Б.ТУУЛ
Хөрш зэргэлдээ улс оронд шинэ төрлийн титэмт вирусын халдвар хурдацтай тархаж, өнөөдөр коронавирусын халдвар Хятад улсын 31 мужиас хальж, дэлхийн олон оронд аюулт өвчний вирус тархаж, ДЭМБ-аас онц байдал зарлаад байгаа билээ. Дэлхийн олон улс орон энэ өвчнийг вирусыг судалж, халдварт өвчнийг эдгээх арга чарга хайж, хамгийн чадварлаг мэргэжилтнүүдээ БНХАУ руу илгээж, хамтарч ажиллах, халдварын тархалтыг бууруулах бүхий л боломжуудыг эрж хайсаар байна.
Өнөөдөр хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 24483-т хүрч, нас барагсдын тоо 491 болжээ. Дэлхийн олон оронд халдвар тархаж, хүмүүс өвчилсөөр байна. БНХАУ болон Хубэй мужийн Ухань хотын ард иргэд өнөөдөр маш хүнд нөхцөл байдалд амьдарч байна. Тиймээс энэ хүнд бэрх цаг үед БНХАУ-тай олон жилийн найрсаг харилцаатай хамтран ажиллаж, Монголын эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, барилга техник технологи зэрэг олон чухал салбарт хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчин бэлтгэж, тусламжийн гараа сунгаж байсан БНХАУ-ын ард иргэдэд туслах, тэр дундаа гамшигт өвчинд нэрвэгдээд буй Ухань хотын ард иргэд, хүүхэд залууст туслах халуун сэтгэлт хандивын аяныг “Нэг хүн-1000 төгрөг” уриатай эхлүүлж байгаа талаар Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хуралд, Монгол-Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жамц, П.Батбарсаа, Монголын үйлдвэрчдийг дэмжих холбооны тэргүүн Г.Даваадорж, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ш.Төмөрсүх, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батдэлгэр нар болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Хандивын аян нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд аяны үйл ажиллагааг явцын дунд тайлагнана. Аяны төгсгөлд уг аяныг тусалж дэмжсэн хувь хүн, албан байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынханыг нэр устай нь БНХАУ-ын ЭСЯ-нд албан ёсоор тэмдэглэж, хүлээлгэн өгөх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Р.Мөнхбат: БНХАУ-ын ач тусыг бид мартаж болохгүй. Монголчууд минь сайхан сэтгэлээр давалгаалцгаая
Энэ тухай Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат "Манай улсын хувьд коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газар нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон шуурхай арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлж байна. Түүнчлэн Засгийн газар хөрш оронд нүүрлэсэн гамшгийг арилгахад зориулан 200.000 ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ хүнд цаг мөчид бид хөрш оронд болж байгаа гамшгийн тухай өдөр бүр сонсож байгаа Монгол Улсын иргэд бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж, Хятадын ард түмэн, гамшигт нэрвэгдсэн Ухань хотын ард иргэдэд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нэг хүн-1000 төгрөг хандивлая” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулахаар шийдэж, энэ аяныг орон даяар өрнүүлэхээр нийт ард түмэндээ уриалж байгаа юм. Бидний энэхүү уриалгыг Монголын нийт ард түмэн дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд манай улсын хөгжлийг тэргүүлэгч олон салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирснийг дурдсан юм. Зөвхөн ХАА салбарт хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны талаарх мэдээллийг тоймлоход:
- БНХАУ-ын дэмжлэгтэйгээр “Өвлийн нарлаг хүлэмж”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ чиглэлээр 600 гаруй хүнийг ӨМӨЗО-ны Хөх хотноо танилцах аялалд оролцуулсан байна.
- Мөн Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор батлагдсан ”Цаа бугын аж ахуйг сэргээх цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хөрш орны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Ологуяа суманд байх цаачин иргэдтэй хамтран ажилласаар ирсэн байна.
- Монгол-ӨвөрМонголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь БНХАУ-ын Хэбэй мужийн Ю-тиан хотын Иньхэ дунд сургуультай хамтран ажиллаж, 200 гаруй Монгол сурагчид Хятад хэлний бэлтгэл ангийг амжилттай төгсөн, БНХАУ-ын их, дээд сургуульд дэвшин суралцаж, төгсөөд өнөөдөр эх орондоо олон салбарт амжилттай хөдөлмөрлөж байна.
- Түүнчлэн БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэг нь “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ, Монгол Улс, Голланд зэрэг гурван улс хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг хөдөө аж ахуй” төслийн хүрээнд МХХААҮА, ХААИС-тай хамтран ажиллах гэрээ хийж, өнгөрсөн оны намар анхны уулзалт семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан байна.