
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
“Ган хийц” компанийн ерөнхий захирал М.Даваасүрэн энэ долоо хоногийн “Бизнес, хөгжил” булангийн зочин. Тэрээр манай барилгын салбарын бизнесмэнүүдийн нэгэн төлөөлөл юм.
-Таныг Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” компанийн ерөнхий захирал гэдгээр хүмүүс мэддэг. “Ган хийц” компанитай ажил, амьдралаа холбож байсан түүхээ эргэн дурсвал?
-Би 1982 онд Уралын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Тэр үеэс хойш 30 гаруй жил энэ компанитайгаа ажил, амьдралаа холбон явж байна. Сургуулиа төгсөөд Сантехникийн нэгдсэн үйлдвэрт ажилд орж түүний дараа инженер болж байв. Тэр цаг үеэс өнөөдрийг эргэн харвал тухайн үед залуу байж. Шинээр олон юм сэтгэж хийхийг эрмэлзэж, оролдож, туршдаг байжээ. Би инженер хүний толгойд юу байдгийг эх орондоо харуулах юмсан гэсэн чин хүсэлтэй байв. Ийм л бодол намайг өдий зэрэгтэй хийж бүүтээхэд нөлөөлсөн байх. Тухайн үед Монголын барилгын салбарт металл хийцийн үйлдвэр гэж байгаагүй. Харин 1985 онд төр засаг Монголын барилгын төмөр хийцийн үйлдвэрийг анх байгуулж өгч байсан. Тэр үед сантехникийн нэгдсэн үйдвэрээс шилжиж ирээд, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн түүхтэй.
-“Ган хийц” компани барилгын төмөр хийц, бетон тулгуур, хадаас, нимгэн төмөр хийц эдлэл зэрэг есөн үйлдвэртэй. Барилын салбарт юу дутагдаж байгааг мэргэжлийн хүний нүдээр гярхай харж эдгээр үйлдвэрээ байгуулсан байх?
-Ямар ч ажлыг хийгээд ирэхээр танд юу хэрэгтэй байна.
Ямар зүйл дутагдаж байгааг харж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, орчин чухал гэсэн үг. Бид өглөө бүхэн ажилдаа явахдаа гудамж, зам, талбай ер нь орчин тойронд маань учир дутагдалтай олон зүйлийг олж хараад түүнийг яавал сайжруулж болох вэ гэдэг асуултыг өөртөө тавьж амьдрах хэрэгтэй юм шиг. Би Улаанбаатар хотын гэр хороололд байдаг учир хаана, юу хийж болохыг төвөггүйхэн хардаг. Энэ бүхэнд мэдээж миний мэргэжил нөлөөлдөг байх. Гэр хорооллын гэрлийн шонгуудыг хэдий модоор хийсэн ч эвдэрч, хэмхэрдэг. Эсвэл салхи шуурга болоход хугараад уначихдаг. Ингээд нөгөө айлууд нь цахилгаангүй болох зовлонтой асуудалтай тулгардаг байв. Мөн би Баянхошуунд амьдарч, ажилладаг байхад тэр хавийн ой мод нүдэн дээр минь сүйдэж байсан. Гэр хороололд шон тавихын тулд гурван мянган гуалин бэлтгэх тендер тухайн үед зарлагдаж байсан. Ёстой даанч дээ гэж харуусч байлаа. Тухайн үед гэрлийн шонг дэлхий нийтээр бетон шонгоор хийж болоод байхад бид яагаад чадахгүй гэж гэсэн бодол төрсөн юм.
-Бетон шон үйлдвэрлэх санаа ингэж төрж байжээ?
