Б.ТУУЛ
“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр Эдийн засагч Л.Наранбаатар “Страто” компани болон Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой холбоотой баримт мэдээлэл дэлгэж, мэдээлэл хийв. Тэрээр энэ үеэр З.Энхболдыг дээрх компанитай ах дүүгийн гинжин холбоотой төдийгүй ард нь их хэмжээний мөнгө угаах ажил явагдаж буй талаарх баримт мэдээллүүдийг цуглуулсан гэдгээ дуулгаад, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагад өгч, шалгуулах үндэслэлүүд байгаа гэдгээ мэдэгдэв.
Эдийн засагч Л.Наранбаатар хэлэхдээ “З.Энхболд улс төрийн эрх мэдлээ ашиглан нийгмийн эрх ашгийн эсрэг ажиллаж байгааг батлах үндэслэлүүд хэд хэдэн компанитай холбоотойгоор тодорхой болж байна. Тухайлбал, говийн гурван аймгийн долоон суманд байгаль орчин сүйтгэж байгаа гэх дуулианд байнга өртдөг “Страто” ХХК З.Энхболдын хамаарал бүхий компани” гэдгийг онцлов. Тэрээр “Страто” компани нь үндэсний гэх тодотоголтой компани гэж ярьдаг. Тэгвэл энэ компани нь нүүрс олборлолтын лицензгүй, Хятадын 50 хувийн хөрөнгө оруулалттай компани. “Страто”-гийн захирал А.Баттүшиг 37 хувь, Г.Эрдэнэбилэг 10 хувь, Э.Сэржмядаг 3 хувь, Хятадын Шандун Шенхан Жиеэ эдийн засгийн худалдааны компани 50 хувийг нь эзэмшдэг” гэв. Мөн “А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нэг оффист ажилладаг. Хаяг нь NCP Plaza, 2-р давхар. А.Баттүшиг нь мөн “Браунрок” компанийн Гүйцэтгэх захирал. Харин “Браунрок”-ийн эзэн нь З.Хишигтогтох. Тэгэхээр З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох, түүний Гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэсэн гинжин хэлхээ харагдаж байна. “Страто” компани ТЭЗҮ-ээ батлуулахдаа “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг угааж өгсөн хөлсөөрөө орлого олно гэж төсөл бичээд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, үйлдвэрээ барьсан байдаг. Гэхдээ ТЭЗҮ батлагдахаас өмнө үйлдвэрийг барьж, нээлтээ хийн, нүүрсээ угаагаад эхэлчихсэн. ТЭЗҮ-гүй хэр нь үйлдвэр барьж, үйлдвэрлэл эхэлсэн нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой үндэслэл” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний хэлснээр “Страто” компани “Эрдэнэс-Тавантолгой”-гоос хамгийн өндөр чанартай нүүрсийг сорчлон, хямд үнээр авч угаагаад цааш нь экспортолсон. “Эрдэнэс Тавантолгой” 2019 оны төсөвтөө 21.3 тэрбум төгрөг батлуулж, нүүрсээ угааж баяжуулан борлуулна гэж тусгасан байдаг. Тэгвэл тэр баяжуулсан нүүрсийг нь “Эрдэнэс-Тавантолгой” биш “Страто” авч зараад ашиг олсон. ТЭЗҮ-ээр нь авч үзвэл, “Страто”-гийн баяжуулсан нүүрс “Эрдэнэс Тавантолгой” компанийнх байх ёстой байтал хэрэг дээрээ “Страто” компани 70 ам.доллароор нүүрс худалдаж аваад, 140 ам.доллароор зарж байгаа гэдгийг А.Баттүшиг захирал нь өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байдаг.
“Страто” ХХК Үндэсний хөгжлийн газартай татварын тогтворжуулалтын гэрээ хийсэн байдаг. Энэ тухай иргэд ч, Сангийн сайд ч, УИХ-ын гишүүд ч мэдээгүй байдаг. Тогтворжуулалтын гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн татвар, АМНАТ-ийн хувь хэмжээг нэмэхгүй тогтворжуулна гэж заасан. Ингэж гэрээ хийхдээ хуурамч ТЭЗҮ-дээ үндэслэсэн. “Страто” одоо жилд 1.5 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг Шивээ овоогийн нүүрсний уурхайн ойролцоо барьж ажиллуулж байна. Хүчин чадлыг нь 4.5 сая тонн болгож өргөжүүлэх ТЭЗҮ нь хийгдэж байна. Тус үйлдвэр рүү Зүүн Баянгийн төмөр зам чиглэж буй. Сануулахад, тус төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчдэд ирэх ногдол ашгаар барьж буй. Цаашдаа бидний ногдол ашгаар барьсан Зүүн баянгийн төмөр замаар Хятадын хөрөнгө оруулалттай “Страто” үйлдвэр рүү “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс өдөр шөнөгүй урсана. Цаашид “Эрдэнэс -Тавантолгой” өөрийн баяжуулах үйлдвэртэй болж чадах эсэх нь эргэлзээтэй. Гол хохирогч нь 1072 хувьцаа эзэмшигчид бид байх бөгөөд энэ мэт байдлаар 100 жилийн хугацаанд Тавантолгойн 500 сая тонн сор нүүрсээ “Страто”-д алдах эрсдэлтэй байна” гэв.
Эдийн засагч Л.Наранбаатар мөн өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” дээр баяжуулах үйлдвэр ярих болгонд З.Энхболд гарч ирж улс төр хийдэг. “Эрдэнэс-Тавантолгой” баяжуулах үйлдвэргүй байх нь “Страто”-д ашигтай, Монголчуудад ашиггүй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Эх сурвалж: www.polit.mn
Л.Наранбаатар: “Страто” компани болон З.Энхболдыг шалгуулна
2020-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин