


Экспертийн үг
Эдийн засгийн шинжээч Ө.Ганзориг: Төгрөгт итгэх итгэлийг сэргээх бодлого хэрэгтэй -Яг одоо 18.5 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 5.6 их наяд төгрөг нь доллараар байршиж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн хоёр тэрбум ам.долларыг Монголбанк өөр дээрээ хадгалж байна. Монголбанкны валютын нөөцийн хоёр тэрбум ам.доллар нь аль хэдийнэ цаанаа эзэнтэй гэж ойлгож болох юм. Хэрэв валютын нөөцөө нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах зорилгоор төгрөгийн ханшийг цаашид сулласаар байвал дөнгөн данган бидний тогтоон барьж байсан иргэдийн итгэл эргээд нурна. Төгрөгөөр хадгалагдаж байгаа 13 их наяд төгрөг долларт хөрвөх гэж зүтгэвэл 4.7 тэрбум ам.доллар Монголбанкинд нэмээд хэрэгтэй болно. Энэ үед Монголбанкны зүгээс долларын онц хэрэгцээгүй хүмүүс мөнгөө ам.доллар болгох гэж зүтгэх хэрэггүй шүү гэж хэчнээн ч ярилцлага өгөөд хэрэггүй. Хүний иррационал хүлээлтийг ямар ч математик моделоор томъёолж болдоггүй. Яагаад одоо төгрөгийн ханш сулрахыг хараад зүгээр сууна вэ. Би 2017 онд Монголбанкныханд “2011-2012 онтой адилхан зүйл давтагдах нь. Импортод доллараа алдахаас сэргийлж төгрөгийн ханшаа сулруулж иргэдээ ядууруулах нь зохимжгүй тул Монголбанк Сангийн яам хамтран татвар, квотын гэх мэт өөр аргачлалаар үүнээс урьдчилан сэргийлмээр байна аа” гэж анхааруулж хэлсэн. Ямар ч арга хэмжээ авагдаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд бид хүрээд байна. Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин: Гадаад валютын нөөц урт хугацаандаа тогтворжино -Сар шинийн баярын өмнө валютын үнэ өсдөг. Энэ үеэр гаднаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэгтэй холбоотой. Валютын ханшийн богино хугацааны огцом өөрчлөлтийг хязгаарлах тухайд Төвбанкнаас ямар арга хэмжээ авч байна вэ? -Монголбанкнаас он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш 3.4 хувиар өсөөд байна. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч байгаа мөнгөний урсгалаас их байсан. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарлаа. Манай улс руу орж буй мөнгө нь өссөн үзүүлэлттэй байснаар гадаад валютын нөөц нэмэгдэж 4.2 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт багтдаг. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн нь 2019 оны төгсгөл рүү ханш өсөхөд голлон нөлөөлөв. Банк хоорондын захад долоо хоног бүрийн хоёр дахь, дөрөв дэх өдөр дуудлага худалдаа явуулж, валют нийлүүлдэг. Он гарснаар хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 72.2 сая ам.доллар нийлүүлсэн. Тэгэхээр нэг талаас нөөцийг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг авахаас гадна ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор банк хоорондын захад интервенци хийсэн. Мөн гадаад хөрөнгө оруулалт, худалдааг тогтвортой байлгахаар ажиллаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.23 ПҮРЭВ № 15 (6240)