-Тийм ээ. Одоо Улаанбаатар хотын эрчим хүчний шонг хангах үйлдвэрийг хотод, ой модгүй зүүн бүсийн эрчим хүчний тулгуурыг хангах үйлдвэрийг зүүн бүсэд нь байгуулсан. Өөрөөр хэлбэл, ой модоо байгалиа хамгаалахын тулд төртэйгөө тэрсэлдсэн үйл ажиллагаа явуулж байж өнөөгийн энэ амжилтад хүрсэн. Үйлдвэрүүдээ байгуулах энэ бүх санаа эргэн тойрны амьдрал, орчноос л гарч ирсэн. Товчхондоо инженер хүний толгойд үүнийг яагаад ингэж хийж болдоггүй юм бэ гэдэг бодол байнга байдаг нь эдгээр үйлдвэрийг байгуулахад ч нөлөөлсөн.
-Таныг бизнес сэтгэлгээтэй хүн гэлцдэг. Өнөөдрийг хүртэл компаниа тогтвортой авч явна гэдэг амаргүй ажил. Эдийн засгийн хүнд үеүдэд магадгүй таны бизнес сэтгэлгээ нөлөөлсөн байх?
-Би Баянхошуунд ажиллаж, амьдардаг байсан гэж хэлсэн. Тэр хавийн айлууд ер нь хаа сайгүй айл бүхэн мах идээд ясаа гаднаа хаядаг байсан үе. Тэр ясыг яах ёстой вэ гэж боддог байлаа. Тэгээд ясны гурил хийгээд экспортод гаргах хэрэгтэй гэж бодсон. Тухайн үед хоёр инженерээ дагуулаад хятад явж үйлдвэрийг нь очиж үзэхэд санаанд багтсан. Ирээд анхны ясны гурилын үйлдвэрийг байгуулаад амжсан. Тэр үед манай үйлдвэр 600 тонн ясны гурилыг гадаадад гаргасан байдаг. Би 1993-1995 онд хөл дээрээ бүрэн зогсч чадсан.
-Шуудайны үйлдвэр хүртэл байгуулж байсан гэсэн?
-Айл бүхэн гурил хэрэглэдэг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Монголчууд гурилаа үйлдвэрлэх гэж байгаа юм бол шуудай хэрэгтэй гэж бодсон. Ингээд 2.5 сая шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын шуудайны үйлдвэр байгуулсан юм. Айл бүхэн хэрэглэсэн шуудайгаа түлдэг эсвэл хаядаг байв. Тэр болгоныг худалдаж аваад цэвэрлэн дахин боловсруулж гурилын шуудай үйлдвэрлэдэг болсон. 2005-2008 онд Улаанбаатар, Дорнод, Сэлэнгийн гурил тэжээлийн үйлдвэрээс гадна гурилын 32 үйлдвэр манайхаас шуудайгаа авдаг байсан. Үүнээс харахад манайд баялаг байна уу гэвэл байна. Үнэндээ бол хогон дотор алт байдаг юм. Бид олж харж чадвал боломжгүй зүйл гэж үгүй. Нэг тонн ясыг 17 мянгаар худалдаж аваад ясны гурил хийгээд 100 ам.доллараар зардаг байсан нь ашгаа өгсөн.
-Та одоогоор 170 хүнийг ажлын байраар хангаж, тэдний нийгмийн асуудлыг нь шийдэж тогтвор суурьшилтай ажиллуулж байна. Харин үүнд төр ямар нэг хэмжээгээр дэмжлэг үзүүлж байна уу?
-Барилгын улирал эхлэхээр 340 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Ер нь төр надад саад болохгүй л байгаасай гэж боддог. Үлдсэнийг нь би өөрөө хийж чадна гэсэн бодолтой явдаг.
-Тэгвэл санхүүгийн хувьд тусламж авч байгаагүй гэсэн үг үү?
