Б.ТУУЛ
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д энэ сарын 09-нд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүдийн ээжүүд коронавирусын улмаас хүүхдүүд нь гадны улс оронд хагалгаанд орох боломжгүй болсон талаар мэдээлэл хийсэн юм. Орон нутгаас ирж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сар гаруй хэвтэн эмчлүүлж буй эдгээр хүүхдүүд нь бүгд зүрхний төрөлхийн гажигтай, ховдол хоорондын цоорхойтой, Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой байгаа аж. Энэ удаагийн хуралд нэг настай Т.Бэлэгт хүүгийн ээж, В. Урантуяа, 10 сартай Б.Аззаяа охины ээж М.Янжиндулам нар оролцсон юм.
В.Урантуяа: Энэтхэгт хагалгаанд ороход 60-70 сая төгрөг шаардлагатай байна
-Миний хүү Т.Билэгт 2019 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр хоёр ихэр хүүгийн нэг болж мэндэлсэн. Хүү минь төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн. Тодруулбал, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй байна. Одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн минь биеийн байдал маш хүнд байна. Бид 2020 оны хоёрдугаар сарын 04-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий даяар тархаж буй коронавирусын халдвар гарч хөл хорио тогтоосны улмаас эмчилгээнд явах боломжгүй болоод байна. Иймд бидэнтэй адил шалтгаантай олон хүүхдийн асуудлыг холбогдох байгууллагууд нь нааштайгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. ЭХЭМҮТ-д яг ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй олон хүүхэд байна. Мөн бидний хувьд, Турк юм уу Энэтхэг улс руу хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч хагалгааны зардал өндөр, дунджаар 60-70 сая төгрөг хэрэг болж байгаа тул хөдөө орон нутгийн иргэд бидний хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс мөн сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж, бидэнд туслаач хэмээн гуйж байна. Бяцхан хүүгийнхээ зүрхийг аврахад туслаач” гэсэн юм.