Б.НАМУУНТАМИР
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд энэ оны ажлаа тайлагнаж, зээлийн эргэн төлөлтийн хүрээнд хийгдсэн шинэчлэл, банкны бүтэц, зохион байгуулалтын бодлого журмын шинэчлэлийг танилцууллаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Засгийн газар, Үндэсний аудитын газраас шалгалт хийж, чиг үүргийн давхардал арилгах чиг үүрэг өгчээ. Үүний дагуу Хөгжлийн банк бүтцийн өөрчлөлт хийж анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулжээ Энэ оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэж, тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулж, таван сарын хугацаанд 3.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин Монгол Улсын Хөгжлийн банк ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна. 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа. Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбум төгрөгийн төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг. Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Түүнээс гадна прокурорын байгууллагад найман зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна. Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна. Хөгжлийн банкны бүтэц данхар 157 ажилчинтай байсныг бууруулж, 140 ажилтантай болгож, дөрвөн газар, 11 хэлтэс ажиллаж, орон тоо, чиг үүргийн давхцалуудыг нэгтгэсэн. Ингэж тоо цөөлснөөр 3,1 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Зөвхөн цалингийн сангаас гэхэд 460 сая төгрөгийг хэмнэсэн байна. Цаашид хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн боловсон хүчнийг ажилд авах, олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтрах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, цалин хөлсний системд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Түүнээс гадна зээл, эрсдэлийн удирдлага, чанарыг сайжруулах, түргэн шуурхай болгох, зээл хүсэгчид тодорхой болгох зорилгоор засаглалын чиглэлд хэд хэдэн шинэчлэл хийсэн” гэв.
Энэ онд төсөл хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314.7 тэрбум, цахилгаан хий, агааржуулалтын салбарт 107.2 тэрбум, уул уурхайн салбарт 83.8 тэрбум, бусад салбарт 113.7 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.
Хөгжлийн банк нь хүний нөөцийг чадваржуулах, Олон улсын банк, болон санхүүгийн байгууллагуудтай ажилтан солилцох гэрээ байгуулах, Төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлэхээр ажиллаж буй аж. Түүнчлэн Хөгжлийн банк нийт 353 тэрбум зээлийн нөхцөлийг өөрчилжээ. Үүнийг тайлбарлахдаа бизнес нь явж байгаа, мөнгөн урсгал нь батлагдаж байгаа зээлийг дэмжих үүднээс зээлийн нөхцөлийг өөрчилж, зээлийг тодорхой хугацааны дотор төлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг онцолж байлаа.
Мөн уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж буй аж. Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын ААН-үүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттайгаар шийдвэрлэх, эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэн дэмжиж байгаа аж. Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Хөгжлийн банк 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгожээ. Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг, найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм байна.
Хөгжлийн банк уул уурхайн бус, эдийн засгийн үр өгөөжтэй, экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна. Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх, эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэн дэмжиж ирсэн. Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Хөгжлийн банк 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгожээ.
Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг, найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм.
Харин охин компанийн хөрөнгө оруулалтын талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компани тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Ди Би Эм лизинг” компаниудыг байгуулан ажиллаж байна. Тус хоёр компанийн хувьд тухайн салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалт түрээсийн үйлчилгээг үзүүлж байгаа. ОХУ-ын ерөнхийлөгчийн манайд хийсэн дөрөв дэх айлчлалийн үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийг ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компанийн хооронд хийсэн. “Ди Би Эм лизинг” компани нь Монголдоо хамгийн том тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Атрын 3-р аяны хүрээнд зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран 20 гаруй сая ам.долларын 835 тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр олгосон. “Ди Би Эм лизинг” ХХК нь 11 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг 100.0 тэрбум төгрөг болгож нэмэгдүүллээ. Мөн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын банктай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацитай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Мөн Азийн хөгжлийн банк, хотын захиргаа Хөгжлийн банк , арилжааны банкнууд орон сууц худалдан авах иргэдийн хамтарсан 570.1 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Монгол Улсын Хөгжлийн банк нь цаашид активын чанар, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тэргүүлэх салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг төрөлжүүлэхэд чиглэсэн ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.27 БААСАН №257 (6224)
Г.Амартүвшин: Хөгжлийн банк бүтцийн өөрчлөлт хийж 3.1 тэрбум төгрөгийг хэмнэсэн
2019-12-27
Нийтэлсэн: Админ
 1 мин