-Би 2013 он хүртэл түрээсийн нэг ч юм гуйж байгаагүй. Гуйх хэрэгцээ, шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл би хүний нүд хуурсан чанаргүй бүтээгдэхүүн хэзээ ч үйлдвэрлэж байгаагүй. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь богино хугацаанд иргэдийн итгэлийг олж богино хугацаанд олонд танигдсан. Ингээд ирэхээр мөнгө санхүүгийн хувьд эргэлт ч сайтай болдог. Нөгөө талаас би олсон ашгаа дэмий зүйлд зарцуулж байгаагүй. Зөвхөн дээрх есөн үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулалт хийдэг байсан нь өнөөдөр ач тусаа өгөөд явж байна. Би бүх зүйлийг өөрөө шийдэхийг хичээж байсан, одоо ч шийдэж байна.
-Боловсон хүчний хувьд ямар бодлого барьж ажилладаг вэ?
-Ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахад хүчтэй бодлого явуулах ёстой гэж боддог. Төр ямар байх нь надад хамаагүй. Би компанийнхаа 73 хувийг эзэмшдэг. Түүнийхээ 22 хувийг одоо ажиллаж байгаа инженер, албан хаагч, ажилчиддаа хувааж өгдөг. Надад 51 хувь нь хангалттай. Жилийн эцэст би авах ашгаа тэр хүмүүст хуваарилж өгдөг гэсэн үг. Энэ жил манай компани нэг хувьцаандаа 100 төгрөг өгсөн. Дараа нь 500 төгрөг болгох бодолтой байгаа. Хоёр мянган хувьцаа авсан хүн 500-гаар бодоход жил бүхэн нэг сая төгрөг авах болно. Үүгээр үнэнч, шударга, сэтгэлээсээ ажиллах боломжийг бүрдүүлж байгаа гэж боддог. Мөн ажилчдынхаа нийгмийн хангамж руу чиглэсэн ажлуудыг хийхийг хичээдэг. Манай компанийн ажилчдын ихэнх нь залуус. Тиймээс ойрын 2-3 жилийн дотор тэдний хүүхдүүдэд цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа. Эрүүл мэндийн хувьд ч анхаарч нэлээдгүй зүйлийг төлөвлөөд байгаа.
-Бизнес эрхэлж байгаа хүнд өөрийн гэсэн баримталдаг зарчим байдаг. Таны хувьд?
-Би салбар салбар руу дайрах дургүй. Зөвхөн чи юу хийж чаддаг түүнийгээ л хий. Хийж чадахгүй зүйлийнхээ төлөө аль нэг салбар руу дайраад бусдад битгий саад болж амьдар гэж хэлдэг. Би эх орондоо хийж чадах ажлаа хийхийг л зорьдог. Хэн нэгэн амжилттай сайн ажиллаж байхад би түүнийх нь дундуур орохыг хүсдэггүй. Энэ миний алтан зарчим.
-Нэгэнт барилгын салбарын хүнтэй ярьж байгаа болохоор барилгын салбарын хөгжлийн талаар сонирхож байна?
-Монгол Улс барилын материалынхаа 99 хувийг гадаадаас авдаг байсан. Барилгын салбар гэхээр зөвхөн байшин барих гэж ойлгож болохгүй. Энд барилгын материалаа эх орондоо үйлдвэрлэх асуудал гол нь яригдах ёстой юм. Бид барилгын салбарыг хөгжүүлэх тухай ярьсаар ирсэн. Одоо ч ярьж байна. Гэхдээ одоо хэрэгжүүлж байгаа нэг ажил нь барилгын материалын үйлдвэрүүдээ эх орондоо байгуулахын тулд урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжиж байгаа явдал. Өөрөөр хэлбэл, барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэхийн тулд мастер төлөвлөгөө боловсруулаад Засгийн газраар батлуулах болсон. Ингэснээр барилгын материалын үйлдвэрүүддээ урт хугацааны бага хүүтэй зээл өгч байна. Энэ нь барилгын хөгжлийн асуудалд их түлхэц болсон. Асуудлыг ингэж шийдсэнээр барилгын материалын шинэ эрин үе эхэлж байна гэж болно. Товчхондоо хэн нэгнээс хараат болж байгаа юм. Арилжааны банкны өгсөн зээлээр үйлдвэрээ өргөтнө гэвэл боломжгүй. Тухайлбал, энэ ажлын хүрээнд “Ган хийц” компани үйлдвэрүүдийнхээ тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлыг ч эхлүүлээд байгаа. Үйлдвэрээ өргөтгөж, тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Шинэчлэлийн ажил дууссаны дараа холбогдох албаны хүмүүст ямар зүйлд хөрөнгө оруулалт хийснээ бодитоор нь харуулхаар ажиллаж байна. Учир нь төрөөс авсан мөнгөөрөө юу хийсэн нь мэдэгдэхгүй бол хэнд ч хэрэггүй шүү дээ.
