан тэснэ. Ер нь аливаа вирус температурын мэдрэмжтэй, аагим халуунд цагийн дараа хатна. Зун болохоор халдвар тархалт гарцаагүй буурна. Гэхдээ бүрмөсөн алга болох уу, аль эсвэл дахиж гарч ирэх үү гэдэг бол асуулт. Задгай агаарт вирус хатахын тулд температур гучин хэмээс дээш байх ёстой. Ийм температурт вирусын РНК, ДНК задарч гэмтдэг. Улс орон хэдийчинээ зохион байгуулалттай байх тусам төдий хэрээр халдвар тархалтын учрыг олно. Жишээлбэл, Герман улс халдвар тархалтыг маш сайн зохицуулж байна. Энэ улсыг үлгэр жишээ болгож болно. Хүн амын дийлэнх олонхид вирусын эсрэг дархлаа бий болох аваас вирус өөрөө аяндаа мөхдөг. Үүнийг халдвар тархалтын эцсийн цэг гэж нэрлэж болно. Юу ч хийхгүй байж байгаад хүмүүсийн ойролцоогоор 70 орчим хувь эдгэрвэл үүний дараа үлдсэн хүмүүс үндсэндээ халдвар авахгүй. Популяцад “сүргийн” дархлаа суугаагүй үед халдвар тархалт хурдан явагдана. Ийм урьдач нөхцлөөс хамаарч улс орнууд гурван янзын стратеги баримталж байна. Нэгдүгээрт, Мескикийн нэг адил, онцолж хийсэн юмгүй, юу болохыг хүлээж харзнах. Хоёрдугаарт, Европ, АНУ, ОХУ-ын нэг адил бүгдийг хөл хорионд оруулж, халдвар тархалтыг сааруулж цаг хожих. Гуравдугаар стратегийг Их Британи улс сонгосон байна. Тэд бүгдийг хамгаалж чадахгүй гэж үзсэн. Залуучууд тэртээ тэргүй хөнгөн өвчилдөг болохоор зөвхөн хөгшчүүлийг хөл хорионд оруулбал тэднийг вирусээс аварна. Энэ хооронд залуучууд өвдөх нэг нь өвдөөд дархлаа сууж, яваандаа өнөөх 70 хувийг бүрдүүлнэ хэмээн тооцоолж байгаа хэрэг. Ямар хөтөлбөрийг сонгох нь улс орны нөөц, хүн амын болон эдийн засгийн бүтэц, өөр бусад олон хүчин зүйлээс шалтгаална.
-Коронавирусыг Хятад руу АНУ зөөвөрлөсөн гэх онолыг та хэрхэн тайлбарлах вэ, ер нь энэ боломжтой юу?
-Энэ вирусын сиквенс (генетик кодын танигдсан дараалал. ред.тайлбар) маш сайн танигдсан. Энэ бол байгальд байдаг л нэг ердийн вирус, мутацид ордог, энэ бол хэвийн зүйл. Анхны өвчтөнүүдийг оношилж шинжилсний дараа яг энэ вирусын сиквенсүүдийг арванхоёрдугаар сард нийтэлсэн. Арванхоёрдугаар сард бүтэц нь ямар байсан, одоо ямар болж байгааг бид мэдэж байгаа. Арванхоёрдугаар сард ирсэн сиквенсүүдэд ч уг вирусыг зохиомлоор бүтээсэн гэх ямар ч ул мөр байхгүй. Үүнийг гол төлөв анзаарч болдог. Эрдэмтэн хэрвээ РНК, эсвэл ДНК-д зүслэг хийсэн бол зүссэн тэр хэсэгт, зүйрлэж хэлбэл, молекуляр хайчны ул мөр үлддэг. Дарааллыг орлох нуклеотид болон өөр бусад жижиг шинж тэмдгүүд үлдэнэ. Бид одоохондоо яг байгальтай ав адилхан ажиллаж чадахгүй байна. Үүнээс гадна вирусыг толгойдоо ургуулан бодож, гаргаж авах боломжгүй. Түүнийг турших хэрэгтэй болно. Хулгана дээр турших боломжгүй, зохиомол вирус хулганыг халдварлуулдаггүй. Сармагчин дээр туршилт судалгаа хийх нь хүнд хийхээс илүү хэцүү бэрх. Сармагчингууд маш өндөр үнэтэй, бас тэгээд бүгд данс бүртгэлтэй. Хэн нэгэн хүн хаа нэгтээ бичил орчинд халдвар тархалтыг хүмүүс дээр туршилт хийсэн гээд төсөөлөхөд мөн л боломжгүй. Тэд яаж зогсоосон байх вэ? Арал дээр хийсэн байх уу? Өөрөөр хэлбэл, ийм нууцлалын учир шалтгаан (логик) нэг л авцалдахгүй байна.
