Ч.Нанжаа: Жижиг бизнесийг дампуур гэчихээд томыг нь хагартлаа баяж гээд байна

2014-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Анхны анжис” компанийн захирал Ч.Нанжааг энэ удаагийн “Бизнес хөгжил” булангийн зочноор урилаа.  Тэрээр хөдөө аж ахуйн салбар тэр дундаа бага оврын машин техник, багаж хэрэгсэл, сэлбэгийг эх орондоо үйлдвэрлэхэд авъяас чадвараа зориулж яваа нэгэн юм.

-Та компаниа товч танилцуулахгүй юу?

-Манай компани газар тариалангийн салбарт шинэ техник, бага оврын машин үйлдвэрлэдэг. Дэлхийн оюуны өмчийн газраас алтан медаль хүртсэн байгууллага. Бидэнд тулгардаг саад бага байсан бол 50 мянган ширхэгийг биш 150 мянгыг үйлдвэрлэх боломж байлаа. Гэвч хүчин чадлынхаа хэмжээнд хүрч хийж чадсангүй.

-Яагаад?

-Бидний ажлыг 16 жил саатуулж байна. Манай компани хамгийн сүүлд нарийн ногоо үрлэх техникүүд хийсэн. Засгийн газраас зарласан алдарт 888 төсөлд манай компани төслөө оруулсан. Улсын хэмжээнд тариаланчдын тариалдаг нарийн ногоо нь хүнсний ногооны хэрэглээний 53 хувийг хангадаг. Энэ салбарт 63 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд 97 мянган тонн ургац авдаг. Харин бидний үйлдвэрлэж байгаа техникээс 200 ширхэгийг ажиллуулахад 100 мянган тонн ургац хураах боломж бүрдэнэ. Нэг үгээр хэлэхэд хөдөлмөрийг хөнгөвчилж байна гэсэн үг.

-Өнгөрсөн жилүүдэд хаврын тариалалтын үеэр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зохион байгуулж тариаланчдад техник, хэрэгсэл хөнгөлөлттэй зээлээр өгч байсан. Харин танай компани энэ чиглэлээр яамтайгаа хамтарч ажиллаж болоогүй юм уу?

-Тэнд янз бүрийн техник ирдэг байсан нь үнэн. Трактор, төмс хураадаг машинтайгаа нийлээд 11 сая 500 мянган төгрөг. Гэтэл манай компаниас нэг га талбайгаас тариа хураах техникийг 1.4 саяар өгч байсан боловч, биднийг үл тоомсорлосон. Жил бүрийн тариаланчдын зөвлөгөөн дээр би залхатлаа ярьж байна. Миний анзаарч байгаагаар төгс төгөлдөр машин бүтээхийг илүүд үзэж байгаа бололтой. Гэтэл хүн алдаан дээрээ суралцдаг. Гэхдээ заавал алдах ёстой гэсэн үг бас биш. Бид машин техник хийдэггүй. Дэлхийн хөгжлөөс 300 жилээр хоцорч байгаа учраас нарийн ширийн зүйл үйлдвэрлэхээс илүүтэй боломжоо ашиглан аль болох өртөг багатай, хөдөлмөр хөнгөвчилсөн, эдэлгээ сайтай техник ашиглах бас бүтээхийг зорьдог. Манай компанийн хувьд 4-5 ажилтантай. Одоогоор 20 гаруй төрлийн жижиг техник үйлдвэрлэсэн байна. Манайд байдаг машин, техникийн үйлдвэрүүд нь зогсонги байдалтай байгаа. Учир нь “Монел” компани гэхэд бүх техникээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй, сэлбэг, эд ангийг нь импортоор оруулж ирж угсардаг. Яагаад гэвэл хийхэд хэцүү, манайд байхгүй технологи юм. Ийм нарийн технологийг бид улс даяараа хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг техник нарийн технологи шаарддаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ техник учраас судалгаа шинжилгээ хийж, засч сайжруулах ажил зайлшгүй хийгддэг.

-Тэгэхээр гол бэрхшээл нь юундаа байна вэ?

-Бидний хувьд үйлдвэрлэл хариуцсан яам алга.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэж бий шүү дээ?

-Тэр яаманд нь техник мэддэг мэргэжлийн хүн байхгүй учраас энэ салбар орхигдоод байгаа юм. Хэрэв үйлдвэрийн яам байсан бол арай өөр төвшинд явж байх байлаа. Монголд хийж буй техникийн 80-90 хувийг хар төмрөөр хийдэг. Энэ төмрийг шинжилдэг лаборатори байхгүй. Энэ асуудлыг хэдэн жилийн өмнө Боловсролын яам, Төмөрлөг үйлдвэрлэлийн холбоо гээд хэлээгүй газар байхгүй. Дадлага туршлагатай хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байгаа нь аливаа салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг бид бэлхнээ харж байна. Мэргэшнэ гэдэг чинь ном уншаад болчихдог зүйл огт биш. Үүний хажуугаар дадлагаар суралцах хэрэгтэй. Тиймээс төр засгийнхан, бодлого шийдвэр гаргагчид зөвхөн эрдэмтдийнхээ үгийг биш, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн санал, бодлыг сонсч байгаасай гэж боддог. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд 2000 онд хөрс хамгаалах техникийн сэлбэг, булан төмрийг дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас дэмжлэг үзүүлээч гэдэг санал тавьсан боловч мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар өдийг хүрлээ. Уг нь эх орныхоо хөрсний онцлогт таарсан техник хэрэглэвэл ургацын хэмжээ нэмэгдэнэ. Гэвч дэмжигдэхгүй явсаар 10 гаруй жил болчихлоо.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлд хамрагдаж байсан уу?