-Төр дэмжээд барилгын материалын үйлдвэрийг олноор байгууллаа. Тэд ч импортыг орлох бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр байх нь гарцаагүй. Гэтэл нөгөө зах зээл нь яах вэ. Урдаас барилгын материал зөөсөөр байгаа урсгалыг төр бодлогоор зохицуулах хэрэгтэй байх?
-Төр Монголдоо үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг дотоодоосоо авах тухай ярьсаар байгаа. Үүнтэй холбоотой нэг асуудал ярих болсон. Хэрэв тендерт оролцож буй компани эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэвэл давуу эрх эдлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Улаанбаатар хотын захиргаа үүнийг мөрдөж эхэллээ. Гэхдээ энэ асуудлыг 5-6 жилийн өмнө ярьж байсан юм. Харамсалтай нь төр хэрэгжүүлэхгүй явсаар өнөөг хүрсэн.
-Томоохон аж ахуйн нэгжийн хувьд ийм зохицуулалт хийж байгаа ч иргэдийн хувьд бас төрийн бодлого үгүйлэгдэж байх шиг?
-Өнөөдөр хүмүүс Эрээнээс авчирсан барилгын материалыг авсаар л байна. Монгол хүн юмыг хоёр удаа хийдэг гэж ярьдаг. Хараад байхад заавал хоёр удаа хийдэг шүү. Тухайлбал, манайхтай ижил бүтээгдэхүүнээрээ хийж угсарсан барилгад гал түймэр гарсан тохиолдол цөөнгүй. Хэрэв тэд “Ган хийц”-ээс өнөөдрийн үнээр аваад хийлгэсэн бол ядаж хариуцлага тооцох эзэнтэй байх байв. Өнөө маргаашийн үнийн хямдыг бодоод чанаргүй газраас худалдаа хийдэг. Тэр нь хэдэн жилийн дараа гал гарах эсвэл ямар нэг байдлаар хохирол учруулдаг. Ингээд дахин түүнийгээ засах ажилтай болдог. Нөгөөтэйгүүр одоохондоо хүмүүсийн халаасан дахь мөнгө бага байна. Тиймээс хөл дээрээ бостлоо мууг нь аваад хэрэглэж байг. Харин ухаан суугаад хөгжөөд ирэхээр эндхийн чанартай бүтээгдэхүүнээ авах болно. Энэ бүхнийг өөрөө өөрийнхөө биеэр мэдэрч байж л ойлгох байх.
-Нэг үеэ бодвол манайд барилга, байшин их сүндэрлэх болсон. Гэхдээ барилга их барьж байгаагаар улс, нийгмийн хөгжлийг тодорхойлохгүй гэж үзэх хүмүүс ч бий?
-Аливаа нэг улсын хөгжлийг бүтээн байгуулалтаар нь шийддэг. Бүтээн байгуулна гэдэг өөрөө барилгын материалаа үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ байшин барьж бүтээн байгуулалт хийхийг хэлж байгаа юм. Барилга байшингүй, бүтээн байгуулалтгүйгээр улсын хөгжлийг харах ямар ч боломжгүй. Тиймээс энэ асуудлыг тусд нь ойлгох юм биш. Монголын хөгжил, бүтээн байгуулалтын асуудлыг барилгын салбараас салгаж ойлгож болдоггүй.