-Сарьсан багваахайнаас хүнд дамжих вирусыг аль эртнээс хүлээж байсан тухай та нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Хүлээхийн учир юу байсан, бас яагаад бид бэлэн бус байсан юм бэ?
-Сарьсан багваахайд хэдэн зуу, мянган вирус бий, төрөл, зүйл бүхэн өөр өөрийн вирустэй. Эдгээр вирусыг тэсвэрлэх багваахайн дархлааны систем маш хүчтэй. Энэ систем вирусын эсрэг биетийг өөрөөсөө бий болгож гаргадаггүй, харин эдгээр вирустэй хамтарч оршихуйд суралцдаг. Хүмүүс хавцал судлалын ухааныг (спелеология) хөгжүүлж байна, аялагчид хавцал ангалаар авирч байна. Тэдний дээрээс багваахайнуудын гоожуулдаг өтгөн шингэн бүхэн вирустэй. Багваахайн ямар нэг вирус эрт орой нэгэн цагт хүнд дамжиж ирэх л ёстой байсан. Сүүлийн арваад жил эдгээр судалгаа шинжилгээний ажлыг маш эрчимтэй хийсэн. Эрдэмтэд сарьсан багваахайн вирусны сиквенсүүдийг зориуд тодорхойлсон. Үүний тулд багваахайг биетээр барьж аваагүй, харин тэдний үүсгэж үлдээсэн зүйлийг (ялгадас, цогцос) цуглуулж, дараа нь вирусны ДНК, РНК-г ялгаж авч, сиквенсүүд хийж, тэдгээрийг судлан шинжилж, компьютерийн загварчлалаар вирусын дарааллыг сэргээн тогтоосон. Чухам ийм учраас бид ерөөсөө сарьсан багваахайд юу байдаг талаар муугүй суурь мэдлэгтэй болсон.
-Сарьсан багваахайнаас гадна өөр ямар амьтан хүнд аюултай вирус тээгч байдаг вэ?
-Загас, шувуунд маш их вирус бий. Шувууны ханиадаар бид шувууны вирус хүнд халдаж болохыг мэддэг болсон. Ер нь вирусын төрөл өөрчлөгдөх чадвар сайн учраас нэг төрлийн амьтны хүрээнд тэд эзнээ байн байн сольдог, тийм учраас хүн төрөлхтөн шувуунаас бага хэмжээгээр, юуны өмнө ялангуяа сүүн тэжээлт амьтнаас ихээхэн гай түйтгэр ирнэ гэж сэрэмжлэх учиртай. Загас, хорхой шавжнаас бидэнд учруулах айхтар сүрхий гай зовлон бага, яагаад гэвэл тэдгээрийн эсэд байдаг мэдрэлийн рецептороос биднийх эрс ялгаатай. Яг ийм болохоор вирусыг хүлээж байсан, уушгины ер бусын хатгалгааны вирусыг Хятад улс маш хурдан мэдэрсэн хэрэг юм. Ийм нөхцөлд эрдэмтэд маш сайн ажиллаж, вирусыг онцлон ялгаж, өдөөгчийг нь болон бусад вирустэй ижил төстэй зүйлийг тодорхойлж, түүний геном хэрхэн ажилладаг болох, ямар ямар уурагтай харилцан үйлчилдэг зэргийг тогтоосныг тэмдэглэж хэлэх учиртай. Маш сайн төвшинд хурдан түргэн ажиллаж чадсан.
