-АНУ-ын дэд ерөнхийлөгч асан нүдний шилээ гээж, сонгуулийн өмнөх сунгаанаас хэзээ ч мултарч мэдэхээр болоод байна-
Д.ЭНХЭЭ
Өмнөд Каролин муж улсад болж өнгөрсөн АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн арав дахь удаагийн мэтгэлцээнийг олон шинжээч амин чухал хэмээн нэрлэж байсан. Өмнөд Каролин муж улсад болох сунгааны дараагийн шат болон хамгийн гол нь супер мягмар гариг буюу гуравдугаар сарын 3-нд 15 бүс нутагт нэгэн зэрэг болох санал хураалтын өмнө хэн болохоо харуулах сүүлчийн боломж гэдэгт хэргийн учир оршиж байгаа юм байна.
Байден (баруун гар талд) бүтэлгүйтэж, социалист Сандерс (зүүн гар талд) түүнийг бүх үзүүлэлтээр ардаа орхижээ. Гэрэл зураг: Reuters
Хуанлид төлөвлөснөөр бол сунгаа дахиад гурван сар үргэлжилж, гуч орчим муж улсад явагдах хэдий ч эхний гурван шатны дараа сонгуулийн өмнөх сунгааны төлөв байдлаар бол ирэх супер мягмар гаригт ялагч тодрох магадлал тун өндөр байна. Бие даан нэр дэвшигч Берни Сандерс оноогоо улам бүр ахиулсаар байгаа бөгөөд харин өрсөлдөгчид нь 78 настай сенатчийг зогсоох боломж замхарч байгааг улам бүр хурцаар ухаарч ойлгох болов.
Нийт оролцогчдын хувьд сунгааны манлайлагч Берни Сандерс гол бай болов.
Тэмцэл ширүүссэнийг мэтгэлцэж байгаа тайзан дээр эмх цэгц тогтоох гэж чиглүүлэгч нар яаж ч хичээгээд чадаагүй гэдгээс мэдэрч болно. Өнгөрсөн жил мэтгэлцээний эхний үе шатанд нэр дэвшигчид бие биенийхээ хор шарыг малтаж байсан бол одоо энэ удаа бүр хээгээ алдаж нэгнийхээ үгийг тасалж, дуугаа чангаруулж, харилцан бие биенээ эцэс төгсгөлгүй өөлж, буруутгаж байв.
Гол төлөв уужуу тайван байдаг Жозеф Байден хүртэл тэвчээр алдаж, “Миний цаг дуусаагүй байна!” хэмээн түүнийг зогсоох гэсэн чиглүүлэгч нар руу хашхирчээ. Саяхан болтол сунгаанд тэргүүлэх магадлалтай гэгдэж байсан Байден гараагаа тааруухан эхэлсний дараа тэсч үлдэхийн тулд өнөөдөр үхэн хатан тэмцэж, хэрвээ Өмнөд Каролинд шийдэмгий ялалт байгуулж чадахгүй бол түүний кампанит ажлыг дуусгавар болсонд тооцож болохоор байна. Тийм учраас Трампын нэрлэсэнчлэн “нойрмог Жо” өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд баруун солгойгүй цацав. Гэхдээ Байдены хувьд түүний эцсийн боломж ч зөвхөн онолын хувьд л магадлалтай юм. Чухам юуны ачаар сунгааны төлөв байдлыг эрс өөрчилж чадах нь тодорхойгүй байна.
Энэ тэмцэлд Нью-Йоркийн захирагч асан Майкл Блүүмберг хамгийн таах аргагүй харанхуй хэвээр үлдэж байна. Сунгааны эхний үеийг алгассан тэрбээр супер мягмар гаригт анхны ялалтаа байгуулахаар зэхэж байна. Долоо хоногийн өмнө Невадад бусад боксчны бэлтгэл хийдэг ширэн уутны үүрэг гүйцэтгэж, содон гойд зүйлээр ялгараагүй бол тэр энэ удаад харин тайзан дээр өөртөө илүү итгэлтэй харагдаж байсан. Нийт оролцогчдын хувьд сунгааг манлайлагч Берни Сандерс гол бай болов. Куба улсын боловсролын тогтолцоог тоож үнэлсэн болохоор түүнийг авторитаризмыг өөгшүүлэгч хэмээн буруутгацгаасан. Гэхдээ Сандерс ч мөчөөгөө өгөлгүй, авторитар Засгийн газруудад ч зөв сайн үзэл санаа байдаг юм хэмээн онцолсон.
Ардчилсан намынхны мэтгэлцээн цааш үргэлжлэх тусам үзэл суртлын хувьд дэндүү жижиг зүйлээр хөөцөлдөж, Берни Сандерс хэрвээ ялалт байгуулбал ямар айхтар сүйрэлд хүрэх гэдгээр америкчуудыг айлгах гэж хичээж байгаа юм шиг санагдуулав. Бусад өрсөлдөгч нар зай тавьж өгөхгүй бол Сандерс хол тасарч ялна гэсэн санааг Блүүмберг, Байден нар байн байн дурдав. Сунгааны гараа сайн байсан Саут-Бенд хотын захирагч асан Пит Буттижич өөрийнхөө санааг “1950-иад оны нийгмийн хэв журмыг үгүйлэгч Дональд Трамп болон 1960 – аад оны хувьсгалт үзэл санааг үгүйлэгч Берни Сандерс нарын дунд сонгууль явагдах ёсгүй” хэмээн томьёолов. Сандерсийн чухам юу нь ардчилагчдыг айлгадаг юм бол?
Нэгдүгээрт, дэлхийн капитализмын зүтгүүр галт тэрэг болдог улс орны хувьд социалист, аль эсвэл түүний зарим өрсөлдөгчийн хэлж ярьж байгаагаар марксист үзэл бодолтой нэр дэвшигч дэндүү ер бусын содон юм. Тийм учраас “Сандерс л биш шүү” талынхан Сандерс яагаад ч Трампыг ялахгүй хэмээн үзэж байна. Хоёрдугаарт, улстөрчийн хувьд Сандерс огт уян хатан биш, тэр бүү хэл өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг ардчилсан намын дундыг баримталсан аядуу зөөлөн жигүүрийнхтэй ч нийлүүлэхийг хүсээгүй. Тийм учраас аядуу зөөлөн тойргуудад ардчилсан намаас сонгогдсон конгрессын гишүүдийг эвгүй байдалд оруулж улмаар төлөөлөгчдийн танхимыг хянах боломжгүй болгоно хэмээн түүний өрсөлдөгч нар үглэж байна.
Гэхдээ социологийн судалгааны төлөв байдлыг авч үзвэл энэ бүхэн америкчуудыг тийм ч сүрхий айлгаагүй аж. Дээр дурдсан хоёр үндэслэлийг (аргумент) 2016 онд Дональд Трампын бүгд найрамдах намын өрсөлдөгчийн эсрэг ашигласан бөгөөд үр дүнд хүрээгүй билээ. Трамп дундыг баримтлагч өрсөлдөгчөө сонгуульд ялаад зогсоогүй, Бүгд найрамдах нам конгрессын хоёр танхимд хоёуланд нь хяналт тогтоосон.
Эх сурвалж: Российская газета