-Бид байшингаа бариад л бүтээн байгуулалтаа хийгээд л байх хэрэгтэй гэж ойлгоход эхлүүлээд орхисон олон барилга бий. Үргэлжлүүлээд барих эсэх нь тодорхойгүй тэдгээр барилгыг яах ёстой юм бэ?
-Газар аваад гурван жилийн дотор хашаа хатгаад, нүх ухаагүй бол газрыг нь хурааж авна гэсэн хууль манайд байдаг. Тэгэхээр хүн авсан газартаа нэг нүх ухаад, хэдэн шон хатгаад орхичихдог. Хэзээ байшин барих нь хамаа байхгүй. Харин тухайн үед тэр хүнд байшин барих хөрөнгө байсан уу гэвэл бараг үгүй. Тэрхэн хугацаанд газраа булаалгахгүйн тулд тийм арга хэмжээ авсан хэрэг. Харин дараа нь тухайн газраа худалдвал үнэд хүрнэ гэх зэргээр элдэв зүйл бодож эхэлдэг. Монгол Улс Улаанбаатар хот эрх зүйн тухайн хуульдаа ерөнхий төлөвлөгөө гэдгийг хуульчлан батлах байсан юм. Яг ямар хэмжээтэй газар хэдэн давхар байшин барина гэдгээ хуульчлаад баталгаажуулсан бол тэр газарт хэзээ ч хэн ч өөр зүйл хийж болохгүй гэсэн үг. Ийм хууль эрх зүйг Их хурлаар батлуулаад хуульчилж, тогтоогоогүйгээс дуртай хүн нь газрыг авч, хүссэнээ хийж байна.
-Тэгээд одоогийн байдлаас харахад нөгөө газраа авах гээд л өчнөөн мөнгө амлаж байгаа төрийн өрөвдөлтэй дүр зураг харагдаж байна?
-Төр газраа буцааж аваад том барилга барихын тулд ийм л байдал үүсээд байгаа. Үнэндээ худалдан аваад байгаа тэр мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө. Газар хувьчлалыг хийхдээ гаргасан гол алдаа нь ердөө энэ байсан юм. Газар хувьчлахдаа хотын ерөнхий төлөвлөгөөг батлуулаад Улаанбаатар хотын ийм газруудыг хувьчлахгүй. Харин эзэмшүүлнэ гэх ёстой байсан. Эзэмшүүлэхдээ энэ газар дээр хувийн байшин барих гэж байгаа бол 15, 20 жилийн дараа төр өөрөө байшингаа барих юм. Тиймээс энэ хугацааны дараа танд мөнгө төлөхгүй. Та эзэмшиж болно, өмчлөхгүй шүү. Төр барилгаа барихдаа дуртай үедээ нураана гэдгийг анхааруулаад гэрээ хийх ёстой байсан юм. Гэтэл тэгээгүй. Өмч хувьчлалаар хүн бүхэнд газраа тараачихвал амьдрал нь дээшилнэ гэж бодсон. Гэтэл өнөөдөр төрд цэцэрлэг барих ч газар олдохгүй байна. Учир нь төр толгойгоо ажиллуулаад тэр ажлыг хийгээгүй. Өнөөдөр нэг жижиг газар амбаар барьчихаад 200 саяыг нэхээд суух хүмүүсийн аманд төр өөрөө орж байна. Энэ алдаа нь улс орныг маань тамирдуулж байна.
-Тэгэхээр таны бодлоор төр гаргасан алдаагаа яаж засах ёстой болж байна вэ?
-Өмчилсөн, хувьчилсан газруудынхаа бодлогыг эргэн нэг хараад үзэх хэрэгтэй. Газар хувьчлах асуудлыг ярихдаа 10, 20 жилийн дараа ийм болно гэсэн ерөнхий төлөвлөгөөг хуульчлаад гаргаж, батлах шаардлагатай.