-Давтан өвдөж болох уу?
-Энэ бол маш нарийн эгзэгтэй асуулт. Японд эмчлүүлээд эмнэлгээс гарсан эмэгтэй сүүлд давтан сорилын шинжилгээгээр коронавирустэй болох нь тогтоогдсоноор бүх зүйл эхэлсэн. Гэхдээ эхний сорил алдаатай байсан байх, ер нь сорилууд бүгд баталгаатай биш. Эмнэлгээс гарахдаа хоёр удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан нийт хүний 14 хувь нь гэртээ хариад хэсэг хугацаа өнгөрсний дараа дахин шинжлүүлэхэд эерэг хариу гарсан тухай Хятадаас ирүүлсэн тоо баримтыг саяхан бид хүлээж авсан. Гэхдээ энэ бол дахин халдвар авсан биш, харин хүний халдвартай байх хугацаа илүү урт байгаа болов уу гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг байхгүй болж, хүн эдгэрсэн юм шиг харагдаж, улмаар дахин нэг долоо хоног хөл хорионд байсны дараа хоёр удаа шинжилгээ өгөхөд хоёуланд нь сөрөг хариу гараад, сүүлд нь дахин нэг удаа шинжлүүлэхэд эерэг хариу гарсан байна. Эерэг хариу гарсан гурав дахь шинжилгээний тоог үгүйсгэж болохгүй, тийм учраас Хятадад одоо өвчилсөн хүн эдгэрснийхээ дараа хоёр биш гурван долоо хоног хөл хорионд байж, тэднээс гурван удаа шинжилгээ авч, гурвуулангийн хариу сөрөг байх ёстой болсон байна. Одоохондоо энэ бүхэн яв цав болчихсон зүйл бас биш, гэхдээ юутай ч дахин халдвар авсан зүйл биш байх гэж үзэж байна. Вирус гадагшлахдаа маш удаан байна, энэ нь дахин халдвар шиг том хэмжээний биш ч гэсэн халдвар тархварын ихээхэн үр дагавар дагуулж байна.
-Ямар нөхцөлд халдвар тархалт зогсох бол?
-Энд хоёр үйл явц бий. Нэг дэх нь вирусын хувьсах (эволюц) үйл явц. Шинэ эзэндээ, шинэ эзэн нь хүн шүү дээ, вирус сулардаг. Бусад вирусын, түүний дотор коронавирусын хувьд ч бид үүнийг ажигласан. Сарьсан багваахайн вирус хүнд нэвтэрч, хүнээс хүнд дамжихдаа вирусын мутацаар дагалдаж, тэдгээр нь ёс юм шиг вирусыг сулруулдаг. Их, бага ямар нэг хэмжээгээр хүнтэй хамт оршихын тулд вирусын хам хувьсал (коэволюц) явагдана. Одоо энэ вирус ч мөн бидэнд дасч эхэлж байна. Энэ нь хэдий хэр цаг хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. С гепатитийг бодвол хурдан хувьсч байна, гэхдээ томуу шиг хурдан биш, томуугийн хувьсах хурд бол хамгийн өндөр нь. Энэ бол нэг дэх үйл явц, хоёр дахь нь хүмүүс дархлаатай болох, өөрөөр хэлбэл ердийн вакцинжуулалт хийнэ гэсэн үг.
Ria.ru-гаас орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ
Эх сурвалж: www.polit.mn