-Өнгөрсөн жил төсөл бичээд хариуцсан яаманд нь оруулсан. Миний бодлоор тэр газраас гарч буй мөнгө жинхэнэ эзэндээ очдоггүй юм байна. Сайд нар  жижиг, дунд үйлдвэрийн талаар ойлголт нимгэн байна гэж харж байгаа. Яагаад гэвэл, нарийн ногоо тарих багажийг ойлгохгүй байна. Ер нь мэргэжлийн хүний ур чадвар, ач холбогдлыг сайд дарга нар огт ойлгохгүй байгаагаас маш олон зүйлийг алдаж байгаа юм. Тиймээс аж үйлдвэрийн яам зайлш­гүй шаардлагатай гэдгийг бизнес эрхлэгчид хэлдэг шүү дээ. Учир нь машинт үйлдвэрлэлийн 300 жилийн хоцрогдлыг арилгахын тулд мэргэж­лийн хүнээр удирдуулсан яам, агентлагтай байх ёстой.

-Танай төсөл 888 төслийн нэгээр шалгарсан. Эдгээр төслийн санхүүжилт хэдийд орох талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Манай төсөл шалга­раад Төрийн банк дээр очсон байгаа. Тус банкнаас судалж байгаад шаардлага гарвал холбогдоно гэсэн боловч одоохондоо чимээгүй л байна. Ер нь энэ удаагийн төслийг санхүүжүүлэх арга нь буруу яваад байх юм. Учир нь арилжааны банкаар дамжуулан зээлийг олгоно гэж байгаа нь бизнес эрхлэгчдэд боломжгүй гээд шууд хэлсэнтэй агаар нэг. Өөрөөр хэлбэл, ямар ч хохиролгүйгээр хийх гэсэн арга байх. Гэхдээ аливаа зүйлийг эхэлж байгаа бол их, бага хэмжээгээр заавал хохирол гардаг. Гэтэл манайхан шууд л төгс төгөлдөр байх гэж оролдох юм. Мөн 888 төслөөс 260 нь барилгын материалын төсөл байгаа гэж байна. Харин яг манайх шиг газар тариалангийн  техникийн үйлдвэрлэлийн төсөл ганцхан бий. Яг адилхан дайрганы үйлдвэр 260-ыг санхүүжүүлвэл алдагдал хүлээнэ. Тиймээс 60 ширхэгийг нь л авахад болно. Энэ мэтчилэн зайлшгүй эргэж харах зүйл бий.

-Аливаа бизнест эрсдэл бий. Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээр хөрөнгө төсөвлөж байгаа ч эрсдэлгүй гарах арга замыг эрэлхийлэх нь мэдээж биш гэж үү?

-Мэдээж эрсдэлээ хаах гэсэн гарц хайх нь зүйн хэрэг. Арилжааны банкаар дамжуулж болно. Гэхдээ, төрөөс энэ компанийн төслийг санхүүжүүл гэсэн шийдвэрийг нь гаргах хэрэгтэй. Арилжааны банкны шаардлагыг биелүүлж чадах жижиг, дунд үйлдвэрлэгч бараг л байхгүй. Барьцаа хөрөнгө, зээлийн батлан даах чадвар компаниудад тулгамддаг бэрхшээлийн нэг. Тиймээс бид төрөөс дэмжлэг хүсч байгаа юм. Тухайлбал, манай компанийн хувьд тоног төхөөрөмж үнэлгээгүй. Гурван жилийн өмнө манай объектод үнэлгээ хийж Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч одоог хүртэл Хан-Уул дүүргийн Засаг дарга дээр очоод хүлээгдээд байна. Манай компанийн тухайд барьцаа хөрөнгө байхгүй гэдэг зүйлээр зээл авах боломжгүй болох нь. Тэгэхээр манай улсын хувьд хүнд үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор захирч, шахаж хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Өмнөх нийгмийн үед газар тариалан сайн хөгжиж байсан гэдэг. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг тухайн үетэй харьцуулбал ямар ялгаа байна вэ?

-Хамгийн гол нь тэр үед бодлого маш сайн байсан. Одоо бол ямар ч бодлого алга. Бодлогыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн газар зангидах ёстой. Гэтэл тэнд энэ салбарыг бодлогоор зангидаад аваад явах чадваргүй шахааны нөхдүүдээр дүүрсэн байна. Мэргэжилтнүүдийн үгийг огт сонсдоггүй. Би 1974 оноос хойш хөдөө, аж ахуйн техниктэй ажиллаж байна. 1989 онд би сонинд нийтлэл бичиж байлаа. Одоогийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн газрын дарга гэх нөхөр тухайн үед миний бичиж байсан тоо баримтыг ашиглаад сууж байх юм. Тэр үеийн тоо, одоогийнхоос эрс өөр болсон байж таараа. Эндээс юу харж болох вэ гэвэл ямар ч судалгаа байхгүй гэсэн үг. Тэд байгаа техникээ мэдэхгүй бол яаж үйлчилгээ хийх, ямар засвар орох, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай, хэр зардал гарч байгааг мэдэх аргагүй. Ийм байж бодлого боловсруулна гэж байхгүй. Харамсалтай байгаа биз.  Ер нь хөдөө аж ахуйн бодлого зангидахын тулд том, жижиг гэж ялгаварлах хэрэггүй. Учир нь жижиг байх тусам ард нь олон хүн амь зогоож байгааг санах хэрэгтэй. Би энэ зөвлөмжөө салбар яамандаа бичгээр өгсөн. Бид бодлогодоо таны зөвлөмжийг тусгана гэсэн хариу бичиг нь надад бий. Гэвч одоо хүртэл миний зөвлөгөөг огт тусгахгүй байгаа юм. Одоо бол жижиг бизнесийг дампуур гэчихээд, томыг нь хагартлаа баяж гэсэн зарчим үйлчилж байна.

-Энэ бүхнээс гарах арга замыг нь та юу гэж харж байна вэ?

-Бидний хувьд болохгүй байгаа, засч сайжруулах ёстой ажил бий. Гэхдээ болж байгаа техникийг нь хөдөө аж ахуйдаа авч хэрэглээсэй гэж боддог. Ганц Ч.Нанжаа гэдэг хүнийг дэмжиж байна гэж битгий бодооч ээ. Аливаа юм нэгээс л эхэлдэг. Олон болохыг нь хүлээх хэрэггүй юм. Би дээр дурдсан 1974 оноос хойш үзэж судалж, амьдралд ашиглаж байж засч сайжруулан өдийг хүрсэн. Тиймээс дөнгөж сургууль төгссөн нөхөр энэ техникийг хийчихсэн, газар тариаланд ашиглаж үзээгүй зүйлийг шахах гээд байгаа зүйл биш. Эсвэл хэдэн төмөр хооронд нь хэлхсэн байна гэж харж болохгүй. Тухайлбал, хөрс хамгаалах техникийн сэлбэгийг машины нум төмрөөр хийдэг. Бид ихэвчлэн хойд хөршөөсөө газар тариалангийн техникийнхээ сэлбэгийг авдаг. Тэд өөрсдийнхөө газар нутгийн болон хөрсний онцлогтоо тохирсон техник, сэлбэг үйлдвэрлэдэг. Харин манай улсын газар шорооны онцлог нь өөр. Тиймээс би өөрийн орны хөрсний онцлогт тохирсон сэлбэг үйлдвэрлэсэн. 1988 оноос хойш салбар яам, Хүрээлэн, зэрэг газруудад тайлбарлаж байгаа ч одоо хүртэл ойлгохгүй юм. Хөрсөө буруу ашигласнаас ургац 10 хувь алддаг. Орос энэ судалгаагаа 1959 онд хийгээд намын төв хороо, сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоол гаргаад нэвтрүүлж байсан туршлага бий. Энэ тухай 20 жил ярьж байгаа ч тоодог хүн байхгүй л байна.

-Танд ямар санал байна. Мөн хэрэгжүүлэх ямар боломж байгаа вэ?

-Бодлого боловсруулдаг “Хөдөө аж ахуй, техникийн корпораци” гэж байдаг ч тэр дампуурсан. Энэ байгууллага 50 жил зөвхөн цаасан дээр тайлан бичиж өгсөн. Амьдралд юу ч нэвтрүүлсэнгүй. Би олон жил хийж, туршиж үзэж байж өнөөдрийн энэ туршлагыг хуримтлуулсан. Харин одоогийн удирдлагууд бодит амьдралаас хол байгаа нь салбарын хөгжлийг сааруулж, боомилж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Мэргэжилтэй боловсон хүчний бодлого жинхэнэ дампуурсан. Аливаа улс орныг эрхшээлдээ оруулах арга нь төрийн өндөр албан тушаалтнууд, иргэд хоёрыг хооронд нь хагаралдуулах. Энэ үед тухайн улсын эдийн засаг муудах бөгөөд сиймхийгээр өөрсдийн гар хөл бологсдыг өөд нь гаргадаг юм байна. Тиймээс сайн хүнийг сонгож төрийн дээд албан тушаалд гаргах хэрэгтэй. Бодлого дутсанаас үйлдвэрлэл хөгжихгүй, энэ хэрээр улс орон ч хөгжихгүй гэдгийг бид биеэрээ амсч байна шүү дээ. 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 12 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 4 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 17 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 22 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 27 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 14 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 14 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 34 мин